Хувьгүй хуулийг өлгийдөх боломж

Нийтлэлчийн булан

Оффшор орнуудад аваачаад “булчихдаг” их хэмжээний мөнгөний урсгал наашилна

Монгол Улсын нийгмийн хөрсөнд буух хувьгүй казиногийн хууль энэ Засгийн газрын үед батлагдах найдвар байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд казиног хуульчилж, элгээрээ хэвтсэн эдийн засагтаа нэмэр болгохоо мэдэгдсэн. Санаачилсан гишүүн болгоноо хэл ам, хардалт сэрдэлтэд өртүүлдэг хаяа муутай казиногийн хууль уг нь ядарсан эдийн засаг, хумигдмал аялал жуулчлалтай манайх шиг оронд туйлын ач холбогдолтой гэдэг. Хүн төрөлхтний зугаа цэнгэлийг дагаж бизнесийн нэг хэлбэр болсон казиногийн үйл ажиллагааг манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа хориглосон. Энэ нь мөнгө угаах газар болдог гэсэн бараан ойлголттой холбоотой. Гэтэл дэлхийн бусад оронд эдийн засгийн үр өгөөжийг нь магтан дуулж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Түүхэндээ дөрвөн удаа бүдэрсэн хуулийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед эдийн засагт нэмэр болгохоор тав дахиа зүтгүүлэхээр зэхэж буй нь энэ. Казиногоос жилд 100-150 тэрбум төгрөг татвараар төсөвт төвлөрөх тооцоо бий. Угтаа энэ нь хаяж болохгүй боломж тул засгийн тэргүүн ханцуй шамлаад буй.

Гэхдээ Н.Алтанхуягийн үед өргөн барьсан хуулийн төслийг үргэлжлүүлэх бус, эрх барьж буй намын сонирхолд нийцүүлэн дахин шинийг санаачлахаар төлөвлөжээ. Энэ удаагийн казиногийн хууль ойрын жилүүдэд амжиж батлагдвал ашиг тус нь ч хурдан ирнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Энд тэнд, оффшор орнуудад аваачаад “булчихдаг” их хэмжээний мөнгөний урсгал наашилж, гаднын болон дотоодын бийлэгжүү эрхмүүдийн зугаа цэнгэлдээ хаядаг багагүй мөнгө Монголд үлдэх нигууртай гэх. Ганц жишээ дардвал, Австралийн тэрбумтан Керри Паркер Их Британид очиж гурван долоо хоногийн турш казино тоглоод 28 сая ам.доллар алджээ. Тэрбээр ингээд хаширсангүй. Макао, Сингапурын казинод рулет тоглоод ахин 25 сая ам.доллараа алдсан гэдэг. Их тоо байгаа биз. Дэлхийн казиног товчхон сөхвөл, тоон хэмжээгээр Хойд Америкийн бүс нутаг тэргүүлж, нийт 1623 казино ажиллаж байна. Үүний 426 нь хувийн өмчийнх. Харин БНСУ-ынх эдийн засгийн чөлөөт бүсэд байрладаг бөгөөд дотоодын иргэдэд үйлчлэх эрх бүхий Кангвоны казино тоглоомын газар ч байна. Сингапур болон Макаогийн казино дотоодын иргэддээ нээлттэй. Нэвтрэх төлбөрийн хувьд Сингапур хамгийн өндөр нь буюу нэг хүн нэг удаа 100 SGD төлдөг байна. Орлогын нийт үзүүлэлтээрээ АНУ-ынх тэргүүлдэг баримт бий. Зөвхөн Лас-Вегасийнх гэхэд жилд дор хаяж 5.5 их наяд ам.долларын ашиг олдог гэх судалгаа бий.

1999 онд БНХАУ-тай нэгдсэнээр Макаогийн хууль эрх зүйн тогтолцоо шинэчлэгдсэн. Үүнээс хойш Макао БНХАУ- ын Засаг захиргааны тусгай бүс буюу дээд түвшний автономит улс болсон. Гэсэн хэдий ч Португалийн эрх зүйн өв уламжлагдсан нь казино тодотголтой орон болоход нөлөөлж, 10 гаруй жилийн өмнө тамхи үнэртсэн цөөн хүн ордог жижигхэн умгар казино өдгөө Лас-Вегасийнхаас ч уран, тансаг, сайхан бүхний нийцэл болтлоо хөгжжээ. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын дарга авлигатай тэмцсэнээс хойш Макаогийн Galaxy Entertainment Group казиногийн оператор Ebitda- ийн орлого даруй 25 хувиар буурсан байна.

БОГИНО НАСТАЙ, БҮТЭЛГҮЙ ТҮҮХҮҮД
1998 онд казинотой холбогдсон он цагуудын товьёог эхлэв. Аливаа хууль хэсэг бүлгийн ашиг сонирхол дээр үндэслэж санаачлагдан батлагддаг. Казиногийн хуулийг захиалагч нь монголчууд биш гаднынхан байх магадлал туйлын өндөр.


Үүнийг казино байгуулах өмнөх оролдлогууд гэрчилнэ. Түүхэндээ хамгийн их дуулиан дагуулсан нь анхных нь байв. Тухайлбал, анхны хууль нь 1998 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Хуулийг санаачилж батлуулсан УИХ- ын гишүүн асан Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын эрхмийг төд удалгүй 1999 онд буруутган шоронгын хаалга татуулж, хуулийг хоромхон зуур цуцалсан гашуун түүхтэй. “XLT” компанийн захирал Б.Батболдын уйгагүй заргын нөлөөгөөр төрийн түшээдээс гадна “Мон-Макао” компанийн дэд захирал Л.Байгаль нар дээлээ нөмөрсөн юм. Бүр “Чингис” зочид буудлын дөрөвдүгээр давхрыг казиногийн зориулалтаар засч, тохижуулж дуусчихаад байхад бүх зүйл орвонгоороо эргэсэн бүтэлгүй түүх бий.

Учир нь тендерийг нууцаар явуулалгүй хууль бусаар “Мон- Макао” компанийг шалгаруулж, онцгой эрх олгосон гэж үзсэн юм.

Зарим баримтыг дурдвал, 1998 оны долдугаар сарын 2-нд Зэвсэгт хүчний дугаар ангиас МИ-8 нисдэг тэрэг хөлслөн УИХ-ын гишүүн Д.Энхбаатарын төрсөн өдрийг Хагийн хар нуурт тэмдэглэхээр очиход “Мон- Макао” компанийн захирал Ван Жу Вэй, дэд захирал Л.Байгаль нар эхнэрийн хамт явж “Их тэнгэр” цогцолборын хоёр ажилтан үйлчилсэн байдаг. Нисдэг тэрэгний хөлсийг “Мон- Макао” компани гаргасан ба 1998 оны долдугаар сарын 13-нд дуулиантай эрхэм гишүүд “Мон- Макао” компанийн захирал, туслах нартай Тэрэлжид зугаалсан гэдэг. Тэрчбүүхэл тендерт ялж онцгой эрх авснаа 1998 оны наймдугаар сарын 19-нд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын 30 дугаар харшид тэмдэглэж, Д.Энхбаатар, С.Батчулуун, Д.Баттулга нар гарын бэлэг авсан баримт байдаг. Тэр нь үзэг байсан хэмээн өөрсдөө мэдүүлжээ.

“Мон-Макао” компанийн дэд захирал Л.Байгаль 1998 оны долдугаар сарын 17-нд Д.Баттулгын эхнэр Оюундарийн нэр дээр Ниссан патроль маркийн жийп хоёрыг захиалж мөн оны арваннэгдүгээр сарын 11-нд Д.Энхбаатарын төрсөн дүү Д.Энхцэцэгийн нэр дээр улсын хил гаалиар оруулж Д.Баттулга, Д.Энхбаатар нарт хахууль болгон өгсөн гээд тоочоод байвал нэлээд нуршмаар. Ийнхүү казино байгуулахаар санаархсаныхаа төлөө түшээд ялтан болж, 1999 оны нэгдүгээр сарын 22-нд уг хуулийг хүчингүй болгосон бараан тэмдэглэлээс сөхөж болно.

Х.Хулан, Ц.Ганхуяг, Д.Бохынарга, Э.Цогбадрах, Ч.Отгонбаяр, М.Зэнээ, Т.Ганди, Д.Энхтайван нарын 12 хүн хуулийг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл санаачилж байв. Тэд “Гэмт хэрэг, хар тамхи гэх мэт олон сөрөг зүйл дагуулдаг учраас хүн ам цөөнтэй Монголын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө” хэмээн ухуулснаар уг хуулийг боомилсон билээ. Улмаар нээлтийн өдрөө товлож, диллерээр ажиллах залуусаа гадаад руу сургалтад явуулсан “Мон-Макао” компанийн ажил зогссон юм.

“Казино” хочит Л.Байгалийн ярьснаар 2007 онд энэ хуулийн төслийг Н.Багабанди Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар С.Баяр ажиллаж байхдаа анх хөндөж, удалгүй Х.Хулан тэргүүтэй хүмүүс төслийг санаачилсан гэдгийг онцолсон байдаг.

ХӨСӨР ХАЯГДСАН НЬ
2007 онд хоёр дахь давалгаа эхэллээ. Казиног эсэргүүцэж 1998 онд кноп дарж байсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж гэнэтхэн Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барив. Тэрбээр ганцаар хөдлөөгүй бөгөөд ангийнхаа нэр бүхий гишүүд болох А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нарыг оролцуулжээ.

Гэвч тэднийг “Морин нуур” төслийнхөн лообийдсон гэх хардлага дагасан юм. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг яаралтай, бас халуухан хуралдаж, казинод “хутгалдсан” таван гишүүнээ нэрээ татахыг үүрэгдэв.

Ц.Шаравдоржоор толгойлуулсан нөхөд “Лообий биш” хэмээн тайлбарласан ч төсөл санаачилсан олонх гишүүн нэрээ татсанаас төлөвлөгөө нь нурсан түүхтэй. Энэхүү хуулийн төсөлд сонин сонин заалт олон байсан. Тухайлбал, Казиногийн онцгой бүсээс хааш хаашаа 300 км-ийн зайд 30 жилийн дотор өөр казино байгуулахгүй гэх мэт.

Хойшоо Сэлэнгэ, урагшаагаа Дорноговь, баруун тийшээ Өвөрхангай, зүүн тал руу Хэнтий хүртэл газар нутагт 30 жилийн дотор ямар ч казино байгуулж болохгүй гэж үзсэн хэрэг. Гэтэл зөвхөн энэ заалтаас нь л “Монополь эрх өгөх зорилготой” гэдэг дүгнэлт хийж болохоор байсан билээ. 2007 оны хавар манай УИХ-ын гишүүд маргаж эхлэхээс хэдэн сарын өмнө АНУ-д “Morin nuur resort” төслийг танилцуулж, хөрөнгө босгох үйл ажиллагаа явагдаж байсан гэдэг. Төслийг боловсруулагчид Монголын Засгийн газраас тусгай зөвшөөрөл авсан хэмээж байсан нь яах аргагүй популист гэдгийг нотолно.

Д.ЗАГДЖАВ БҮДЭРЛЭЭ
2009 онд УИХ-ын гишүүн асан Д.Загджав яг дээрх хуулийн төслийг үг үсэг нь хуулсан мэт төсөл өргөн барив. Захиалгатайг илтгэх эл заалтууд төдийгүй зорилт нь адилхан байгаа юм чинь эцсийн хүрэх зорилго нь “Ногоон нуур”-ын үргэлжлэл байхаас гарцаагүй. Тэрбээр танхимын нөхөд Г.Баярсайхан, Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын 10 гишүүний хамт санаачилсан. Хүрдэт тоглоомд хообийтой эрхэм Хан-Уул дүүргийн Засаг дарга байхдаа “Империал гоулд” гэдэг компанид “Морин нуур” нэртэй амралт аяллын цогцолбор байгуулах зөвшөөрөл олгосон нь ийн хардагдахад хүрсэн гэж үздэг. Алан Гинсбург гэдэг эрхэм Монголд ирж “Морин нуур” төслийнхөө хүрээнд тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ ч мэдэгдсэн байдаг. Мөн хардалт сэрдэлтэд автсаар түүний төсөл бас дахин салхинд хийссэн юм.

“ӨЛГИЙДӨЖ” АМЖИЛГҮЙ ОГЦРОВ
2014 онд нэлээд боловсронгуй боловсруулсан хуулийн төслийг шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өргөн барьж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлүүлэн эдийн засгийг эрчимжүүлэхээр болсон. Бүр Байнгын хорооны хурлаар дэмжигдэж байсан уг хуулийн төсөлд Замын-Үүд, Халх гол сум, Алтанбулаг мэт чөлөөт бүсэд байгуулж, Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр заасан байлаа. Мөн 40 хувийн татвар болон бусад олон дагалдах татвар, хураамжаас төсөвт нэлээдийг төвлөрүүлэх зорилготой байв. Гэвч төр, засаг солигдож, хуулийн төслөө өлгийдөж амжилгүй огцорсноос дөрөв дэх оролдлого найдваргүй болсон нь энэ.

Тэгэхээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэхээн сэргээх амь тариагаар эрхэм гишүүд казиног сонгох гэж буй бололтой. Казиногоор мөнгө олж болно гэдэгтэй маргах хүн байхгүй. Гэхдээ төрийн хараа хяналт дутвал цөөхөн хүн амтай манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний хор уршигтай гэдгийг эрх биш манай түшээд мэдэж байгаа байх. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэрээр "шаазгай суух овоо" босгохгүй байх нь чухал юм. Юутай ч дөрвөнтөө сэдэхэд дөрвүүлэнд нь бүдэрсэн казино эцэст нь “төрж” хямралыг давах гарц болохыг үгүйсгэхгүй.


САНАЛ БОЛГОХ