“Moody's” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг CAA1 болгон бууруулав

Мэдээ

Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулж, CAA1, тогтвортой гэж үнэллээ. Удаан хугацаанд ажиглагдаж байсан гадаад эдийн засгийн хүндрэл, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт зэрэг шалтгаанууд энэ шийдвэрт хүргэсэн гэдгийг “Moody’s” онцолж байна. Харин Сангийн яам болон Монголбанк "Энэхүү шийдвэр нь бодит байдалд нийцэхгүй" гэж үзэж байгаагаа албан ёсны мэдэгдлээрээ дамжуулан илэрхийллээ. “Moody's”-ийн албан ёсны мэдээлэлд тэмдэглэснээр, дээрх зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар бага байгааг илтгэж байгаа ажээ. Зөвхөн 2017 онд Монгол Улсын Засгийн газар нийт 0.8 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулах шаардлагатай болохоор байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.5 хувьтай тэнцэхээр байна.

Энэхүү өрийг санхүүжүүлэхийн тулд гаднаас зээл авах боломж хэдийн маш хомс болсон гэж дүгнэжээ. "Moody's"-ийн тооцоолсноор богино хугацааны өр төлбөрүүдээ барагдуулахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүний 20-иос дээш хувийн санхүүжилт татах шаардлага үүсээд байгаа аж. Цаашлаад эдийн засгийн өсөлтийн төлөв буурч байгаа учраас өр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа огцом нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тухайлбал, 2015 онд 53.6 хувьтай байсан өр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа энэ онд 81, 2018 онд 90 хувьд хүрэхээр байна гэж үзжээ. Гэхдээ энэхүү эрсдэлтэй байдал цаашид үргэлжлэх эсэх нь Засгийн газар хоёр талт болон олон талт санхүүжүүлэгч байгууллагуудын тусламжид хамрагдаж чадах эсэхээс шалтгаална гэдгийг “Moody's” тайландаа онцолсон байна. Үүнээс гадна дээрх чиглэлээр Олон Улсын Валютын Сан болон бусад түнш орнуудтай яриа хэлэлцээ хийж байна. Тухайлбал, Олон Улсын Валютын Сангийн эхний баг Монголд ажиллаад буцахдаа шийдвэрлэх гол асуудлууд дээр нэгдсэн байр суурьт хүрч чадсан гэдгээ илэрхийлсэн нь эерэг мэдээ гэж хэлж болохоор байгаа аж.

Түүчнлэн хэд, хэдэн сувгаар санхүүжилт орж ирэх зөвхөн эдийн засгийн бус улс төрийн гарцууд бас харагдаж байгаа юм. Аравдугаар сарын сүүлээр Монгол Улс АНУ, Хонгконг зэрэг зах зээлд "roadshow" хийснийг харьцангуй эерэгээр хүлээж авсан тухай Сангийн яам онцолж байна. Мөн УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой хөтөлбөрийг хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, богино хугацаанд хүндрэлээс гарч, цаашлаад Монголд орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хөдөлгөнө гэдгээ Засгийн газар онцолсоор байна. Эдгээр алхмууд нь Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу хийгдэж байгааг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. “Moody's” агентлаг ч зарим талаараа эерэг төсөөлөл гаргасан бөгөөд III улиралд 1.6 хувиар агшсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 онд эргэн сайжрах төлөвтэй байн гэж үзжээ. Мөн “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаар дамжин 2018 оноос уул уурхайд тулгуурласан гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эргэн нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж тооцоолсон байна. Ийнхүү “Moody's” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа бол “Fitch”, “S&P” агентлагуудын үнэлгээгээр “B” ангилалд багтсан хэвээр байна.



САНАЛ БОЛГОХ