Алдарт Circue Phenix-ийн шинэ бүтээл NOMADE шоуны тайзнаа араг, савраар жонглёрдоно

ЗГМ: Сэдэв


Дэлхийн циркчдийн хөл тавих хүслэн болсон тайзнаа Монголын циркийн урлагийн хөгжлийг таниулаад зогсохгүй дэлхийн үзэгчдэд нүүдэлчдийн ахуй соёлыг хажуугаас нь харах боломж олгох юм. Таван ханатай иж бүрэн гэрийг дөрвөн минутад барьж үзүүлнэ Эрт цагт ихэс дээд­сийг зугаа цуу­лахаар албат, хамжлагуудынх нь бодож олсон алиа хошин гараа, элдэв илбэ жилбийн үзүүлбэрүүд яван явсаар XVIII дугаар зууны эхэн үед урлаг болтлоо хөгжсөн нь өнөөгийн цирк гэгддэг. Араатан амьтдаас авахуулаад элдэв эрсдэл дагуулсан үзүүлбэрээр үзэгчдийг хөгжөөн цэнгүүлсээр ирсэн урлагийн эл төрөл орчин үед онхи ондоо болж, илүү энэрэнгүй, хүнлэг байдлыг эрхэмлэх болжээ. Тухайлбал, зэрлэг хийгээд тэжээвэр амьтдыг циркийн урлагт ашиглахыг дэлхий дахин эрс эсэргүүцэх болсон төдийгүй Европын орнууд араатан амьтдын эрхийг хамгаалахаар энэ асуудлыг хуульчилж эхлээд байна. Саяхан олон нийтийн сүлжээнд чамгүй газар авч, олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал үүнийг гэрчлэх аж. Дани улсад энэ оны сүүлээс амьтдыг зугаа цэнгэлийн зорилгоор ашиглахыг хориглосон хууль хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хүрээнд тус улсын засгийн газар циркийн болоод амьтны хүрээлэнгийн амьтдаа төсвийн хөрөнгөөр худалдан авч, хамгаалалтад авч эхэлсэн. Түүнчлэн, ХБНГУ­ын циркчид ч торонд “хорьсон” амьтдаа чөлөөлж, холограмаар орлуулж эхэлсэн нь саяхан. Товчхондоо хүн төрөлхтөн хөгжилдөх, зугаацах арга хэлбэрээ өөрчилж байна.Тэгвэл нэг ч араатан амьтангүй хэр нь дэлхий дахины циркийн урлагийн төв болтлоо хөгжсөн Францын алдарт Circue Phe­nix­-ийн тайзнаа Монголын циркчдийн төлөөлөл шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах гэж байна. “Хаан” банкны дэргэдэх Angels циркийн уран бүтээлчид болоод Үндэсний урлагийн их театрын дуучид, хөгжимжид, бүжигчдээс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гурван сарын турш Франц орноор аялан тоглох бөгөөд энэ хүрээнд Монголын циркчид Circue Phenix­ийн тайзнаа анх удаа хөл тавих аж. Энэ оны арваннэгдүгээр сарын 23­-наас ирэх оны хоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх тэдний аялан тоглолтын оргил нь уламжлал болон зохиогддог Circue Phe­nix тоглолтын тайз байх бөгөөд Nomade du circue de Mongolie гэх нэрийн дор хоёр цагийн турш монгол циркчдийн авьяас билгийг таниулахын дээр нүүдэлчин түмний ахуй амьдрал, өв соёлыг илтгэсэн шилмэл үзүүлбэрүүдээ толилуулах гэнэ. Тухайлбал, Angels циркийн уран бүтээлчид долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр нумтай уран нуга­ралтын үзүүлбэрээ толилуулах бол Үндэсний урлагийн их театрын дуучид уртын дуугаа дээжлэн сонирхуулж, бүжигчид нь Жороон жороо тэргүүтэй үндэсний бүжгээр үзэгчдийг цэнгүүлэх аж. Тэр ч бүү хэл 6000 хүний суудал бүхий Circue Phe­nix-­ийн тайзнаа таван ханатай иж бүрэн гэрийг дөрвөн минутад барьж, улмаар үндэсний өв соёлын дээд болсон монгол гэрээ орчин үеийн циркийн үзүүлбэртэй хослуулан ашиглах аж. Түүнчлэн, жонглёрын хэрэгсэл нь хүртэл нүүдэлчдийн өдөр тутмын ахуй амьдралыг илтгэх саалийн хувин, араг савар, тогоо шанага, ташуур тэргүүтэн байх аж. Энэ мэт дэлхийн циркчдийн хөл тавих хүслэн болдог алдарт Circue Phenix­ийн тайзнаа монгол циркчид гарч, Монголын циркийн урлагийн хөгжлийг таниулаад зогсохгүй дэлхийн үзэгчдэд нүүдэлчдийн ахуй соёлыг хажуугаас нь харах боломж олгох гэнэ.


САНАЛ БОЛГОХ