S&P: Монгол Улс одоогийн үнэлгээгээ хадгалах боломжтой

Мэдээ

Олон улсын үнэлгээний хоёр агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа бол “S&P” агентлаг “Одоогийн үнэлгээгээ хадгалах боломжтой” гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай танилцсаныхаа дүнд B-, “Тогтвортой” гэх үнэлгээгээ 2017 оны хоёрдугаар хагас хүртэл хадгалах боломжтой гэж дүгнэсэн талаар Сангийн яамнаас мэдээллээ. Тус агентлаг өнгөрсөн наймдугаар сард Төв банк бодлогын хүүг огцом нэмэгдүүлсний дараа зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ нэг шат бууруулж, B- болгоод байсан юм. Ингэхдээ эдийн засгийн 2016 оны өсөлтийн өмнөх хүлээлтээ хоёр дахин бууруулж, 1.3 хувь болгоод байв. Энэ нь одоогоор олон улсын үнэлгээний байгууллагууд дунд хамгийн өөдрөг хүлээлт болоод байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайд хэт тулгуурласан, гадаад эдийн засгийн орчны савлагаанд хэт мэдрэг, мөнгөний бодлогын уян хатан чанар хязгаарлагдмал байгаа зэргийг сөрөг хүчин зүйлсээр нэрлэжээ. Нөгөө талаас уул уурхайн томоохон төслүүд нь ирэх 12 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой байгааг онцолж байна.

Үүнээс өмнө өнгөрсөн 11 дүгээр сард “Moody's” болон “Fitch” агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тус бүр нэг шат бууруулаад байсан юм. Олон улсын үнэлгээний байгууллагуудын хувьд Монгол Улсын Засгийн газар гаднаас санхүүжилт татаж чадах эсэхээс эдийн засгийн цаашдын төлөв шууд хамаарна гэж үзэж байна. Мөн дунд, урт хугацааны өөдрөг төлөвөө хадгалсаар байгаа юм.



САНАЛ БОЛГОХ