Сонгуулийн тоолуур гүйлээ

Нийтлэл

Нэр дэвшигчийг тодруулах үйл явц ийнхүү бэлдсэн сценарийн дагуу өрнөлөө

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо. Учир нь ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль МАН, АН гэсэн гол тоглогчдын дунд өрнөх юм. Улс төрийн ууган хүчин болох МАН өнгөрсөн лхагва гарагт ээлжит Бага хурлаа хуралдуулж, намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сунгаанд сойв. Тодруулбал, Бага хурлын өмнөхөн тус намын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлсэн. Санал хураалтын дүнгээр М.Энхболд 222 гишүүний санал буюу 85.7 хувь, Ц.Нямдорж 37 гишүүний санал буюу 14.3 хувийн санал авав.

Ерөнхийлөгчид өрсөлдөх тус намын дотоод сунгаа аядуу болсон юм. Хэдийгээр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дотоод сунгаанд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат- Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар Удирдах зөвлөл дээр өрсөлдсөн хэмээн тайлбарласан. Үнэн хэрэгтээ 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН засаг төрөө эмхлэн байгуулсан цагаас л тус намын нэр дэвшигч тодорсон гэхэд хилсдэхгүй. Учир нь МАН-ын дарга М.Энхболд улс төрийн жишиг, намын дүрмээсээ ухарч УИХ-ын даргаар томилогдсон нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишгийн дагуу сонголт хийсэн бол Засгийн газрын тогтвортой байдал алдагдахад хүрээд байсан юм. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр төлөвлөсөн тэрбээр Ерөнхий сайдын суудлаасаа татгалзсан. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог бичмэл хуультай учраас тэрбээр тогтвортой байдлыг хадгалахын тулд спикерийн суудлыг сонгосон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН-ын нэр дэвшигчийг тодруулах үйл явц ийнхүү бэлдсэн сценарийн дагуу өрнөлөө. Ингэснээр МАН-ын дараагийн дарга хэн болох, нөхөн сонгуульд хэн өрсөлдөх вэ гэсэн асуултын тэмдэг тус намд үлдэв.

Гурав дахь мандатыг өвөртөлж буй МАХН маргааш Бага чуулганаа хуралдуулна

Харин энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй Ардчилсан намын хувьд үйл явц эсрэгээрээ өрнөв. Өөрөөр хэлбэл, тус намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигч өнгөрсөн хугацаанд таамаг төдий байлаа. Учир нь урьдчилсан байдлаар 10 орчим хүн Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол өнгөрсөн лхагва гарагт болсон дотоод сонгуульд зургаан горилогч өрсөлдсөн. Дотоод сонгуулийн санал хураалтаар Х.Баттулга ялалт байгуулсан мэдээлэл цацагдсан ч дугаар шилжих мөчид 01:30 цаг албан ёсоор баталгаажсангүй. Ирэх бямба гарагт болох тус намын VIII Их хурлаар нэр дэвшигчээ батламжилна.

Ийнхүү 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид гараанаас хөдөллөө. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гурав дахь мандатыг өвөртөлж буй МАХН маргааш Бага чуулганаа хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулна.

САНАЛ БОЛГОХ