Хорвоо чи хувийн хэвшлийнхний зовлонд цадах болоогүй юу

Нийтлэлчийн булан

Хямралын үеийн стандарт арга хэмжээг улстөржүүлэх нь хямдхан сонголт

Бодлого тодорхойлогчид дахиад л хувийн хэвшил рүүгээ хайр найр гүй халдаж эхэллээ. ийм халд лага, дайралт сонгуулийн өмнө өндрөө авч байна. Үүнийг баялаг бүтээгчид сөрж дийлэх болов уу. Үүний өртөг, алдагдсан боломж нь лав хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх байх. эдийн засаг элэг дөрвөөрөө хэвтсэн өнгөрсөн жилүүдэд ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж байсныхаа хариуд татвар төлөгчид өнөөдөр баалуулж суугаа нь гомдмоор. Улстөржсөн хийрхэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хаврын түймэр шиг аслаа. энэ нь монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээс эхтэй болж байгаа юм.

Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гол байгууллага нь төв банк. Энэ тусгай статустай байгууллага мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгийн сул талаа засах тохиргоог байнга хийж ирсэн. Зөвхөн Монгол Улсад биш дэлхийн өөрийгөө тоодог бүхий л улсад төв банкны дэмжлэгийг аж ахуйн нэгжүүддээ үзүүлсээр ирсэн. Одоо өөрийгөө тоодог бүхий л улсад дэмжлэг үзүүлсээр байна. Гэтэл Монголд өнөөдөр улстөржих сэдэв болж, тэр нь ийнхүү эрчээ авлаа.

Тэд Монголбанкны алдагдлын буруутныг эдийн засгийн өсөлтийг бий болгодог, татварын орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж байдаг хувийн хэвшил рүү уралдан чихэв. Мөн хамгийн том буруутан нь Монголбанкны экс ерөнхийлөгч Н.Золжаргал юм байна л даа. Гэхдээ тэрбээр хувьдаа ашиглаагүй болохоор хөтөлбөрт хамрагдсан компаниуд руу гол дайралт чиглэж эхлэв. Ийм яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай хамт түгээд эхэлсэн нь эрх баригч намд ашигтай гэж үү.

Алдагдал гэж цоллоод байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нь баялаг бүтээгчдэд эдийн засгийн хямралын үед үйлдвэрлэл, үйлчилгээгээ хэвийн явуулахад нь туслах зорилгоор олгосон санхүүжилт бололтой. Энэ хөтөлбөрийн автор нь Н.Золжаргал мөн үү гэвэл мөн. Харин тэрбээр өнөөдөр хямралын үед эдийн засгийг хамраар нь газар хатгуулалгүй зөөлөн газардуулсныхаа төлөө, мянга мянган ажлын байрыг хамгаалан дэмжсэнийхээ төлөө магтуулж байх ёстой бус уу.

Хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийн тодорхой хэсгийг бага хүүтэйгээр Монголбанк дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгож, үнийн өсөлтөөс өрхийн эдийн засгийг хамгаалах, улмаар дотооодын үйлдвэрлэлээ дэмжсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн доод түвшиндээ хүрч, эдийн засаг хумигдсан үед нэг ч гэсэн аж ахуйн нэгж хаалга барихаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” угтаа сэргийлсэн гэсэн үг. Эдийн засгийн хямралын үед мөчлөг сөрсөн мөнгөний бодлогыг дэлхийн улс орнууд хэрэгжүүлдэг. Энэ жишгийн бодлогыг төв банк маань хэрэгжүүлсэн нь энэ.

2012-2016 онд нийт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгожээ. Энэ нь хүнс болон шатахууны салбарт дэмжлэг болсон аж. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн зээлийн эргэн төлөлт хуваарийнхаа дагуу хийгдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа дэмжсэн зээлийн эргэн төлөлт Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтээс зөрөх аж. Дундаж давхаргад хамгийн их дарамт болдог “үнийн өсөлт” гэдэг үг Н.Золжаргалын үед бараг монгол хэлний үгсийн сангаас мартагдсан гэвэл хэтрүүлэг болохгүй.


Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгож, үр дүнд нь одоо 90 гаруй мянган өрх орон сууцтай болсон байна. Дөрвөн хүнтэй ам бүл гэж тооцвол улс төрийн утгаараа 360 мянган сонгогч юм л даа үг нь. Утааг бууруулахад зуух тараахаас илүү орон сууцжуулах нь үр дүнтэй. Үүнийг бодит ажил болгосон нь дээрх 360 мянгаар хэмжигдэнэ.

Эдийн засаг хүндхэн байхад үйл ажиллагаагаа зогсоолгүй, улс орондоо дэм болж байсан аж ахуйн нэгжүүдээ өнөөдөр үгүйсгэх зарим улстөрчид Монголбанкны “алдагдал”-д хэн нэгнийг заавал буруутан болгохоор ханцуй шамласан бололтой. Харин доллар байхад л долларын ханш тогтвортой байна гэдгийг эрхбиш түшээд минь гадарладаг байлгүй дээ. Доллар байхгүй үед дотоодод ханшийн савалгаа гарсаар л байна. Зуун жилийн дараах парламентын үед ч энэ хүндрэл хэвээр оршино.

Хоёр оронтой тоонд хэлбэлзэж байсан инфляцийн өсөлтийг тогтворжуулж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг хумьсан. Жишээ хэлэхэд, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл хөгжиж, энэ салбарт олон ажлын байр бий болов. Импортлох бус дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийхээ илүү гарсныг экспортлох талаар үйлдвэрлэгчид одоо яриад эхэллээ.

» Зөвхөн Монгол Улсад биш дэлхийн өөрийгөө тоодог бүхий л улсад төв банкны дэмжлэгийг аж ахуйн нэгжүүддээ үзүүлсээр ирсэн.
» Зарим улстөрчид Монголбанкны “алдагдал”-д хэн нэгнийг заавал буруутан болгохоор ханцуй шамласан бололтой.
» Хөтөлбөрт хамрагдсан 200 гаруй аж ахуйн нэгжээр Монголбанкинд учирсан гэх гурван их наяд төгрөгийн алдагдлыг төлүүлэхээр шийджээ.
Хөтөлбөрийн хүрээнд зээл авсан дотоодын аж ахуйн нэгж Ажлын хэсгийн дүгнэлтээр давхар буруутан нь болж байгаа юм. Тодруулбал, хөтөлбөрт хамрагдсан 200 гаруй аж ахуйн нэгжээр Монголбанкинд учирсан гэх гурван их наяд төгрөгийн алдагдлыг төлүүлэхээр шийджээ. Гэхдээ хувийн хэвшлийнхээ нэр хүндэд халдах, үүгээрээ эдийн засаг доройтох үндэс суурийг улстөржилтөөс болон тавих ёсгүй. Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуульд хувийн хэвшлийн цэгнэх оноог алдах хөрсөө ийнхүү бүрдүүлэх нь байна.

Ер нь иргэдээ ажилтай, орлоготой бас орон сууцтай болгоход чиглэсэн уламжлалт бус мөнгөний бодлогын үр дүнг өнөөдөр нийтээрээ хүртэж, 90 гаруй мянган өрх орон сууцны айл болон төвхнөөд байна. Орон сууцны хөтөлбөрүүдээс бусад хөтөлбөрийн хувьд хэрэгжилт нь зогсож, эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдсөөр энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Ирэх он гэхэд барилгын салбарыг дэмжих чиглэлээр олгосон санхүүжилтийн үлдэгдэл төлөгдөж дуусахаар байгаа аж. Энэ нь 15.5 тэрбум төгрөг юм байна. Харин хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх чиглэлээр олгосон санхүүжилтийн үлдэгдэл энэ онд багтаан төлөгдөхөөр байгаа нь маргаангүй үнэн.

Хувийн хэвшилд олгосон буюу буух эзэнтэй, буцах хаягтай “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн зээлийн үр дүнд ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг хурдасгах хөшүүрэг болох учиртай. Эс бөгөөс “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”- ийг баалсны үр дүнд үнээ ч тогтворжуулах боломжгүй болох эрсдэл бий.

Хорвоо чи хувийн хэвшлийнхний зовлонд цадах болоогүй л байна уу.
САНАЛ БОЛГОХ