Covid-19 ийг илрүүлэхэд төвөгтэй байна

ЗГМ: Сэдэв
  • ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Манай улс одоогоор 21 төрлийн вирусийг алдаагүй илрүүлж байгаа. Халуурсан хүн бүрийг сэжигтэй гэж хардахаас илүү явсан зам мөрөөр нь тандаж байна. Манай эмнэлэгт гадаадад мэргэжил эзэмшсэн сайн вируслогич эмч нар ажилладаг. Тэдэнд итгэх хэрэгтэй"
  • Монгол, Лаос, Бангладеш, Мьянмар зэрэг улсад халдвар бүртгэгдээгүй нь олон улсын байгууллагынх­ныг ч эргэлзэхэд хүргэсэн тухай мэдээлэл цацагдах бол­лоо. Оношилгоо, эмчилгээ муу хөгжсөн улсууд халдварыг илрүүлж чадахгүй байна гэх хардлага төрүүлж буй

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай COVID-19 вирусийн халдвар дэлхийн 25 оронд бүртгэгдээд байна. Хятадын Хубэй мужид тархалтын байдал тогтворжсон ч хорио цээрийн дэглэмээ улам чангатгажээ. Учир нь уг вирус хүний биеэс ялгарч буй хөлс, шүлс, шээс, өтгөн гээд бүхий л зүйлээр дамжин халдварлаж, ямар ч эд зүйлийн гадаргуу дээр амьдарч байгаа нь голомтын бүсэд ажиллаж буй эмч нарт том сорилт болов. Өчигдрийн 10:00 цагийн байдлаар 73331 хүн коронавирусийн халдвар авч, 1872 нь нас баржээ. Нийт халдварын 86 хувь нь 30-79 насныхан байгаа бөгөөд тэдний 80.9 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байна гэсэн мэдээллийг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өглөө. Голомтын бүсэд ажиллаж буй 1700 гаруй эмч халдвар авснаас зургаа нь нас барсан харамсалтай мэдээ олон улсад тархлаа. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг улс орнуудад зөвлөж байгаа юм. COVID-19-ийг оношлоход тун ярвигтай байгаа талаар эмч нар хэлэх болсон. Гурван удаа шинжилгээ авахад илрэхгүй байх тохиолдол халдвар илэрсэн зарим оронд ажиглагджээ. БНХАУ л гэхэд эцэстээ компьютер томограф ашиглан илрүүлэхээс өөр аргагүйд хүрснээ зарласан. Өндөр хөгжилтэй орнууд оношлуурт бүрэн дүүрэн итгэхгүй байгааг ч та бид хөндлөнгөөс харж байна. Тиймээс манай улс халдвартай байж болзошгүй гэж үзсэн хүмүүсийг зөв оношилсон эсэхэд эргэлзэх хүмүүс байна. Уг виурсийн халдварын нууц үе зарим тохиолдолд 21 хоногт илрэхгүй байх нь ч бий аж. Иймээс тандалт, асуумжаар сэжигтэй байж болзошгүй гэсэн иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлах хэрэгтэй аж. Уг вирусийг оношилсны дараа эмчлэхэд бас шаггүй хүндрэл учирч байна. БНХАУ одоогоор 80 гаруй төрлийн эмнэл зүйн судалгаа хийж, эмчилгээнд туршаад байгаагаас 15-ынх нь үр дүн боломжийн гэж үзжээ.

САНАЛ БОЛГОХ