“Moody's” агентлаг Монгол Улсын арилжааны банкнуудын хадгаламжийн зэрэглэлийг бууруулав

Мэдээ

“Moody's” агентлаг Монгол Улс болон Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулсныхаа дараа арилжааны банкнуудын талаарх үнэлгээгээ шинэчилжээ. Монгол Улсын арилжааны долоон банкны төгрөгийн хадгаламжийн урт хугацааны зэрэглэлийг B3-аас CAA1 болгож бууруулж байгаагаа зарлалаа. Эдгээр банкны гадаад валютын хадгаламж CAA1 зэрэглэлтэй байсныг мөн нэг шат бууруулж, CAA2 болгоод байна. Өнгөрсөн баасан гарагт тус агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат бууруулаад байсан юм. Арилжааны банкнуудын үнэлгээг шинэчилж байгаа нь банкны салбар макро-эдийн засгаас өндөр хамааралтай байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Мөн дотоодын арилжааны банкнуудын бизнесийн үйл ажиллагаа нь олон улсад төрөлжиж амжаагүй байгаа учраас “эдийн засгийн аливаа савлагаанд мэдрэг” гэж үнэлжээ.

Цаашдаа банкнуудын активын чанар муудаж, ашигт ажиллагаа буураагүй нөхцөлд зээлжих зэрэглэлийг богино хугацаанд эргээд өсгөх боломжтой гэж “Moody's” мэдээлж байна. Эдгээр долоон банкны зэрэглэл нь улсынхтай ижил байгаа учраас макро эдийн засгийн орчин зэрэгтэй нийцтэйгээр өсөх боломжтой ажээ. Харин удаан хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ тухайн банкны нийт зээлийн есөн хувиас илүү түвшинд хадгалагдах, тодорхой хугацаанд алдагдал хүлээх зэрэг нь зээлжих зэрэглэлийг дахин бууруулах шалтгаан болно гэдгийг анхааруулж байна. Аравдугаар сарын эцсийн байдлаар системийн хэмжээнд олгогдсон нийт зээлийн 7.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 9.1 хувь нь чанаргүй ангилалд багтаж байжээ.

Хугацаа хэтэрсэн зээл жилийн өмнөхөөс гурван хувиар, чанаргүй зээл 30 хувиар огцом өссөн байна. Хэдий тийм боловч зээлжих зэрэглэл тогтоогч агентлагийн үнэлгээ нь цаг хугацааны хоцрогдолтой эдийн засгийн мэдээлэлд тулгуурладаг учраас, Монголын эдийн засагт өнгөрсөн хугацаанд ажиглагдсан эерэг өөрчлөлтүүдийг тусгаагүй гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ