“China Coal” нүүрсний ханшаа тонн тутамд нь 10 юаниар бууруулав

Түүхий эд

БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороо нүүрс олборлогчидтой пүрэв гарагт уулзаж, ханш тогтворжуулах асуудлаар зөвлөлдсөн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Үүний дараа БНХАУ-ын Төрийн өмчит “China Coal” нүүрсний ханшаа тонн тутамд нь 10 юаниар бууруулж байгаагаа зарлажээ. Энэ нь компаниудын сайн дурын шийдвэр байсан гэж тус хорооноос мэдээлсэн байна. Эдгээр мэдээллийн дараа Хонгконгт БНХАУ-ын нүүрсний компаниудын хувьцааны ханш буурлаа. “Goldman Sachs”-ийн шинжээчдийн тооцоогоор 2017 оны нэгдүгээр сарын эцэст эрчим хүчний нүүрсний ханшид тохируулга хийгдэж, эргээд буурах төлөвтэй байна. Сайн чанарын коксжих нүүрсний хувьд мөн адил ханшийг дэмжиж байсан нөлөөллүүд ойрын хугацаанд арилах тул огцом өсөлт зогсоно гэж “BHP”-ийн удирдлагууд үзжээ.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого зах зээлийн тогтворгүй байдал үүсгэж магадгүй гэж анхааруулсан байна. 2016 он гарсаар БНХАУ-ын зах зээлд эрчим хүчний нүүрсний ханш 80 гаруй хувиар, металлургийн нүүрсний ханш гурав дахин нэмэгдэж, дээд цэгтээ хүрээд байгаа юм. Компаниуд болон томоохон олборлогч улс орнууд зах зээлийн сэргэлтээс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх чиглэлд бодитой алхмууд хийж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, үнэ өсгөх арга хэмжээ авч байна. Монголын олборлогчдын хувьд үнийн нэг цонхны бодлого шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.