Хөтөч салбарын доройтол

Нийтлэлчийн булан

Хүлээгдэж байгаа төслүүдээ хөдөлгөх цаг ирлээ

Эдийн засгаа тандаж болох олон үзүүлэлт байгаа. Түүний нэг нь чанаргүй зээлийн харьцаа. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар банкуудын олгосон нийт зээлийн 8.6 хувийг чанаргүй зээл эзлэв. Зээлийн чанар ийнхүү муудаж байгаа нь эдийн засгийн “эрүүл мэнд” тааруу байгааг илтгэнэ. Энэ байдалд төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын уналт нөлөөлж байна. Хэдхэн жилийн өмнө эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөхөд гол хөшүүрэг нь болж байсан эрдэс баялгийн салбар өдгөө чанаргүй зээлийн 20.9 хувийг эзлэх хэмжээнд хүртлээ доройтжээ. “Оюутолгой”-гоос хойш томоохон төсөл энэ салбарт хэрэгжсэнгүй.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг уул уурхайн салбар экспортын хөтөч болдог. Тэгэхдээ 90 хувийг нь бүрдүүлж байгаа. Энэ нь манай улсын эдийн засаг үндсэндээ уул уурхай дээр тогтож байна гэсэн үг. Тодруулбал, орлогын эх сурвалж маань бүхэлдээ эрдэс баялгаас хамаарч, энэ салбарыг бодлого тодорхойлогчид эдийн засгаа хөгжүүлэх гол хөзөр болгосон юм. Гэвч тус салбарт хүч сорьж байгаа компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, зээлээ эргэн төлж чадахгүй болтлоо хүндрэлд ороод байна. Тэднийг дагаад ханган нийлүүлэлт болон туслан гүйцэтгэгч компаниуд хүндхэн байдалд орцгоосон.

Монголбанкны танилцуулсан мэдээллээр уул уурхай, худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын чанаргүй зээлийг бусад салбартай харьцуулахад өндөр хувиар өсжээ. Банкуудын нийт олгосон зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 80 гаруй хувийг төгрөгөөр олгосон байдаг. Зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд огцом уруудсан нь олборлох салбарт ажиллаж байгаа хувийн хэвшилд сорилт авчирсан. Яалт ч үгүй дээрх нөхцөл байдал одоо чанаргүй зээлийн харьцаагаар ил боллоо.

Банкуудын нийт зээлийн 52 хувийг хувийн хэвшилд олгосон зээл эзэлж байгаа. Хувийн хэвшилд өгсөн зээлийн хэмжээ сүүлийн нэг жилийн дотор 3.9 хувиар өссөн боловч чанаргүй зээлийн хэмжээ буурсангүй. Тэр дундаа уул уурхайн салбар чанаргүй зээлээ “цэвэрлэж” чадахгүй байна. Төсвийн орлого талаас нь харвал уул уурхайн салбар эмзэг хэвээр. Тэгэхээр хүлээгдэж байгаа мега төслүүдээ идэвхжүүлэх, цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүсч байна. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалтыг татаж, үр дүнд нь эдийн засгийн хэвийн өсөлт хангагдах юм.

Яагаад гэвэл үйл ажиллагаа нь жигдэрч амжаагүй, дөнгөж л түүхийн эдийн сэргэлтийн мөч тохиож байгаа энэ үед зээл нь хугацаа хэтэрсэн, чанаргүй болсон компанийн хувьд үүнийгээ засахад бүхнээ дайчлах нь дамжиггүй. Тэд нэмэлт хөрөнгө оруулалт татаж л чадахгүй бол огцом өсөлт гарахгүй нь. Хэрвээ компаниудаа сэргэтэл хүлээнэ гэвэл их цаг хугацаа алдаж мэдэхээр байна. Тиймээс “Гацуурт” тэргүүтэй мега төслүүдээ хөдөлгөх арга хэмжээг даруй эхлүүлэх нь онох бус уу. Нүүрс болон бусад түүхий эдийн экспортын орлого нэмэгдэж, гадаад худалдааны ашиг дээшилж байгаа хэдий ч үр дүн нь төдийлэн мэдрэгдэхгүй байгаа юм.

“Оюутолгой”-гоос хойш томоохон төсөл энэ салбарт хэрэгжсэнгүй

Монголын эдийн засагт оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85 хувь нь эрдэс баялгийн салбарт орсон байдаг. Эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг хангаж байсан тус салбарын хөрөнгө оруулалт татах чадварын индекс 109 орноос 85 дугаарт эрэмбэлэгдэж буй. Хөрөнгө оруулалт татах чадварын индекс өнгөрсөн онд ялимгүй өссөн. Сүүлийн жилүүдэд индекс буурч байгаа нь хууль эрх зүйн ойлгомжгүй байдал, мэдээлллийн ил тод байдал, төмөр зам, авто замд холбогдох боломж сул, эрчим хүчний хангамж муу, улс төрийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалж байна гэж Фрейзерийн хүрээлэн дүгнэжээ. Дэлхийн уул уурхайн супер мөчлөг эргэн тохиохгүй бол одоогийн түүхий эдийн үнийн сэргэлт дотоодын олборлогч компаниуд үлэмж ашиг өгөх магадлал тааруу байна. Учир нь, экспортын орлогыг бүрдүүлэх нүүрс, төмрийн хүдрийн үнийн таамаг дунд хугацаанд сөрөг байгааг зарим шинжээч хэлж эхэлсэн. Тиймээс цаг хугацаа улам үнэ цэнэтэй болж байна гэсэн үг.

Төрөлжиж чадаагүй эдийн засагт чанаргүй зээл санхүүгийн хямралд унагах хэмжээний эрсдэл тээдэг. Тиймээс дэлхийн улс орнууд үүнээс сэргийлж, хөрөнгийн удирдлагын компани байгуулах замаар чанаргүй зээлээ шийдвэрлэж ирсэн. Тус компанийг байгуулахад эхний ээлжинд эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Ингэснээр компани үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Банкуудын хувьд чанаргүй зээлээ энэ хэвээр цаашид хадгалаад байх боломжгүй. Тиймээс дээрх хөрөнгийн удирдлагын компанид хямд үнээр чанаргүй зээлээ шилжүүлж, эрсдэлээ хаах юм. Уул уурхай болон худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн компаниуд дээрх зохицуулалтаар зээлээ цэгцэлнэ гэсэн үг. Гэхдээ эрх зүй нь бий болж, компани үйл ажиллагаа явуулах хүртэл чамгүй шат, дамжлага туулахаар байна. Тиймээс хөдлөхөд бэлэн болчихсон төслүүдээ дэмжихэд яаравчлах хэрэгтэй.

САНАЛ БОЛГОХ