Төрийн албаны халаа сэлгээнд цэг тавина

Нийтлэл

Төрийн алба улс төрөөс хараат бус байх боломж бүрдэнэ

Засгийн эрх барих нам солигдох бүрт халаа сэлгээ хийдэг бичигдээгүй хуульд хүчин мөхөстдөг төрийн албаны нүүдэл, суудал эцэстээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэж байсан удаатай. Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа яамдыг салгах, нийлүүлэх, нэршлийг солих, агентлагийн харьяаллыг өөрчлөх зэргээр төрийн албаны тогтвортой, залгамж чанартай байх зарчмыг алдагдуулдаг.

Уг нь төрийн албыг төрлийн алба бус мерит зарчмаар буюу жинхэнэ чадварлаг, мэргэшсэн боловсон хүчний бодлогоор хөгжүүлэхийн төлөө байгуулсан байдаг. Харамсалтай нь, улс төрийн тоглоомын “золиос” болсон хүчгүй, чадамжгүй төрийн алба манайд байгаа цагт шударга төртэй байна гэж мөрөөдсөний ч хэрэг алга. Улс төрийн нам төр, засгаас дээгүүр эрх ямба эдэлж байгаа энэ байдалд цэг тавьсан цагт төрийн алба тогтвортой байх боломжтой.

Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэх энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн алба улс төрөөс хараат байх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж буй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уг хуультай холбоотой тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, бүлгийн гишүүдийн саналыг тусгалаа. Одоо мөрдөж байгаа хууль долоон бүлэг, 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан төсөл 33 бүлэг, 109 заалттай. Хуулийн гол онцлог нь төрийн албан хаагчийг улс төрөөс хамааралгүй байхаар тусгасан. Иргэдийн гол шүүмжлэл бол “Төрийн алба тогтворгүй, сонгууль бүрийн дараа өөрчлөгдөж байгаагаас төрийн албаны чадвар, чансаа муудаж байна” гэдэг. Иймд хуулийн төсөлд “шатлан дэвших” заалтыг голчлон тусгасан. Тодруулбал, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх шаардлагыг тавьж байгаа. Яамны газрын даргаар ажиллах хүн төрийн албанд найман жил ажилласан байх ёстой. Энэ нь төрийн албыг чадавхижуулах гол үндэс” гэв.

Төсөлд төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэхээр боловсруулжээ. Жишээлбэл, хууль бус томилгоо хийсэн, ажлаас хууль бусаар чөлөөлснийг Төрийн албаны зөвлөл болон шүүхээр тогтоосон тохиолдолд гарах хохирлыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Цаашлаад хуулийн төсөлд төрийн албан хаагчийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой тусгасан байна. Төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хараат бус Олон нийтийн зөвлөл байгуулах юм байна. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын бодлогыг олон хуулиар зохицуулж байсныг шинэ хуулиар нэгтгэн зохицуулах бөгөөд төрийн албаны чиглэлээр Засгийн газрын эрх үүргийг нэлээд өргөжүүлсэн байна. Төрийн албан хаагчийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэхэд анхаарна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлж, хууль бусаар ажлаас халагдсан, төрийн албаны шалгалтыг хууль бусаар явуулсан тохиолдолд Төрийн албаны зөвлөл тухайн шийдвэрийг хүчингүй болгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хууль бус шийдвэртэй холбоотой асуудал өмнө нь зөвхөн шүүхээр шийдэгддэг байсан. Тэгвэл цаашид шүүх дээр очихоос өмнө Төрийн албаны зөвлөл шийдэх боломж бүрдүүлж байгаа аж.

Үүнээс гадна байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлт нэрээр ажлаас халахыг хориглоно. Ингэснээр Засгийн газар байгуулагдаж, нэрээ солих бүрт төрийн албанд халаа сэлгээ хийгдэхгүй гэсэн үг.

Түүнчлэн төрийн албаны удирдах албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн үед түүний үүргийг зөвхөн дэд дарга гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгажээ. Түр орлон гүйцэтгэгч хуулиараа ямар нэг шийдвэр гаргах, элдэв томилгоо хийх эрхгүй. Өөрөөр хэлбэл, эзгүй байгаа албан тушаалыг түр хугацаагаар манаж байх л үүрэгтэй гэсэн үг. Гэтэл манайд түр орлон гүйцэтгэгч жинхэлсэн дарга нараасаа эрх мэдлээр дутахын зовлон байхгүй. Хална солино, тушаал шийдвэр гаргана, төсөв хөрөнгө хуваарилдаг. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдснаар түр орлон нэртэй “тоглогчид”- оос салах боломж бүрдэх аж.
САНАЛ БОЛГОХ