“БАГАНУУР” 9.8 САЯ ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИНА

Хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээлээс 26.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ

“Багануур” хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргахаар болсон байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаасаа хөрөнгө оруулагчдад тус компани санал болгохоор даваа гарагт эхний танилцуулгаа хийлээ. Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 43 хувийг дангаараа хангадаг “Багануур” хувьцаат компани дотоодын зах зээлээс нийт 26.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр бэлтгэлээ хангажээ.

Нэмж гаргаж буй хувьцааны тоо 9.8 сая бөгөөд нэмэлт хувьцаа гаргаснаар тус компанийн 75 хувийг эзэмших төрийн оролцоо 51 болж буурах юм. Шинээр нэмж гаргаж буй хувьцааг эхний ээлжинд тус компанийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшиж буй энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд санал болгох аж. Гаргаж буй хувьцааны тэргүүн ээлжинд хэрэгжээгүй үлдсэн хэсгийг олон нийтэд санал болгон худалдах бөгөөд нэгж хувьцааны үнийг 2650 төгрөгөөр тогтоожээ.

Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэсэн 9.8 сая ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар үнэт цаасны арилжааг явуулах юм байна. “Багануур” хувьцаат компанийн 75 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшиж буй. 38 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Багануур” хувьцаат компанийн үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал нь дөрвөн сая тонн. Гэхдээ дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч жилд 3.6- 3.8 сая тонн нүүрс олборлодог байна.

Олон улсын хөгжлийн ассоциациас Монгол Улсын Засгийн газарт үзүүлсэн тусламжаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Багануурын нүүрсний ордод нэмэлт хайгуул, нөөцийг “Эрдгео” болон “Норвест” корпораци шинэчлэн тогтоожээ. Уг хайгуулын ажлын дүнд орд газрын нөөц 290 сая тонноор нэмэгдэж, нийт орд талбайн хэмжээнд тооцоолсон нүүрсний нөөц 812 сая тонн болсон байна.

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар уурхайн хаалт хүртэлх урт хугацааны техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд энэ онд тус ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөх аж. “Багануур” хувьцаат компанийн хувьцааг худалдан авах хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээд нь арилжаанд оролцох захиалгаа андеррайтер болон нэмэлт хувьцаа гаргагч “Багануур” хувьцаат компаниас анхдагч зах зээлийн арилжаа нээгдэх хугацаанд багтан өгөх боломжтой.

Багануурын уурхай ирэх 10 жилийн хугацаанд нийт 89.2 сая тонн нүүрс олборлоно

Харилцагчийн захиалгыг хүлээн авах, бүртгэх үйл ажиллагааг Монголын хөрөнгийн бирж болон Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журмын дагуу явуулах аж. Андеррайтер нь зах зээлийн идэвх, эрэлтээс хамааран 10 сая төгрөг болон түүнээс доош үнийн дүнтэй захиалгуудыг шууд биелүүлэх юм байна. “Багануур” хувьцаат компанийн анхдагч зах зээлийн арилжааг явуулах хугацаа нь ажлын хоёр хоног.

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд дотоод болон гадаадын иргэд, хуулийн этгээд оролцох боломжтой. Хувьцаа эзэмших хүсэлтэй хөрөнгө оруулагчдын хувьд “ҮЦТХТ” компанид үнэт цаасны данс нээлгэн арилжаанд оролцох боломж нээгдэх нь. Хувьцаа худалдан авах мөнгийг зах зээлийн арилжаа явагдахаас хоёр цагийн өмнө байршуулсан байх шаардлагатай аж. Энэ хугацаанаас хойно шилжин орсон мөнгийг төлбөр гүйцэтгэх болон арилжаа эрхлэх байгууллагууд хүлээн авах боломжгүй юм байна.

“Багануур” хувьцаат компанийн нэмэлт хувьцаа гаргах үйл ажиллагаанд андеррайтер, зөвлөх компани “Ти Ди Би Капитал ҮЦК” компани ажиллаж байгаа аж. Нэмэлт хувьцаа гаргалттай холбоотой танилцуулга өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн байранд үргэлжлэн явагдана. “Багануур” хувьцаат компанийн энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны тов удахгүй тодрох юм. Ингэснээр тус компанийн 51 хувь Засгийн газарт үлдэж, үлдсэн нь олон нийтийн өмч болох юм.

“Багануур” хувьцаат компани нь нийт 4776 хувьцаа эзэмшигчидтэй, компанийн таван хувиас дээш хувьцааг эзэмшиж буй хоёр хувьцаа эзэмшигчтэй байна. Хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зайлшгүй шаардагдах техникүүдийг худалдан авах, угсралт туршилтын ажлыг энэ онд хийж дуусган, уурхайг ирэх онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөжээ.

Багануурын уурхай ирэх 10 жилийн хугацаанд нийт 89.2 сая тонн нүүрс олборлох юм байна. Улсын хэмжээнд эрчим хүчний болон дулааны хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор компани өөрийн хүчин чадлаа өргөтгөх зайлшгүй шаардлагатай болоод байгаа. “Багануур” хувьцаат компани 2016-2025 онд нийт 384 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.






САНАЛ БОЛГОХ