Дональд Трамп Ерөнхийлөгч болсон ч Жанет Йелленийг ажлаас чөлөөлөх боломжгүй

Мэдээ

Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн шийдвэр өнөөг хүртэл олон улсын анхаарлын төвд байсаар ирсэн юм. Шинэ Ерөнхийлөгч сонгогдсонтой холбоотойгоор тодорхойгүй байдал үүсээд байгаа бөгөөд Дональд Трамп ямар өөрчлөлт хийх, ямар бодлого баримтлах зэрэг нь тус банкны цаашдын шийдвэрт нөлөөлөх нь гарцаагүй болоод байна. Дональд Трамп кампанит ажлынхаа үед Жанет Йеллен болон Холбооны Нөөцийн банкны бодлогод нэлээд шүүмжлэлттэй хандаж байсан юм. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгч болсон ч Жанет Йелленийг ажлаас нь чөлөөлөх боломжгүй бөгөөд харин Төв банкны тэргүүнээс бусад удирдах албан тушаалтнуудыг солих сонголт байгаа ажээ. Жанет Йеллений үүрэгт ажлын хугацаа 2018 онд дуусах юм. Үүнээс гадна ОХУ-ын Засгийн газар сонгуулийн үр дүнг нэлээд таатай хүлээж авч байгаа талаар ажиглагчид онцолж байна.

Сонгуулийн үр дүн таамаглаж байсантай харьцуулахад гэнэтийн гэж хэлж болохоор байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчдийн дунд болон олон улсад цаашид АНУ-тай харилцах харилцаанд ямар өөрчлөлт гарах талаар тодорхойгүй байдал үүсээд байна. Дональд Трамп ОХУ-тай харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаа гэдгээ өмнө нь хэлж байсан нь нэлээд маргаан дагуулаад амжсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд Дональд Трампын ялалтыг таатайгаар хүлээн авч байгаа төдийгүй цаашид харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Владимир Путинаас гадна Герман, Европын Холбоо, Европын комисс, БНСУ-ын Төрийн тэргүүнүүд шинэ Ерөнхийлөгчид баяр хүргээд , хамтарч ажиллахаа илэрхийлжээ.



САНАЛ БОЛГОХ