Эдийн засгаа “эдгээвэл” халамжаа “хайрлана”

Засгийн газар

Монгол Улс хөгжлийн бодлогоо намын мөрийн хөтөлбөрөөр орлуулдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “мэргэжлийн” хэмээх тодотголтой шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард энэ оны төсвийн тодотголтой хамт мөрийн хөтөлбөрөө өргөн мэдүүлсэн юм. Мөрийн хөтөлбөрт улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээхийн зэрэгцээ нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахаар тусгасан.

Товчхондоо, Монгол Улсад үүссэн эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөл байдлаас гарах арга замыг эрэлхийлжээ. Мөн төрийн албыг чадавхжуулах, үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэхийн сацуу улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тулгуурлан боловсруулсан гэдгээ ч тэрбээр онцолсон. Монгол Улс хөгжлийн бодлогоо улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөр орлуулаад удаж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялалт байгуулсан намын мөрийн хөтөлбөр эрх барих дөрвөн жилийн хугацааны Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог гэсэн үг юм. Тэгвэл анхны хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарим зүйл заалт УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ын мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж байгааг гишүүд шүүмжиллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмж нэмэх, орлого багатай иргэдийг дэмжих, малчны зээлийн хүүг бууруулах бодлого болон түрээсийн орон сууцны бодлогыг үргэлжлүүлнэ гээд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зарим зүйл заалт ороогүйг тодруулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Дээрх саналуудыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан” гэлээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “МАН сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааны хувьд бага зэрэг хойшлоно гэсэн заалт байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаас гарахын тул эдийн засгаа эрчимжүүлсэн арга хэмжээ авч байж халамжийн бодлогуудаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын сонгуулиар МАН- ын мөрийн хөтөлбөрийг их сайн боловсруулсан байсан. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахдаа бөөрөнхий заалт оруулж байгаад харамсаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харвал бүсээ чангалах бодлого олон жилээр үргэлжлэх нь тодорхой харагдаж байна” гэв.

» Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөл байдлаас гарах арга замыг эрэлхийлжээ.

» Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харвал бүсээ чангалах бодлого олон жилээр үргэлжлэх нь тодорхой харагдаж байна.

» Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас халамж, хамгааллын чиглэлийн асуудлыг бууруулахаар байгаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хийнэ, хэрэгжүүлнэ, тусгана гэсэн үг өгүүлбэр байдаг. Харин бидний оруулж ирсэн мөрийн хөтөлбөрт тодорхой заалтыг шууд хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас халамж, хамгааллын чиглэлийн асуудлыг бууруулна. Төсөв гэдэг орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа бууруулж зохицуулдаг. Цаашдаа бид ярьдаг биш хийдэг байх хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байж иргэдээ ажилтай болгоно” гэсэн тайлбар өгөв.

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Засгийн газрын байдал хэцүү байна. Засгийн эрх авлаа гээд авдраа нээгээд үзсэн чинь баахан өрийн цаас байж байдаг. Тэгээд энэ хүндрэлийг даван туулахаар төсвийн тодотгол хийх гэж бид ярьсаар байгаад татварыг буцаахаар болчихлоо. Уг нь бол “Эрүүл Монгол хүн” мөрийн хөтөлбөрт багтсан заалтууд агуулгаараа орсон юм байна. Би бодохдоо намын мөрийн хөтөлбөрт тусгасан бүх заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах нь зүйтэй гэж бодож байна. Ялангуяа засаглалтай холбоотой заалтуудыг оруулах хэрэгтэй. Үүнийг оруулахад мөнгө шаардаад байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, цахилгааны шөнийн тарифыг тэглэх хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ” хэмээв.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарим зүйл заалт УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ын мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж байгаад гишүүд шүүмжлэв

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Элэг бүтэн Монгол” мөрийн хөтөлбөрийг тусгаагүйд шүүмжлэлтэй хандав. Тэрбээр “Бид “Элэг бүтэн Монгол” мөрийн хөтөлбөртэй орж ирсэн. Уг хөтөлбөрт хүн амын нас баралтыг багасгана, өвчний тархалтыг зогсооно гэх мэт заалт тусгасан. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэхүү санал тусгагдаагүй байна. Өнөөдрийн байдлаар өдөр бүр элэгний өвчлөлөөр долоон хүн нас барж байна. Улсын хэмжээнд элэгний өвчтэй 400 гаруй мянган хүн бий. Нийгмийн ядуурлын суурь шалтгаан элэгний өвчлөл болж байна. Бид ард түмэнд амласан. Энэ амлалтаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж ирэх хэрэгтэй” гэлээ.

Дашрамд дурдахад, чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн байна.

САНАЛ БОЛГОХ