Өгөөж хүртэх цаг
Хөрөнгийн зах зээл
Дөрвөн компани одоогоор ногдол ашиг тараах нь тодорхой боллоо
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд ногдол ашиг тараах болсноо албан ёсоор зарлаж эхэллээ. Тодруулбал, “Гермес центр” компани 320 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр тараах нь тодорхой боллоо. Тус компани 2016 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашиг болох 323.6 сая төгрөгийн 98.9 хувийг тараах болсноо саяхан мэдэгдэв. Цэвэр ашгаасаа үлдсэн 3.6 сая төгрөгийг компанийн цалин урамшуулал болон нөөцийн сандаа хуваарилахаар ийн шийдвэрлэжээ. “Гермес центр” нь 2008 онд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй компани болсон бөгөөд өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 9.5 хувиар буурсан байна. Орлогын дүн буурсан ч ногдол ашиг хуваарилахаар болсон нь анхаарал татаж байгаа юм. Ногдол ашиг тараах хоёр дахь хувьцаат компани нь “Говь”. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) 2016 оны санхүүгийн үр дүнгээ харгалзан нэгж хувьцаандаа 200 төгрөг буюу нийт 1.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болсноо мэдээлсэн.
Ногдол ашгаа ирэх дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн компани дээрээ бэлэн мөнгөөр тараах аж. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 230 орчим компаниас өнгөрсөн онд 26 нь ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэ онд ногдол ашиг тараах компанийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад ялимгүй буурах хүлээлттэй байна.
Учир нь эдийн засгийн хүндрэл улам гүнзгийрч, бизнесийн орчин муудсан тул зарим компани ногдол ашиг тараахаас энэ удаад татгалзах нь. Ногдол ашгийн тов тодрохтой зэрэгцэн компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа төлөвлөж эхэлсэн. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу тавдугаар сарын нэгнээс өмнө хуралдуулах ёстой байдаг. Хуулийн хугацаа эхэлсэнтэй холбоотойгоор компаниуд ээлжит хурлаа зарлаад байна. Тухайлбал, “Дархан нэхий” ирэх сарын 11-нд, “Хүрд” дөрөвдүгээр сарын таванд тус тус хурлаа хийх юм.
Ногдол ашиг хуваарилах гурав дахь компани нь “ТАХЬКО”. Өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг буюу нийт 128.5 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараахаар тус компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэв. Ногдол ашгаа ирэх тавдугаар сараас өмнө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ байгуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах аж. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигч нарт тарааж өгдөг компанийн орлогын тодорхой хувь юм. Ногдол ашиг хуваарилах дөрөв дэх компани нь “Монгол шуудан”. Тус компанийн ТУЗ мягмар гарагт хуралдаж, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, улмаар ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. "Монгол шуудан" компани 2016 онд ашигтай ажилласан бөгөөд тайланд дурдсанаар 10.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2015 оныхоос өсөн хувиар өссөн үзүүлэлт болж байна. Цэвэр ашгийн үзүүлэлт нь нэг тэрбум төгрөгийг давжээ.
Хувьцаат компаниуд ногдол ашиг тараах болсноо албан ёсоор зарлаж эхэллээ
Хөрөнгийн биржид бүртгэлтэй дөрвөн компани одоогоор ногдол ашиг тараах нь тодорхой болсон нь энэ. Компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд хувьцаа гаргаж, түүнийг худалдаж авсан хөрөнгө оруулагчдад хугацаатайгаар ногдол ашиг буюу нэмэгдэл урамшууллыг олгодог. Хувьцаат компани нь тогтмол ногдол ашиг хуваарилж байх учиртай. Гэвч зарим компани алдагдалтай ажилладаг тул ногдол ашиг авахгүй хувьцаа эзэмшигч өнжих үе гардаг. Тэрчлэн компаниуд ногдол ашиг тараах бус үйл ажиллагаагаа өргөтгөх, технологийн шинэчлэл хийхийн тулд тухайн жилийн ашгаа хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулах нь түгээмэл.
Хөрөнгийн биржид бүртгэлтэй 235 компаниас 2016 онд 26 нь ногдол ашиг тарааж байсныг эхэнд дурдсан. Ашиг хуваарилсан компаниудаас “Зоос гоёл” нэгж хувьцаандаа 17 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байсан бол “Газар сүлжмэл” 2015 оны цэвэр ашгийнхаа 95.3 хувийг хувьцаа эзэмшигчидэдээ хуваарилж бусад компаниа тэргүүлж байв. Харин энэ онд аль компани тэргүүлэх нь дүгнэж хэлэхэд эрт байна. Хувьцаа эзэмшигчидэдээ тогтмол ногдол ашиг олгодог компанийн нэг нь АПУ. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дундаас хамгийн тогтвортой, өсөлттэй ногдол ашиг тарааж ирсэн тус компани нь өнгөрсөн онд ногдол ашгийн нийт үнийн дүнгээрээ тэргүүлж байв. Алдагдлаа ашиг болгон хувиргаж чадсан компаниуд ногдол ашиг тараахаас гадна үйлдвэрлэлээ өргөжүүлж, үйл ажиллагаагаа тэлэх боломжийг хувьцааны өгөөж олгодог. Энэ нь хувьцаат компанийн давуу тал төдийгүй үйл ажиллагааг нь тодотгож өгдөг онцлогтой. Хөрөнгийн зах зээлд “хавар” ирж байна
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй