Орон сууцны борлуулалт огцом буурчээ

Мэдээ

Бага хүүтэй ипотекийн зээл олголт удаашраад байгаатай холбоотойгоор аравдугаар сард орон сууцны борлуулалт огцом буурсан тухай “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ. Шинэ болон хуучин орон сууцны борлуулалт аравдугаар сард өмнөх сараас болон жилийн өмнөхөөс 30 гаруй хувиар буурсан байна. Аравдугаар сард нийт 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Үүний 10.5 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл. Харин 24.2 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” буюу Монголбанкнаас өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр дамжуулан олгосон зээл ажээ. Цаашид арилжааны банкнуудын эх үүсвэрээс үл хамааран өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлнэ гэж Монголбанк мэдээлж байна.

Аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 43 мянган айлын 321 шинэ орон сууцны төсөл хэрэгжиж байсан. Үүний 28 мянган айлын орон сууц ашиглалтад орж, 78 хувь нь зарагджээ. Энэ нь өмнөх саруудаас мөн л буурсан үзүүлэлт болж байгаа юм. Сүүлийн сард улирлын нөлөөгөөр зарим барилгын ажил зогссон, үүнээс шалтгаалан худалдан авалтын захиалгаа зогсоосон нь борлуулалтын эцсийн дүнд нөлөөлжээ. Хэдийгээр эдийн засгийн өсөлт, эрэлт бага байсан ч орон сууцны үнэ их хэмжээгээр буурахгүй байгаа аж.

“Тэнхлэг зууч” компанийн мэдээлж байгаагаар аравдугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс анх тооцож эхэлсэн 2013 он буюу суурь үеэс 1.1 хувиар өссөн. Харин өмнөх сараас 0.16 хувиар, оны эхнээс 4.1 хувиар, жилийн өмнөхөөс 5.6 хувиар буурсан байна.


САНАЛ БОЛГОХ