Биржийг хувьчлах ээлжит төлөвлөгөө

Хөрөнгийн зах зээл

Төсвийн орлогыг бүрдүүлэх хувилбар

Монголын хөрөнгийн биржийн индекс пүрэв гарагт 817.65 нэгж болж, энэ өдөр 0.10 хувиар өсөв. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 1.4 их наяд төгрөгт хүрлээ. Бирж болгон өөрийн гэсэн индекстэй. Уг үзүүлэлт нь зах зээлийн барометр юм. Монголын хөрөнгийн биржийн индекс хоёр өдөр дараалан өсөлттэй гарч байна. Энэ нь үнэт цаасны зах зээлд эерэг мэдээ. Биржийн индекс өсөлттэй байх тусам зах зээлийн үр өгөөж нэмэгдэж байдаг.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны есдүгээр сард 1.38 их наяд төгрөг болсон. Энэ нь наймдугаар сартай харьцуулахад 30.8 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар буурсан үзүүлэлт. Харин энэ сар гарсаар Хөрөнгийн биржийн индекс есдүгээр сараас хамаагүй жигд өсөлттэй байгаа юм. Хэрэв индекс өсөлттэй хэвээр байвал энэ сарын эцэст зах зээлийн үнэлгээ нэмэгдэх нь дамжиггүй. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийг ирэх онд хувьчлахаар Сангийн яамныхан 2017 оны төсвийн төсөлд тусгачихсан. Ингэснээр төсвийн орлогынхоо тодорхой хэсгийг бүрдүүлэхээр тооцоод байгаа. Гэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслийг УИХ намрын чуулганаараа хэлэлцэж байж эцсийн шийд эндээс гаргах юм. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийг хамгийн багадаа 20 тэрбум төгрөгөөр хувьчлах, эсэх нь УИХ-ын мэдэлд ирээд байна. Тэд ирэх хувьчлалын “кноп”-ыг дарна гэсэн үг.

Хөрөнгийн биржийг хувьчлах санал 2014 оноос эхтэй
Биржийн хувьчлалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж Сангийн яамныхан үзэж байгаа юм. Хөрөнгийн биржийг хувьчлах энэхүү санал 2014 оноос эхтэй. Хэрэв УИХ тухайн үед уг саналыг дэмжиж, улмаар Засгийн газар хувьчлах ажлыг түргэтгэсэн бол Монголын хөрөнгийн бирж төрөөр бус, аль нэг хувийн хэвшлээр овоглох байсныг үгүйсгэхгүй.


Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийг энэ онд таван тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байсан юм. Үүнийг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байсан удаатай. Учир нь хувьчлалын үнэлгээ хэт бага байгаа нь төрийн өмчийг үнэгүйдүүлэхэд хүргэхээр байгааг учирлаж байв. Санхүүгийн зах зээлд, тэр дундаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын гурван хүн тутмын хоёр нь Хөрөнгийн биржийг хувьчлах нь зөв хэмээн Засгийн газрын саналыг дэмжиж байна.

Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн энэ үед алдагдалтай ажиллаж буй Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр сонирхох хөрөнгө оруулагч байгаа, эсэх нь бас л эргэлзээ төрүүлэхээр.

Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэлтийн хөрөнгө нь 913.6 сая төгрөг. Үндсэн хөрөнгийн үнэлгээ 3.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Ашигт ажиллагаа талаас нь харвал энэ оны эхний хагаст Хөрөнгийн бирж 613.2 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Төрийн өмчит компани, тэр дундаа Хөрөнгийн бирж ашигтай ажиллаж байсан түүхэн тохиол ховорхон.

Хөрөнгийн биржийг хувьчлах санал гурав дахь удаагаа Сангийн яамнаас гарч байгаа юм. Санал гардаг ч дэмжлэг авалгүй явсаар. Дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан саатсаар өдий хүрсэн билээ. Хөрөнгийн биржийг өмнөх саналаар бүтцийг нь өөрчилж, 34 хувийг төрд үлдээхээр төсөөлж байсан. Харин нийт хувьцааны 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгохоор зурагласан ч ажил болоогүй. Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын үнэт цаасны тодорхой хэсгийг арилжих болсон нь биржийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж буй. Энэ нь хувьцаа гэсэн ганцхан нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаж байсан Хөрөнгийн биржийн хувьд алдагдлаа бууруулахад томоохон хөшүүрэг болж ирсэн.

» Түгждэг бус, өсгөдөг хөрөнгийн зах зээлийн хөдөлгүүр нь Хөрөнгийн бирж.
» Монголын хөрөнгийн биржийн индекс пүрэв гарагт 817.65 нэгж болж, энэ өдөр 0.10 хувиар өсөв.
» Хөрөнгийн биржийн хувьчлалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж Сангийн яамныхан үзэж байна.
» Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн.
Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн Хөрөнгийн бирж итгэмжлэгдсэн дилерийн үйл ажиллагааг нэвтрүүлж, амжилттай жигдрүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн билээ. Энэ нь өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт нэвтрүүлж, хариуцлага хүлээлгэх эрх мэдлийг олгосон юм.

Хөрөнгийн бирж дэлхийн өндөр хурдны арилжааны системийг өнгөрсөн хугацаанд амжилттай суурилуулсан ч дэвшилт техник, технологийн үр шимийг хараахан хүртэж амжаагүй явна. Түгждэг бус, өсгөдөг хөрөнгийн зах зээлийн хөдөлгүүр нь Хөрөнгийн бирж. Тус байгууллага Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Сангийн яам энэ удаа Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлах саналын хариугаа УИХ-аас хүлээж байна.


САНАЛ БОЛГОХ