Зууны төслийн хаялга

Нийтлэлчийн булан

БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг санаачилгыг Зууны төсөл хэмээн тодорхойлов

Их гүрэн агуу амбийцтай болсныг та анзаарав уу. Урд хөрш дэлхийг өөрчлөхөөр зориг шулуудчихаж. Гэхдээ “бид өөрчилнө”, “цэнхэр гарагийг манлайлна” хэмээн цээжээ дэлдсэнгүй. Харин үг хийгээд үйлдлээрээ энэ санаагаа ил болгосоор.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д олон улсын хамтын ажиллагааны “Нэг зам, нэг бүс” чуулган болж, өндөрлөв. Хятадын нийслэл Бээжинд болсон уг чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан тэргүүтэй дэлхийн 30 орчим улсын төрийн тэргүүн, цэнхэр гарагийн 130 орны төлөөлөгч, олон улсын 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцжээ. Урд хөршийн саарал хотыг зорьсон оролцогчдын тооноос Бээжингийн зүтгүүлж буй “Нэг зам, нэг бүс” санаачилгын нэр хүнд, сүр хүчийг харж болохоор байсныг олон улсын ажиглагчид онцолж байна. Харин чуулганд оролцогчдын үг уг санаачилгын үр нөлөөг дэлхийн тавцанд тунхагласныг шинжээчид тодотгож байгаа юм.

ӨСӨЛТИЙН ХҮЧ
Энэ бол Зууны төсөл. БНХАУ- ын дарга Ши Жиньпин уг санаачилгыг ийн тодорхойлов. Зүгээр ч нэг биш, дэлхийн шинэ итгэл найдвар хэмээн тэрбээр дүгнэж байна. Энэ сарын 14-15- нд болсон чуулганы үеэр урд хөршийн дарга “Уг санаачилга нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хүчийг бий болгож, хөгжлийн цоо шинэ хэлбэрийг цогцлоож, эдийн засгийн даяарчлалыг тогтворжуулна. Зөвхөн Ази, Европ, Африкаар хязгаарлагдахгүй, дэлхийн бүх улс оронд нээлттэй” хэмээн мэдэгдсэн юм. Хятадын төрийн тэргүүний үг хэтрүүлэг бишийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ч батлав. Тэрбээр урд хөршийн энэ санаачилгын үр дүнг үлэмж хэмжээгээр сайшаажээ. Өөрөөр хэлбэл, олон улсын удирдагчдын мэдэгдлээс нэгэн цагт уриа, лоозон төдий байсан “Нэг зам, нэг бүс” санаачилга өдгөө дэлхийн хөгжлийн зүтгүүр, өсөлтийн найдвар болчихоод байгааг харж болно.

Ингэхэд энэ төсөл анхнаасаа ийм хэмжээний өндөр ач холбогдолтой байсан бил үү. Эргэн санахад, 2013 оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ Торгоны замыг сэргээх санаачилга танилцуулсан. Энэ нь тэртээ олон зууны өмнө Ази, Европыг хэлхэж байсан Торгоны замыг шинэ зуунд эргэн авчрахад чиглэж байв. Тиймээс Азийн хэдхэн орныг хамарч байсан юм.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд л санаачилга “зүс”-ээ ч, зорилгоо ч тэр өөрчилсөөр өдгөө дэлхийг хэрсэн худалдааны дэг жаяг болон хувираад байна. Уг төслийг анх танилцуулж байхад АНУ, Канад, Англи, Герман, Франц, Япон зэрэг орнууд эсэргүүцэж, урд хөршийн зүг ууртай харцчулуудаж байсан. Гэтэл өдгөө төлөөлөгчдөө илгээн, дэмжихээ илэрхийлж байх жишээтэй.

ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ЮУ БҮТЭЭВ

Яагаад улс орнуудын санаа бодол ийн өөрчлөгдөв. Ер нь Хятад эдийн засгийн шинэ хөзрөө дэлгэснээс хойших өнгөрсөн дөрвөн жилд юу бүтээснийг эргэн саная. Одоогоор дэлхийн 65 улс уг санаачилгад нэгдсэн. Цаашид энэ замаар замнах улс орнуудын цуваа ч тасрахгүй байна. Үүнээс гадна Дэлхийн банк, ОУВС тэргүүтэй байгууллагууд түншлэхээ мэдэгдээд байгаа ч тэднийг хүлээлгүй Бээжингийн холбоотнууд санхүүгийн хэд хэдэн тоглогчийг өнгөрсөн жилүүдэд төрүүлж амжсан юм. Бидний сайн мэдэх Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт банк бол үүний нэг жишээ. Үүнээс гадна Торгоны замын сан, БРИКС-ийн Шинэ хөгжлийн банк гээд Хятадын амбийцийг “амилуулах” олон байгууллага бий болсон. Үүгээр зогсохгүй илүү ч өргөжүүлэхээ амлаад байна. Тодруулбал, Торгоны замын сангийн хөрөнгийг 100 тэрбум юаниар зузаатгаж, урд хөршийн Хөгжлийн банк, Экспорт, импортын банкнаас 130-250 тэрбум юанийн тусгай зээлийг дэд бүтэц, үйлдвэрлэл, банк санхүүгийн хамтын ажиллагаанд нийлүүлэх аж. Үүнээс гадна ирэх таван жилд Торгоны зам дагуух орнуудаас хоёр их наяд юанийн импорт хийнэ. Өмнөд хөршийн дарга Ши Жиньпиний мэдэгдэж буйгаар энэ санаачилгын хүрээнд 800-900 тэрбум юанийн мөнгө дэлхийн “судас”аар урсахаар байгаа аж. Тиймээс өмнөд хөршийн төрийн тэргүүн өөрийн автортай энэ санаачилгаа Зууны төсөл хэмээн ам бардам хэлж байна. Товчхондоо “Нэг зам, нэг бүс” бол ийм аварга бүтээн байгуулалт юм. Тийм ч учраас хэдхэн жилийн өмнө үл хайхарч байсан улс орнууд өдгөө итгэл тээсэн нүдээр урд хөршийг ширтэж байна.

ХУДАЛДААГ ТЭСЛЭХ ШИНЭ "ПУУЖИН"

Тэгвэл дэлхийн худалдаанд тэсрэлт авчирч мэдэх ийм “пуужин” Монголын дэргэдээс хөөрөх гэж байхад хэдэн зууны турш хуурай замыг хэлхсэн нүүдэлчид хоосон үлдэх гэж байгаа юм биш биз.

Уг санаачилгыг удирдаж буй Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны мэдээлснээр “Нэг зам, нэг бүс”-ийг эдийн засгийн зургаан коридор зангидаж байгаа. Энэ зургаан коридорын нэг нь Монголыг дайрч буй юм. Евразийг холбосон хуурай газрын хамгийн дөт зам Хятад-Монгол- ОХУ-ыг дамжин өнгөрөхөөр байгаа нь олон жилийн өмнөөс тодорхой болсон. Тиймээс ч зам дагасан мөнгөний урсгалаас хүртэхийн тулд монголчууд сүүлийн жилүүдэд энэ чиглэлд идэвхтэй байгаа. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар өнгөрсөн онд Узбекистаны нийслэл Ташкент хотноо гарын үсэг зурсан. Энэ коридорын зураглал, төлөвлөгөө нь хэдийнэ бэлэн болсон юм.

Гэвч гэрээг үзэглэснээс хойш олон сар өнгөрөөд байгаа ч дэлгээд харуулчих томоохон бүтээн байгуулалтгүй өдий хүрч байна. Олон улсын авто замын туршилтын тээврийг өнгөрсөн онд хийснээс өөр ахиц үнэндээ гарсангүй. Санхүүжилтээ хүлээсэн хэдэн төсөл нь салбарын яамны шүүгээнд “хэвтсээр”. Холбогдох албаныхан дэд бүтцийн өнөөх төслүүдэд санхүүжилт татахаар хүсэлт тавьсан хэмээн ам тагласаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл биднийг мөнгө хүлээн, толгойгоо гашилгах зуур ОХУ зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө гаргачихаад, ажилдаа хэдийнэ ханцуй шамлан оржээ.

Эдийн засгийн коридорын хүрээнд хойд хөршид дэд бүтцийн төслүүд “буцалж” байна. ОХУ-ын riss.ru цахим хуудсанд дурдсанаар зам тээврийн томоохон төслүүдийг эхлүүлээд буй аж. Тодруулбал, М54 дүгээр замыг шинэчилж, Тува, Хандгайт, Боршоо цаашлаад Монголыг дайрч Хятадын хойд нутгийг чиглэсэн зам тавих ажлыг эхлүүлжээ.

» Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ санаачилга “зүс”-ээ ч, зорилгоо ч тэр өөрчилсөөр өдгөө дэлхийг хэрсэн худалдааны дэг жаяг болон хувираад байна.
» Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны мэдээлснээр “Нэг зам, нэг бүс”- ийг эдийн засгийн зургаан коридор зангидаж байгаа.
» Эдийн засгийн коридорын хүрээнд хойд хөршид дэд бүтцийн төслүүд “буцалж” байна.
» Бид илүү ажил хэрэгч, үр дүнтэй ажиллахгүй бол дэлхийг хошууруулж буй Хятадын санаачилга Монголыг хүлээхгүй нь.
Бас хойд, өмнөд хөршийг холбосон Харбин хотын олон улсын “Тайпин” нисэх буудлыг өргөтгөж, Зүүн хойд Азийн агаарын тээврийн зангилаа болгохоор зэхэж байна. Эдгээрт нийт 350 тэрбум рубль зарцуулж байгаа бөгөөд багагүй хэсгийг нь Хятадын санхүүжилт бүрдүүлж байгаа аж. Бас Зууны төсөл дагасан санхүүжилт Төв Азиар урсаж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк л гэхэд хэдийнэ 1.7 тэрбум ам.долларын зээл олгоод буй. Гэвч шинэ банк биднийг тойруулан мөнгөө “нисгэсээр” байгаа юм. Уг нь Монгол Улс “Нэг зам, нэг бүс”-ийн тоглогч гэдэг утгаар манай дэд бүтцийн төслүүдийг сонирхох хөрөнгө оруулагчдын хандлага сул биш. Гэхдээ Монголын гэх тодотголтой төслүүдэд мөнгөө өгчих зоригтой хөрөнгө оруулагч одоогоор ховор байна.


Монгол бол Евразийн хамгийн дөт коридор. Үүнийг баталсан ганцхан баримт дурдахад, Монголын транзит тээвэр Европ- Хятадыг холбосон Манжуурын замаас бүхэл бүтэн 1135 км-ээр богино. Бас Казахстаны замаас 1600 км-ээр дөт гээд бод.

Ийм л газар зүй, геополитикийн хосгүй байршлыг бид эзлэн сууж байна. Хятадын зүтгүүлж буй энэ санаачилга алсдаа манай эдийн засагт зүтгүүр болох нь тодорхой. Тиймээс энэ чиглэлд илүү хүч, анхаарал тавих зайлшгүй шаардлага тулгараад байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бээжинд болсон чуулга уулзалтын үеэр ч манай дэвшүүлж буй “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон. Бас энэ чиглэлийн хэд хэдэн хэлэлцээг ч хийгээд амжжээ.

Гэхдээ л бид илүү ажил хэрэгч, үр дүнтэй ажиллахгүй бол дэлхийг хошууруулж буй Хятадын санаачилга Монголыг хүлээхгүй нь. Цэнхэр гарагийг хэлхсэн эдийн засгийн хөгжил хөдөлгөөн дунд бид торойн үлдэх вий.
САНАЛ БОЛГОХ