Ангела Меркель: Европын Холбоо түүхэн шийдвэрлэх мөчийн өмнө ирээд байна

Мэдээ

Словакийн Братислав хотноо болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаас урьтаж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы Канцлер Ангела Меркель нар Парис хотноо уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар талууд BREXIT-ийн дараах Европын ирээдүй болон дүрвэгсдийн урсгалын асуудлыг хэлэлцжээ. Франсуа Олланд Европын ирээдүйд хэд хэдэн чухал сорилт тулгараад байгаа талаар хэвлэлийн хурлын үеэр онцолсон бол Ангела Меркель “Европын Холбоо түүхэн шийдвэрлэх мөчийн өмнө тулж ирээд байгаа тул гишүүн орнууд хамтдаа хүчин чармайлт гаргах”-ыг уриалжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Европ дахины өмнө тулгараад байгаа асуудалд бид авхаалжтай хандах хэрэгтэй. Өмнө хэлж байсанчлан энэ бол өөр нэг хямрал биш харин анхнаасаа оршин байсан зүйл. Тиймээс европчууд бид ирээдүйнхээ төлөө тодорхой алсын хараатай байх хэрэгтэй байгаа юм. Германы Канцлертай хамтран хийхийг хүсэж байгаа зүйл бол Их Британи Европын Холбоог орхиход хүргэсэн шалтгааныг олох” хэмээн онцолжээ.

Харин Германы Канцлер Ангела Меркель “Европын орнууд шийдвэрлэх цаг мөчийн өмнө нүүр тулан ирээд байна. Тиймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад бид Жан Клод Юнкер болон Дональд Туск нарын оролцоотойгоор нэлээд хянамгай бэлдсэн. Яг одоо шинэ хөтөлбөр дэвшүүлэн тавихад хамгийн тохиромжтой цаг мөн. Улс орнууд тулгараад байгаа асуудлуудын эсрэг зогсохоор шийдсэн байна” гэж мэдэгдсэн байна. Европын хоёрдогч том эдийн засаг болох Их Британи Европын Холбоог орхихоор шийдэж, Сирийн дүрвэгсдийн урсгал татрахгүй байгаа нь Европ дахины ирээдүйд эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс Их Британиас бусад 27 улсын Төрийн тэргүүн өнөөдөр эхлэх дээд хэмжээний уулзалтаар BREXIT-ийн дараах эдийн засаг, батлан хамгаалах болон хилийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байна.



САНАЛ БОЛГОХ