Шинзо Абэ: Япон, АНУ-ын хамтын ажиллагаа хүчирхэгжин тэлнэ гэдэгт найдаж байна

Мэдээ

Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Японы эдийн засгийн шинэчлэлд хүндрэл учруулж болзошгүй байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Транс-Номхон далайн худалдааны гэрээний тусламжтай Японы үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, эдийн засагтаа бүтцийн шинэчлэл хийх чиглэл баримталж байсан юм. Хэдий тийм боловч АНУ-ын шинэ Засгийн газрыг удирдах Дональд Трамп болон Бүгд Найрамдах нам нь худалдааны асуудал, ялангуяа Транс-Номхон далайн худалдааны гэрээн дээр хатуу байр суурь баримтлахаа илэрхийлээд байгаа нь Японы талд том сорилт болоод байгаа юм. Үүнээс гадна иений ханш чангарч байгаа нь Японы экспорт эрхлэгчдийн ашиг буурах шалтгаан болж байна. Энэ нь цаашид инфляцыг өсгөх Японы Төв банкны зорилтод хүндрэл учруулахаар байгаа ажээ.

Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ цаашид энэ бүх сорилтуудыг давахын тулд шинэ Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна. Шинзо Абэ “АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампт чин сэтгэлийн баяр хүргэмээр байна. Япон болон АНУ-ын харилцаа холбоо олон үнэт зүйлсэд тулгуурласан байдаг. Цаашид бидний хамтын ажиллагаа хүчирхэгжин тэлнэ гэдэгт би найдаж байна. Дэлхий нийтийн өмнө тулгарсан олон сорилтыг шийдэхэд Дональд Трамптай цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн онцлон мэдэгджээ.



САНАЛ БОЛГОХ