Сувдаг удирдлагуудын үржихийн хүрдээр өсгөсөн өр

Нийтлэл

Ирэх онд төрийн өмчит таван компанийг бүрэн хувьчилна

Төр муу менежер гэдгийг төрийн өмчийг үнэгүйдүүлж авах гэсэн хүмүүсийн гаргасан хэллэг хэмээн зарим хүн тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах нь байтугай алдагдлын хэмжээ нь үлэмж нэмэгдэх болсон. Тухайлбал, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй байгаа “Мон Атом” компани 6.6 тэрбум төгрөгийн өртэй байна. Тус компани нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр уран болон цацраг идэвхт ашигт малтмал эрж хайх, олборлох, үйлдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд ганцхан ажилтантай байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

Мөн Монголын эдийн засгийг бүхэлд нь эрчимжүүлнэ гэх найдварыг тээж байсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаа 2014 оноос зогсонги байдалд шилжсэн юм. Гэвч 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй уг төрийн өмчит компанийн өр 10 тэрбумаар хэмжигдэж байгаа аж.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 аж ахуйн нэгжээс 40-д нь хяналт шалгалт хийж, өр авлагын хэмжээ өсөх болсон Сувдаг удирдлагуудын үржихийн хүрдээр өсгөсөн өр шалтгааныг тодорхойлсон байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн есдүгээр сард Ажлын хэсэг байгуулан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тайлан балансад дүгнэлт хийсэн юм. Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 аж ахуйн нэгжийн өр 2012 онд 3.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар 10.8 их наяд төгрөгт хүрсэн. Гуравхан жилийн хугацаанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр даруй гурав дахин нэмэгдсэн гэсэн үг. Ингэхдээ 29 компанийн өр авлага нийт төрийн өмчит 87 аж ахуйн нэгжийн өр төлбөрийн 95 хувийг эзэлж байгаа аж. Энэ хүрээнд хяналт шалгалтад хамрагдсан 87 төрийн өмчит аж ахуйн нэгжийн өр авлага, алдагдлыг бууруулах чиглэлийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгсний дагуу дээрх хяналт шалгалтыг хийж эхэлжээ.

Үйл ажиллагаа явуулахгүй байгаа “Мон Атом” компани 6.6 тэрбум төгрөгийн өртэй

Шалгалтаар эдийн засгийн өсөлттэй үед үр ашиггүй төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн нь өрийн хэмжээ өсөхөд голлон нөлөөлжээ. Тухайлбал, Монголын цахилгаан холбоо, Дипломат үйлчилгээний газар, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг байгууллагаас 420 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн гадаад валютын ханшийн зөрүүний эрсдлийг тооцоогүй зөрчил илэрлээ. Үүнээс гадна мэргэжлийн бус удирдлагыг томилсон, Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай хэт хутгалдан оролцсон нь өр үүсэх болсон шалтгаан хэмээн үзжээ.

Иймд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад хугацаатай, эргэн тайлагнах үүрэг даалгавар өгчээ. Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлага, бүтцийг өөрчлөх хүрээнд ТУЗ- ийн гишүүнээр 350 орчим, гүйцэтгэх захирлаар 80 гаруй хүнийг шинээр томилжээ. Үүнээс гадна цалин, хөлсийг багасгаж, ТУЗ-ийн дарга, гишүүдийн сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байх шийдвэрт хүрчээ. Ингэснээр ТУЗ-ийн дарга, гишүүдийн сарын цалин 384 мянган төгрөгөөс ихгүй байх юм. Түүнчлэн ТУЗ- ийн гишүүн шалтгаангүй хоёроос дээш удаа хурал таслах, хувийн ашиг сонирхлоор эсрэг санал өгсөн тохиолдолд эргүүлэн татах зэрэг зохицуулалт хийхээр болсон байна.

Дашрамд дурдахад, ирэх онд төрийн болон төрийн өмчит таван байгууллагыг бүрэн хувьчлах, найман байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн зургаан байгууллагын бүтцийг өөрчлөхөөр төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлжээ.

САНАЛ БОЛГОХ