Улс төрийн мэдрэмжгүй төсөв боловсруулсан гэж шүүмжилжээ

Засгийн газар

"Орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг хэлэлцэх хэрэггүй байж" гэв

Төсөв тойрсон хэлэлцүүлгээс болж УИХ дахь МАН-ын бүлгийн “цаг агаар” таагүй байна. Засгийн газраас өргөн барьсан 2016 оны төсвийн тодотголд найман төрлийн татварыг нэмэгдүүлэх талаар тусгаад байсан юм. Гэвч үнэмлэхүй олонхоос бүрдсэн Засгийн газар парламентаас ирэх анхны эсэргүүцэлтэй тулгарсан нь энэ байлаа. Лхагва гарагийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын энэ хэсгийг Засгийн газарт буцаах шийдвэр гаргасан тул пүрэв гарагт МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлахад хүрлээ. Гэвч тус намын бүлэг тодорхой шийдвэрт хүрч чадсангүй. Ямар ч байсан төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулахгүй, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг олгохгүй, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд өгнө гэдгээс өөр тоймтой мэдээллийг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа өгсөнгүй. Харин маргааны гол сэдэв болсон татварын нэмэгдлүүдийн талаар долоон цагийн турш хаалттай хаалганы цаана хуралдсан МАН-ын бүлгийнхэн нэгдсэн санал хүрч чадсангүй тарцгаажээ.

Ямар ч байсан Засгийн газар төсвийн тодотголоор боловсруулсан төслөө эргүүлэн татахгүй, МАН-ын бүлэгтэй хамтран засвар оруулахаар болсон байна.

МАН төсвийн тодотголыг хийхдээ төсвийн сахилга батыг яруу тодоор харуулах ёстой

Харин эх сурвалжийн өгсөн мэдээллээр МАН-ын бүлгийн хуралдаан тун ширүүн уур амьсгалд болсон аж. Эдийн засаг хүнд, аж ахуйн нэгж, иргэдийн орлого тааруу байхад татвар нэмж төсвийн дутуу эх үүсвэрээ нөхнө хэмээн шийдсэн Засгийн газрын бодлогыг зад шүүмжилсэн байна. УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан тэд өдийд иргэдийнхээ халаас руу гар дүрэх биш улс орны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж эхэлж байх учиртай. Гэтэл МАН-д өнөөдөр улс орноо удирдах ямар ч тодорхой хөтөлбөр байхгүйн дээр татвар нэмэх, цалин хасах гэхчлэнгийн зүйл ярьж байгаа нь сонгогчдын байтугаа өөрсдийнх нь толгойд байгаагүй юмсыг Засгийн газар сэдсэнд сул гишүүд нь гайхшаа барсан аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МАН сонгуульд ялсан өдрөөс эхлэн манай намын жаргал дууссан шүү гэдгийг сануулжээ. Тиймээс Засгийн газар биеэ өмөөрч, буруу үйлдлээ зөвтгөхийн оронд алдаагаа засахыг сануулсан байна. Тэр тусмаа Засгийн газрын боловсруулсан төсөл улс төрийн хэт мэдрэмжгүй, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах зүйлүүд байгааг буруушаасан байна. Бүр орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг хэлэлцэх нь буруу шийдвэр боллоо хэмээн бодох болсноо архаг парламент ч бүлгийн хурал дээрээ хэлсэн гэнэ. Тиймээс МАН-ын удирдлагууд шат шатандаа улс төрийн мэдрэмжтэй байхыг зөвлөсөн байна.

Мөн Засгийн газар нь УИХ дахь бүлэгтэйгээ зөрчилдсөн байдлаар ажиллах нь хоёр нам ажиллаж байгаа мэтээр олон нийтэд харагдаж байна гэдгийг тэрбээр шүүмжилжээ.

» УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МАН сонгуульд ялсан өдрөөс эхлэн манай намын жаргал дууссан шүү гэдгийг сануулжээ.

» Засгийн газар нь УИХ дахь бүлэгтэйгээ зөрчилдсөн байдлаар ажиллах нь хоёр нам ажиллаж байгаа мэт олон нийтэд харагдаж байна.

» Засгийн газар улс төрийн цэвэр тактикийн алдаа гаргалаа.

Тухайлбал Засгийн газрын саналыг бүлэг нь унагах тохиолдол гарсан юм. Бүр зарим гишүүн нь зохион байгуулалттайгаар ажиллаж Байнгын хороон дээр Засгийн газрын эсрэг зүйл ярьж, оруулж ирсэн асуудлыг нь унагасан хэмээв. Энэ нь төсвийн тодотголтой холбоотой холбогдох Байнгын хорооны шийдвэрийг хэлсэн бололтой. Тиймээс цаашид Засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа мэдрэмжтэй байж, УИХ дахь бүлэгтэйгээ хамтарч ажилла хэмээн зөвлөсөн гэнэ. Ингэж ярихдаа тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар цалин хасах тухай санал оруулж ирснийг жишээ болгон татсан аж. Тухайн үед МАН-ын бүлэг Засгийн газрын саналыг унагаж байсан бөгөөд энэ явдлыг одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн яагаад санаагүйг шүүмжлэхээ Ц.Нямдорж мартаагүй байна.

МАН-ын бүлгийн гишүүд мөн Засгийн газар олон нийтээс ирж буй шүүмжлэлд хэвлэл мэдээллийг буруутай хэмээн үзэж байгаа нь буруу шүү гэж сануулсан аж. Хэвлэлийнхэн угаас сөрөг хүчний талд ажилладаг, болж буйг мэдээлэхээс гадна буруу зүйлийг илчилж гаргах нь тэдний үндсэн үүрэг тул өөрсдийн мууд авч буй шүүмжлэлээ "хэвлэлээс боллоо" гэж хэлэхгүй байхыг сануулсан гэнэ.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн тодотголд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхийн сацуу улс төрийн хувьд томоохон алдаа гаргасан хэмээн дүгнэв. Тэрбээр “Засгийн газар улс төрийн тактикийн цэвэр алдаа гаргалаа. МАН төсвийн тодотголыг хийхдээ төсвийн сахилга батыг яруу тодоор харуулах ёстой байсан. Гэвч ингэж чадсангүй. Орон нутгийн сонгуулийн өмнө намынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг төсвийн тодотголд боловсруулсанд харамсаж байна. Үүнийг засах хэрэгтэй” гэсэн аж.


САНАЛ БОЛГОХ