Дональд Трамп: Хамгийн түрүүнд Транс-Номхон далайн худалдааны гэрээнээс гарна

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп ирэх нэгдүгээр сард үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар дүрс бичлэгээр мэдэгдэл хийлээ. Кампанит ажлынхаа үеэр онцолж байсанчлан “Obamacare” хөтөлбөрийг зогсоож, Мексикийн хилийн дагуу хана барих талаар тэрбээр мэдэгдэлдээ дурдаагүй байна. Харин ажлаа авсан эхний өдрөө Транс-Номхон далайн худалдааны гэрээнээс гарна гэдгээ илэрхийлжээ. Мөн ажлын байрны тоо буурахад нөлөөлж байгаа нүүрсний салбарт тавьсан хязгаарлалтуудыг зөөлрүүлнэ гэдгээ мэдэгджээ. Дональд Трамп “Хууль хэрэгжилтийг хангаж, алдсан ажлын байраа эргүүлэн олж авахын тулд үүрэгт ажлаа авсан даруйд гүйцэтгэх ажлын жагсаалтыг би өөрсдийн шилжилтийн багаар гаргуулсан байгаа. Эн тэргүүнд манай улсын хувьд гамшиг дагуулах Транс-Номхон далайн худалдааны гэрээнээс гарах болно.

Харин үүний оронд АНУ-д ажлын байр, үйлдвэрлэлийг авчрах 2 талын худалдааны гэрээнүүдийг байгуулна. Мөн ажлын байр буурахад нөлөөлж байгаа эрчим хүчний салбарт тавьсан хязгаарлалтуудыг зөөлрүүлнэ. Өндөр цалинтай олон сая ажлын байр бий болгох энэ зүйлийг л америкчууд хүсэж байна. Үндэсний аюулгүй байдлын тухайд Батлан хамгаалахын яаманд хандан улс орныг кибер болон бусад халдлагуудаас сэргийлэх цогц төлөвлөгөө боловсруулах хүсэлт тавина. Цагаачлалын тал дээр Хөдөлмөрийн яаманд хандаж, хууль бусаар виз олж аван, америкчуудын ажлын байр буурахад нөлөөлж байгаа бүх л асуудлыг шалгах хүсэлт гаргана” гэж мэдэгдлээ. Транс-Номхон далайн түншлэлийн гэрээ нь дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг 12 улсыг хооронд нь холбох зорилготой. Энэ ч утгаараа гэрээ Ази, Номхон далайн орнуудыг нэгтгээд зогсохгүй эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байсан юм.

Хэдий тийм боловч АНУ-гүйгээр хэлэлцээр бүхэлдээ ямар ч ач холбогдолгүй гэдгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ онцолж байна. Тэрбээр “Транс-Номхон далайн түншлэлийн гэрээ нь АНУ-гүйгээр ямар ч утгагүй байх болно. Улс орнуудад очих үндсэн үр ашиг буурна гэдэг утгаараа асуудлыг дахин хэлэлцэх боломжгүй. АНУ-ын дараагийн Засгийн газрын баримтлах бодлогын талаар энэ түвшинд урьдчилан мэдэгдэл хийх нь эрт гэж бодож байна” гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ