Дундаж давхарга торгуулийн суман биш
Нийтлэлчийн булан
Өрхийн эдийн засагт татварын дарамт өөдлөх заяа олгохгүй нь
Эдийн засаг сэргэж байна гэх боловч иргэдээ торгохоо засаг мартсангүй. Тэд зардлаа танах бус харин дундаж давхаргаа оройлж яваа хэсгээ хайр найргүй хавчиж эхэллээ. Бодлого тодорхойлогчид чинээлэг дундаж давхаргыг бэхжүүлнэ гэж ярьдаг боловч бодит байдал үнэнээс их хол байна. Эдийн засгийн өсөлт нэг хувиар буурахад ядуурлын түвшин 2.7 нэгж хувиар өсөх буюу 73 мянган иргэн ядуу давхаргад шилжих эрсдэлтэй гэсэн Монголбанкны тооцоолол бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эдийн засаг агшсан нь дундаж давхаргын хүчийг улам сулруулсан гэсэн үг. Гал тэргээр зүйрлэх юм бол нийгмийн зүтгүүр нь дундаж давхарга байдаг. Энэ давхарга сул байх нь эдийн засагт өөрөө эрсдэл юм. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөр болгонд “дундаж давхарга”- ынханд чиглэсэн бодлого ордог ч тэр нь бодит байдал дээр биелэлээ олох нь туйлын бага.
Гэвч хамгийн идэвхтэй, ажил хөдөлмөр эрхэлж яваа энэ хэсэг татварын орлогод жин дарсаар. Олон жил алдагдал үйлдвэрлэж ирсэн төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрээ төр цөөлөх бус эсрэгээрээ татвар төлөгчдийн мөнгөөр тасралтгүй угжсаар байна. Зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхийн тулд иргэдийнхээ халаас руу төр маань гүнзгий гэгч гараа дүрсээр. Энэхүү дөнгөс хийвэл татвар нэмдэг үйлдэл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор олон нийтэд ил тод болов. Цалингийн босгоор татвар нэмсэн нь өрхийн төсөвт өөдлөх заяа мөд олгохгүй нь. Манай улсын нийт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай байна. Үүний тал нь уул уурхайнхан.
Худалдаа, үйлчилгээний салбарт ч хувь нэмрээ оруулж ирцгээсэн
Хэрэв мега төслүүд зогсож, эрдэс түүхий эдийн үнэ унавал тэдний ажлын байр ч хамгийн түрүүнд эрсдэлд ордог. Чухамдаа бидний өндөр гэж өөлөөд байгаа 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хэсэг 20, 30 хувь болгох боломж бидэнд бий. Оюутолгой, Тавантолгойгоор овоглосон монголчуудын хувьд дээрх статистик дэндүү чамлалттай үзүүлэлт. Бүхэл бүтэн улсын хөдөлмөрийн зах зээл үндэстэн дамнасан компаниудаас ч дорой байгаа нь энэ. Гэтэл төр засаг нь төсвийн үрэлгэн зардлаа хумих бус өрх гэрээ авч яваа олон хүний цалингаас он гараад нэмж бас хумсалж эхэлнэ гээд боддоо. Татвар нэмж төсвийн орлогоо бүрдүүлэх нь байдаг үзэгдэл мэт боловч иргэдийнхээ амьжиргааны түвшинг эргэж харах цаг хэдийнэ болжээ. Ханахгүй төрийн цадахгүй татварын бодлого энэ байдлаараа үргэлжилвэл нийгмийн дундаж давхарга “устах” аюулд хүргэж мэдэх сөрөг талтай. Өндөр цалин авах хэрээр өндөр татвар төлнө. Дэлхий нийтэд байх жишиг.
Гэвч төлсөн татвар нь төрийн тансаглал, шахааны бизнесийг дэмжинэ гэхээр шударга бус санагдаж байгаа биз. Ялангуяа хөгжиж буй орны хувьд хөгжсөн орны хэмжээнд татвар төлнө гэдэг нэг л байж боломгүй. Улсын хэмжээнд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд дөнгөж 9.8 хувьтай тэнцэж байгааг дурдсан. Уг хэмжүүр ийм бага байгаа нь ядуурал хэр хавтгайрсныг нэг талаар харуулна. Манай улсад ядуурал 2014-2016 оны хооронд найман нэгжээр буюу 21.6 хувиас 29.6 хувь болж өссөн байдаг. Ядуурал 2010 оноос хойш буурах хандлагатай байсан боловч эргээд өссөн нь энэ. ДНБ-ий өсөлтийн уухай хадах авч өрхийн амьжиргаанд онцын өөрчлөлт үл ажиглагдана. Том зургаараа эдийн засаг дээрдсэн хэдий ч өрхийн төсөв өрөөс өрийн хооронд байна. 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай байгаа хэсэг ипотекийн зээлийн цөмийг бүрдүүлдэг. Тэд худалдаа, үйлчилгээний салбарт ч өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулж ирцгээсэн.
Гэтэл ирэх оноос та 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа бол 15-25 хүртэлх хувийн татвар төлнө. Гэтэл татвар төлдөггүй нийгмийн хэсэг далд эдийн засгийг нөгөө талд хөгжүүлсээр. Энэ нь өнөөгийн татварын тогтолцооны гажуудлыг бүхэлд нь харуулна. Төсвийн зардлыг ирэх онд тэлэхийн тулд Засгийн газар өнгөрсөн онтой харьцуулахад Хувь хүний орлогын албан татвар хураалтаа төр 110 орчим тэрбум төгрөгөөр өсгөсөн. Энэ онд уг татвараас төсөвт 602 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол ирэх онд 716 тэрбум төгрөг тусгасан. Цалингийн шатлалаас уг орлогыг бүрдүүлэхээр төсөвт тооцсон юм. Хувь хүний орлогын татварын тухай хуулийн өөрчлөлтөд хамгийн их хэлмэгдэх хэсэг нь уул уурхайн салбарынхан. Тэдний дундаж цалин 2.2 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Хүйтэнд хөрж, халуунд халж, орон гэрээсээ олон хоног хүнд нөхцөлд ажилладаг уурхайчдын хувьд дээрх татварын нэмэгдэл хүнд тусах нь мэдээж. Дийлэнх нь байр болон цалингийн зээлтэй. Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дөрөв хувь нь уул уурхайн салбарынхан боловч тэд өрхийн төсвөө дангаар даах нь түгээмэл. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, ДНБ-ий тавны нэгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.
• 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай байгаа хэсэг ипотекийн зээлийн цөмийг бүрдүүлдэг.
• Хувь хүний орлогын татварын тухай хуулийн өөрчлөлтөд хамгийн их хэлмэгдэх хэсэг нь уул уурхайн салбарынхан.
• Дэлхийн өндөр хөгжилтэй орны татварын бүтцийг Монголдоо нутагшуулах гэж байгаа бол эргээд манай улсын хөгжил тэр түвшинд байгааг харах ёстой.
Тэгвэл механик, гагнуурчин, уурхайчин, туслан гүйцэтгэгч, инженер гээд бүх хүний цалин Хувь хүний орлогын албан татварт өртөхөөр байгаа юм. Тухайлбал, 2.7 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд татварын ачаалал 12 хувиар нэмэгдэж байгаа аж. Гурван сая төгрөгийн цалин авлаа гэхэд 500 хүртэлх мянган төгрөгийг зөвхөн Хувь орлогын албан татварт төлөх юм. Энэ нь татварын ил тод тайлагнал бүдгэрч, орлого далд хэлбэрт шилжих эрсдэл дагуулж байна. Дундаж давхарга гэж хэнийг хэлэх вэ. Анхдагч хэрэгцээгээ хангаж байгаа хүмүүсийг дундаж давхаргынхан гэж нэрлэх нь бий. Өөрөөр хэлбэл, өмсөх, зүүх, идэж уух, өдөр тутмын зарлагаа нөхөх чадвартай хүмүүс гэсэн үг. Үүнд, ажилтай, орон сууцтай, автомашинтай, санхүүгийн хуримтлалтай, боловсролтой, тогтсон амьдралтай, өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэх итгэл найдвартай хүмүүс багтдаг. Дундаж давхаргад хотын төвийн нийтийн орон сууцанд амьдардаг, гэр хороололд амины орон сууцтай, өөрийн хэрэгцээнд машин унаатай, хүүхдүүдээ дээд боловсрол эзэмшүүлдэг хүмүүсийг багтааж ойлгож болно. Хөдөлмөрөөрөө амьдарч буй мэдлэг боловсрол сайтай, шударга, нийгэмд хамгийн тунгалаг бүлэг хэсгийг дундаж давхарга ч гэж хэлдэг.
Түүнчлэн өөрсдийгөө аваад явчихдаг. Сэтгэл санааны хувьд хамгийн их аз жаргалтай хүмүүс гэж үзэх нь ч бий. Эдгээр тодорхойлолтыг нийгмийн 9.8 хувь хангах мэт боловч татварын дарамт тэднийг тойрохгүй нь. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэхэд дундаж давхаргын үүрэг, оролцоо их. Гэтэл дундаж давхаргын орой нь болж яваа хэсгээ автоматаар торгосоор байвал эдийн засаг дээшлэх үү. Ажлын байр олноор бий болгодог худалдаа, үйлчилгээний салбар тэлэх үү. Тэрчлэн дотоодын үйлдвэрлэл урагшлах уу. Дэлхийн өндөр хөгжилтэй орны татварын бүтцийг Монголдоо нутагшуулах гэж байгаа бол эргээд манай улсын хөгжил тэр түвшинд байгааг харах ёстой. Гэтэл манайх бараг ядуу буурай орны хэмжээнд байна. Зөвхөн Азийн өндөр хөгжилтэй орнуудын Хувь хүний орлогын албан татварыг жишээ болгож үзэхэд 25 хувийн татварыг төгрөгөөр бодоход, Японд жилийн 161 сая төгрөг, Сингапурт 512 сая төгрөг, Малайзад 200 сая төгрөгөөс дээш цалинд боддог байх жишээтэй. Тоймлон хэлбэл, дундаж давхарга торгуулийн суман биш. Гэтэл татварын ачаалал, төсвийн орлогын дарамтыг иргэдийнхээ нуруун дээр тохох нь ядуурал гүнзгийрэх шалтгааны нэг биш гэж үү.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй