Эргэлзээ төрүүлсэн шийдвэр

Нийтлэл

Улс төрийн намын тухай хуулийн 13.3 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж буй

Ардчилсан намын ротаци Монголдоо анхдагч шударга сонгууль гэсэн имижээр олон нийтэд танигдаж байлаа. Тиймээс ч тус намын гишүүд ротацийн сонгуульд идэвхтэй оролцож, тойрог бүрээс Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ тодруулдаг байв. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сард хуралдсан VII Их хурлаас намын шат шатны удирдлага болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийг ротаци буюу дотоод сонгуулиар тодруулах шийдвэр гаргасан. Энэ дагуу нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа 10 хоног үргэлжилж, өнгөрсөн лхагва гарагт дуусав.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дууссантай зэрэгцэн Улсын дээд шүүх хуралдаж, Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан нь тус намынханд эргэлзээтэй олон асуулт үлдээв. Тодруулбал, Ардчилсан намд хуучин дүрэм үйлчилж байна уу, эсвэл Улсын дээд шүүхийн босго давж чадаагүй дүрэм үйлчилж байна уу гэдэг нь анхаарал татав. Үүнээс үүдэн дотоод сонгуулийг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа нь аль дүрмээр явж байна вэ гэдэгт намын гишүүд нь хариулт нэхэж байна. Улсын дээд шүүхийн тайлбараар бол Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй аж. Гэхдээ дүрмийн ямар заалт нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн нь бүрхэг байгаа юм. Тиймээс Ардчилсан намын гишүүд урьдчилсан таамаг дэвшүүлж, Улсын дээд шүүхийн шийдвэр албан ёсоор гарахыг хүлээж байна.


Урьдчилсан таамгаар бол дүрмийн нэмэлт, өөрчлөлт Улс төрийн намын тухай хуулийн 13.3 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж буй. Тодруулбал, уг заалтад “Намын Их хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна” хэмээн заасан байдаг. Гэтэл Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний бодлогын хорооны гишүүдийг нийт гишүүнийхээ санал хураалтаар тодруулахаар тусгасан. Тус намын дүрэмд “Их хурлын чөлөөт цагт ажиллах төлөөллийн төв байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо мөн” хэмээн заасан бий. Ингэснээр Үндэсний зөвлөлдөх хороо нь төлөөллийн төв байгууллага учир гишүүдийг нь намын нийт гишүүний санал хураалтаар тодруулах нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг аж. Гэхдээ ардчилсан зарчмаар буюу нийт гишүүнийхээ санал хураалтаар төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох нь зөв алхам гэдэг байр суурийг илэрхийлэх Ардчилсан намын гишүүн цөөнгүй байна. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг ирснийг ч онцолсон.

Хэрэв дээрх таамаг үнэн бол Ардчилсан намын дотоод сонгуулийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах. Эсвэл Улс төрийн намын тухай хуульд нэн яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр л зам үлдэж байгаа юм. Тус намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй. Улсын дээд шүүх манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүнээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Намын дарга С.Эрдэнэ ч үүнтэй санал нэг байгаагаа дуулгаж, хуучин дүрэм үйлчилж эхэлснийг онцолсон. Гэхдээ хуучин дүрэм үйлчилснээр дотоод сонгуулийн зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэв. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх учир Ардчилсан намын удирдлага мөрдлөг болгосон нь энэ.

Товчхондоо, Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг буцаах болсон Улсын дээд шүүхийн шалтгаан олон асуултад хариулт өгөх юм.
САНАЛ БОЛГОХ