Өртөг багатай шийдлийн эрэлд

Нийтлэл

Нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд таван ам.долларын үр ашиг гардаг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны гэр цэцэрлэг зөөврийн био суултуур хэрэглэж хэвшсэн цөөхөн цэцэрлэгийн нэг. Эднийх өвлийн хүйтэнд хүүхдүүдийг дааруулахгүйн тулд таван гэрийнхээ нэгийг ариун цэврийн өрөө болгон тохижуулжээ. Тэд бохироо нүхэн жорлонд зөөж, дүүрэхэд нь соруулдаг. Харин Хөвсгөл аймгийн 12 суманд чингэлгийг тохилог ариун цэврийн өрөө болгох төсөл хэрэгжүүлжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй уг төслөөр сумдын цэцэрлэг, сургуульд хаалга гаргаж, түүнийгээ био суултуур бүхий чингэлэгтэй холбосон байна. Мөн хоёр гэр холбосон жижиг хонгилд зөөврийн суултуур байрлуулжээ. Энэ мэт гэр хороололд ариун цэврийн байгууламжийг байгальд ээлтэйгээр шийдсэн жишээ цөөнгүй.

Гэвч нийслэлийн гэр хорооллын 300 мянга гаруй өрхийн дөнгөж нэг хувь нь л дээрх шиг стандартад нийцсэн, тохилог ариун цэврийн байгууламжтай. Харин 97.3 хувь нь хөрсний бохирдлын хамгийн том эх үүсвэр болсон энгийн нүхэн жорлон хэрэглэж байна гэсэн судалгааг “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Дулааны улиралд хамгийн их гардаг гэдэсний халдвараар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь гэр хорооллынх. Нөгөөтэйгүүр, гэр хорооллын өрхүүдэд шинээр нүхэн жорлон барих газаргүй болсон учраас шинэ шийдэл зайлшгүй шаардлагатай болоод байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн, НҮБ- ын Хүүхдийн сангаас тус бүрдээ ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа ч 100 хувь тохирсон шийдэл олоогүй байгаа аж. Хамгийн “боломжийн” гэж дүгнэсэн нь дээр дурдсан чингэлгийг ариун цэврийн өрөө болгох арга. Гэхдээ зөвхөн цэцэрлэг, сургуульд л уг төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Манай улсад ариун цэврийн байгууламжийн дөрвөн төрлийн стандарт бий. Ариун цэврийн шугамд холбох, зөөврийн био суултуур ашиглах болон бага усаар цэвэрлэх, хуурайшуулах технологи ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Гэвч эдгээр нь өртөг ихтэй учраас гэр хорооллын иргэд хэвшүүлж чадалгүй өнөөдрийг хүрлээ. ДЭМБ-ын судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь 200 мянган төгрөгийг бие засах газраа сайжруулахад зарцуулах боломжтой гэж хариулсан байна. Харин тус байгууллага хамгийн багадаа 500 мянган төгрөг шаардлагатай гэж тооцжээ. “Хөгжингүй орнуудад ариун цэврийн байгууламжийг олон янзаар шийдсэн байдаг. Гэвч үнэ өртөгөөс болж Монголд нэвтрүүлж чадахгүй байна. Нүхэн жорлонг шинэчлэх зардлыг иргэд өөрсдөө гаргах уу, төрөөс даах уу гэдгийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй” гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал хэллээ.


АНУ-ын Аляск мужид хэрэглэдэг зөөврийн суултуур 10 мянган ам.доллар. Түүнийг Монголд авчирвал үнийг нь 50 хувь бууруулах боломжтой гэж хэлэлцүүлэгт оролцсон АНУ-ын Хүйтэн уур амьсгал дахь барилга, байгууламжийн

судалгааны төвийн судлаач Бруно Грунау танилцуулав.

Харин Финляндын технологиор бохирыг өтгөн, шингэнээр нь ялгаж, түүнийг бордоо болгодог загвар 400 мянгаас дөрвөн сая төгрөгийн өртөгтэй. Хувинтай суултуурт цугларсан өтгөнийг үнс, эсвэл модны үртэстэй хольж 48 цагийн дотор бордоо болгодог төхөөрөмж хоёр сая төгрөг. Эдгээрийг манай улсад нэвтрүүлье гэвэл төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болно гэдгийг салбарынхан онцоллоо. ДЭМБ-ын судалгаанд оролцсон нийслэлчүүдийн 65 хувь нь бие засах газартаа сэтгэл хангалуун бус, 84 хувь нь ариун цэврийн байгууламжаа өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Гэвч хэрхэн, яаж гэдэг шийдлээ олохгүй байгаа аж.

Бусад оронд өтгөн, шингэнийг нь тусад нь ялгадаг технологийг хамгийн их ашигладаг аж. Иргэд ийм хоёр нүх бүхий суултуурыг ямар ч жорлонд ашиглах боломжтой. Гэвч бохирыг нь хэрхэх вэ гэдгийг нэгдсэн байдлаар шийдэх шаардлагатай юм. Өмнө нь био түлш болгох, хий ялгаруулж, энерги гаргах үйлдвэр барих тухай ярьж байсан ч биеллээ олоогүй.

Уг нь ариун цэврийн байгууламжид нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд 5-8 ам.долларын үр ашиг гардаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Нүхэн жорлонг хэрэглээнээс хасаж чадвал ундны усны хомсдол, хөрсний бохирдол, гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл мэнд зэрэг цөөнгүй асуудлыг шийдэх боломжтой юм.

САНАЛ БОЛГОХ