Солонгорч буй тарагны зах зээл

Нийтлэл

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 11 хувийг тараг эзэлдэг

Тараг нь уламжлалт цагаан идээний хэрэглээнээс салж төрөл бүрийн жимсний охиор баяжин амттаны ангилал руу шилжиж байна. Монголын зах зээлийг сонирхон харвал технологийн салбарын давалгаанд тарагны нэр төрөл өдөр ирэх тусам нэмэгдсээр. Энэ өсөлтийг дагаад улс орнуудын хоолны соёлд тараг гэгч сүүн бүтээгдэхүүний хэрэглээ алгуурхан тэлж байгааг та анзаарсан уу. Монгол, Орост уламжлалт аргаар исгэсэн тарагны хэрэглээ өндөр байгаа бол АНУ-д грек маягийн иогурт, хөлдөөсөн тараг толгой цохиж байна. Харин Хятад, Японд тарган ундааг илүүд үзэх болжээ. Өдгөө тарагны зах зээлийн 39 хувийг тарган ундаа эзэлж байгаа бол 2020 он гэхэд 45 хувь болтлоо өснө гэж “Technovio food” компанийн мэргэжилтгүүд таамаглажээ.

Тарагны экспорт 2015 оны байдлаар дэлхий даяар 2.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж, ирээдүйд өсөх хандлагатай байгааг шинжээчид хэлж байна. Тухайлбал, хоолны өндөр соёлтой францчууд таргийг хөнгөн зуушны тоонд оруулах болсноор хамгийн их тараг хэрэглэдэг орны тоонд багтжээ. Сав, баглаа боодол, амт чанар сайжирч, хадгалах хугацаа уртассанаар зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч таашаах боллоо.


Мал аж ахуйн тодотголтой манай улс ч энэ хандлагаас хоцорсонгүй. Манай улсын сүүн, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 98 орчим хувийг 1554 фермерийн аж ахуй, 170 гаруй мянган малчин өрх хангадаг. Мөн нэг үнээний жилийн саамны гарц 2010 онд 2043 кг байсан бол 2014 онд 2820 кг болж өсчээ. Улсын хэмжээнд хоногт 230 гаруй мянган литр сүү боловсруулах хүчин чадалтай 100 гаруй сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэр, цех байгаагаас 45 нь нийслэлд төвлөрч байна. Эдгээрийн 8-10 нь хүчин чадлынхаа 40 хүртэлх хувийг ашигладаг аж. Эдгээр үзүүлэлт манайд тарагны бизнес түүхийн эдийн хувьд гачигдахааргүй гэдгийг батална.

ХХААХҮЯ-ны тайланг сөхвөл жилд дунджаар 27.1 сая литр шингэн сүү, 126.7 тонн цөцгийн тос, 7.1 сая литр тараг, иогурт, 146.6 тонн аарц болон бяслаг, 25.4 мянган тонн зайрмаг үйлдвэрлэж байна. 2015 оны байдлаар тараг сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 11 хувийг эзэлж байгааг “Хүн ба хүнс” сэтгүүлд дурджээ.


Эргэлзээг тайлах баримтууд

Өдөр тутам тараг хэрэглэдэг Европын иргэдээс судалгаа авахад 67 хувь нь эрүүл мэндэд тустай болохыг онцолжээ. Үүний дараа хэрэглэхэд тааламжтай байдал, амтыг нэрлэсэн байна. Гэвч тараг амархан муудаж, гэмтдэг бүтээгдэхүүн. Түүнийг юугаар, ямар технологиор үйлдвэрлэж, яаж тээвэрлэсэн гэдэг нь хэрэглэгчдэд айдас дагуулсаар ирсэн асуулт. Зөвхөн импортын ч гэлтгүй дотоодын иогурт, шингэн тарагнуудыг “Аюултай” гэж хардах нь бий. “Оргил хүнс” ХХК-ийн “Гоё тараг”-ийг Хятадаас оруулж ирдэг гэх мэдээлэл нэг хэсэг чих дэлссэн. Үүнд МХЕГ-аас хэдэн жил дараалан шалгалт хийж ор үндэсгүй болохыг тогтоосныг улсын ахлах байцаагч Б.Батчимэг хэллээ. “Гоё” таргийг Данийн “Хансен” компанийн тарагны хөрөнгө, АНУ-ын “Каргелл” компанийн тогтворжуулагч нэмэлт бүтээгдэхүүнээр хийдэг байна. Харин сүүгээ Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрладаг 400 гаруй үхэртэй саалийн фермээсээ хангадаг аж. Ер нь Улаанбаатарт байрлаж буй тараг үйлдвэрлэгчдийн дийлэнх нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Төв аймгийн Батсүмбэрээс түүхий эдээ бэлтгэдэг хэмээн ХХААХҮЯ-д мэдүүлжээ.

Түүнчлэн,“Хятадаас тараг оруулж ирдэг” гэх хардлагыг МХЕГ-ын улсын ахлах байцаагч С.Хонгорзул няцаалаа. Тэрбээр “Хилээр нэвтэрч буй иогуртын ихэнхийг ОХУ-аас оруулж ирдэг. БНХАУ-аас албан ёсоор нэг ч тараг импортолдоггүй. Харин 2016 онд БНСУ-аас импортолсон 384 кг иогуртыг хянасан” гэв. Хилийн чанадаас зөөдөг эдгээр тараг, иогуртуудаас зөрчил илрэх нь харьцангуй багасчээ. “Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуй нэгж импортолдог. Үйлдвэрлэгч эсвэл албан ёсны борлуулагчийн гэрээг харгалзан хил нэвтрүүлдэг хууль хэрэгжээд гурван жил болсон. Тиймээс импортлогчид зохих шаардлагуудыг биелүүж хэвшсэн” гэж тэрбээр тодотгосон юм.

Худалдан авагчдад эргэлзээ төрүүлдэг бас нэг асуулт. Зарим таргийг задлаад тав, зургаа хоносон ч исдэггүй. Тиймээс жинхэнэ тараг биш хэмээн хэрэглэгчид эргэлздэг. Үүнд МХЕГ-ын байцаагч С.Хонгорзул тайлбар өгөхдөө “Тарагны технологи, орц, найрлагаас шалтгаалан исэх хугацаа нь өөр. Монгол тараг гурав хоногийн дотор исдэг. Харин иогуртынх үүнээс илүү хугацаа шаардана. Уламжлалт аргаар хийсэн таргийг бодвол тослог багатай, бичил биетийн тоо нь цөөн байдаг” гэж тайлбарлав.

Мэдээж, малчин өрхийн гар дээрээс хэрэглээнд очдог задгай тарагны зах зээлийг мартаж болохгүй. Малчид жилд дунджаар 1.4 сая литр цагаан идээ үйлдвэрлэж байна. Хэдийгээр өнгө өнгийн савлагаатай тарагууд худалдаанд нэмэгдсээр байгаа ч, малчдын гэртээ бүрдэг элгэн тараг Монголын хувьд хэзээд органик бүтээгдэхүүнд тооцогдоно. МХЕГ-т задгай тарагны асуудлаар гомдол, санал бараг ирдэггүй тул тэр бүр шалгалт хийдэггүй аж. Иргэд өөрсдөө задгай тараг авахдаа исэлтийн хугацаа, ариун цэврийг нь сайтар анхаарах хэрэгтэй гэж албаныхан зөвлөлөө.

Экспортын дөнгө
Эрүүл мэндийн сайдын 2008 оны тушаалаар нэг хүний сүү, сүүн бүтээгдэхүүн буюу тарагны хэрэглээ нь 248 гр байвал өдрийн хэрэгцээгээ хангана гэж тогтоожээ. Үүгээр тооцвол монголчуудын тарагны өдрийн хэрэгцээ 744 мянган литр, жилийнх нь 267 сая литр болж байна. Гэтэл нийлүүлэлт нь жилд дунджаар 7.1 сая литр. Ийнхүү тарагны хэрэгцээ ба нийлүүлэлт хол зөрүүтэй байгаа нь иргэдийн эдийн засгийн чадамж, өдөр тутмын хүнсний хэрэглээтэй холбоотой. Тараг хэдийгээр манай уламжлалт бүтээгдэхүүн ч өрхийн хүнсний багахан хувийг эзэлдэг. Өдөр болгон тараг хэрэглэдэг айл тун цөөхөн болжээ. Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 80 хувийг эзэлдэг “Сүү” ХХК-ий менежер Б.Энхтөгс “Сүүлийн жилүүдэд сүү, тарагны борлуулалт тогтмол өссөн. Харин 2016 онд эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэд хэрэглээгээ танаж, тарагны борлуулалт бага зэрэг буурсан. Тараг гэдэг мах, сүү шиг өдөр тутмын хэрэглээ биш. Тиймээс хэмнэлт хийх гэж буй эзэгтэй тараг авахаа хойш тавих хандлагатай болсон” гэлээ.


Гэтэл үүнээс эсрэгээрээ дэлхийн зах зээлд тарагны хэрэгцээ өсөж байгааг дээр өгүүлсэн. Тэгэхээр манай үйлдвэрлэгчдийг хилийн чанадад бизнесийн том орон зай хүлээж байна гэсэн үг. Хятадын тарагны зах зээл 2015 онд 10 сая ам.доллараар хэмжигдэж байгаа бол 2019 онд 17 сая ам.долларт хүрэх судалгаа гарчээ. Харин ОХУ тараг үйлдвэрлэгч орон ч манайх шиг исэлт ихтэй тарганд дурладаг ард түмэн. Тиймээс хоёр хөршийн аль аль нь манай тарагны экспортын гарц болж чадна.

» Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 98 хувийг дотоодоосоо хангадаг.
» Нэг хүн өдөрт 175 гр сүү, 248 гр сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл өдрийн хэрэгцээгээ хангана.
» Индонезид хулс модны шүүсээр иогурт хийж, жимсний охиор амталдаг.
» Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний 70 гаруй стандарт бий.
Гэвч энд шийдэх боломжтой ч шийдэгддэгүй нэг дөнгө үйлдвэрлэгчдийн хөлийг тушаад байна. Тэр нь малын халдварт өвчин. “Сүү” ХХК өөрсдийн үйлдвэрлэдэг таван нэр төрлийн таргийг гадаад зах зээлд гаргах хүсэлтэй. Бүтээгдэхүүнээ экспортлохоор хөөцөлдөж байгаа ч малын халдварт өвчин ихтэй орон гэсэн муу нэр тэдэнд тээг болж байгаа аж. Үүнийг шийдчихвэл монгол тарагны амт, чанар, нэр төрөл гологдохооргүй солонгорч байна.

“Монгол брэнд болсон “Бабулай” хөлдөөсөн таргийг экспортлоход ирээдүйтэй мэт санагддаг. Хөлдөөсөн тарагны борлуулалт өгөж буй Европын орнуудад “Бабулай” шиг органик бүтээгдэхүүний эрэлт бий. Мөн монгол тарган ундаа хийвэл Азийн зах зээлд гологдохгүй” гэж нэгэн үйлдвэрлэгч бодлоо хуваалцлаа.

Манайд тарагны үйлдвэрлэл, зах зээлийн нэгдсэн судалгаа, бодлого тун маруухан юм. Зах зээлийн судалгаагаа хувийн компаниуд хийдэг ч тэр бүр мэдээллээ ил болгохыг хүсдэггүй юм байна. Тараг үйлдвэрлэлийн салбар өдгөө сүү, сүүн бүтээгдэхүүн гэсэн том “Малгай” доороос дөнгөж л цухуйж байна. Малын халдварт өвчинтэй гэх муу нэрийг баллуурдаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж олгохыг үндэсний үйлдвэрлэгчид хүлээж байна.


САНАЛ БОЛГОХ