Дональд Трамп цаашид ямар бодлого баримтлах вэ

Мэдээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Бүгд Найрамдах намын гишүүд олонх болон сонгогдсон Конгрессыг удирдана. Өмнө нь Төрийн алба хашиж байгаагүй, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнес эрхлэгч гэдгээрээ олонд танигдсан Дональд Трамп нь гадаад, дотоод бодлогын хувьд хэд хэдэн өөрчлөлт хийх саналыг кампанит ажлынхаа хүрээнд дэвшүүлж байсан юм. Улс төрийн шинэ эрин эхлүүлнэ гэж ажиглагчид дүгнэж байгаа ч улс төр, цэргийн туршлагагүй гэдгээрээ тэрбээр өмнөх Төрийн тэргүүнүүдээс ялгаатай. Гэвч түүний дэвшүүлэн тавьж байгаа бодлого, чиглэл нь АНУ-ын улс төрд шинэ уур амьсгал авчирна гэдэг нь гарцаагүй байгаа аж. Дональд Трамп компаниудад ногдуулах орлогын татварыг 35-аас 15 хувь болгон бууруулж, дотоодын бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хэлэлцээ болон цагаач дүрвэгсдийн асуудал дээр хатуу байр суурь баримтална гэдгээ анхнаасаа мэдэгдсэн юм.

Мөн “Obamacare” халамжийн хөтөлбөрийг зогсоох эсэх нь цаг хугацааны асуудал хэмээн онцолж байлаа. Учир нь уг хөтөлбөрийг хүчтэй эсэргүүцэгч Бүгд Найрамдах нам засгийн эрхэнд гарсан нь ерөнхийдөө нэг нам давамгайлсан шинэ засаглалын хувьд шинээр хууль, дүрэм батлах асуудал илүү хялбар болох ажээ. Сонгуулийн эцсийн дүнгээр бүгд найрамдахчууд Сенатын 100 суудлын 51-д, Төлөөлөгчдийн танхимын 435 суудлаас 239-д нь ялалт байгуулаад байна. Үүнээс гадна Дональд Трамп Ерөнхийлөгч болсон даруйдаа Хиллари Клинтоны и-мэйлийн хэргийг шалгуулна гэж амласан юм. Тиймээс Барак Обама албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс өмнө шинэ Засгийн газраас Хиллари Клинтоныг хамгаалан өршөөл үзүүлэх болов уу гэсэн таамаг үүсээд байв. Харин Цагаан ордноос энэ төрлийн асуудал хэлэлцэгдээгүй гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ