329 ам.долларын үнэтэй “iPad”, бас улаан өнгийн “iPhone”

Мэдээ

“Apple” компани шинэчилсэн, хямд үнэтэй “iPad” болон улаан өнгөтэй “iPhone 7” гар утсыг танилцууллаа. Эдгээр бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг ДОХ-той тэмцэх аянд хандивлана гэж тус компани мэдэгдсэн байна. “Apple” компанийн шинээр танилцуулсан "retina" дэлгэцтэй, 9.7 инчийн буюу 24.6 сантиметрийн хэмжээтэй "iPad"-ийн үнэ 329 ам.доллараас эхлэх юм. Түүнчлэн тус компани улаан өнгийн хөнгөн цагаан гадаргуутай “iPhone 7” болон “iPhone 7 Plus” гар утаснуудын шинэ загварыг танилцуулав. Энэ нь “Apple” болон “Red”-ийн урт хугацааны түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг ба борлуулалтаас "Global Fund"-ийн ХДХВ болон ДОХ-той тэмцэх аянд хандивлахаар төлөвлөсөн байна.

"Бид "Red"-тэй 10 жилийн өмнөөс хамтран ажилласан. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг худалдан авч хурдтай тархаж буй ДОХ-той тэмцэх тэмцэлд хувь нэмрээ оруулах боломжтой. IPod Nano-оос эхлээд өнөөдрийн Beats-ийн бүтээгдэхүүн, “iPhone, iPad” болон “Apple Watch”-д зориулсан нэмэлт хэрэгслүүдийг бүтээхэд бид хамтран ажилласаар ирсэн" гэж “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. “Apple” компани “Global Fund”-ийн хамгийн том тусламж үзүүлэгч ба нийт 130 гаруй сая ам.долларыг хандивлажээ.




САНАЛ БОЛГОХ