Засаг гараа татаж, хөрөнгө босгох жим гаргалаа

Нийтлэлчийн булан


Бондын хэмжээгээ танаж эхэлсэн нь хувийн хэвшилд боломж олгоно


Засгийн газар төсвийн алдагдлаа хумихын тулд дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж буй үнэт цаасны хэмжээгээ ирэх онд танах шийдвэр гаргасан нь 2018 оны төсвийн бодлогод тусгалаа олов. Үүнийг хямд өртөгтэй хөрөнгө босгохоор зорьж буй хувьцаат компаниуд ховорхон тохиох боломж хэмээн онцолж байна. Ирэх оны төсвийн орлого өөдрөг хүлээлттэй байгаа тул засаг нэмж өрийн “тааз”-аа тэлэхээс татгалзав бололтой. Уг үйлдэл нь хөрөнгийн зах зээл рүү тэмүүлж буй компаниудад дэмжлэг болохоор харагдаж байгаа юм. Бизнесийн салбарт мэндэлж, өсч дэвжихийг мэрийж байгаа “тоглогч” нар хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эрэлд бүгд гардаг. Тэдний хувьд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах нь эцсийн боломж мэт байсан гэж болно. Тэгвэл өнөөдөр эхний сонголт болон орж ирлээ. Эрүүл засаглалтай компаниуд хөрөнгийн зах зээлд гарах гэж зүтгэх нь олширч, IPO гаргах амбийцаа ирээдүйн хувьцаа эзэмшигч, өрсөлдөгч нартаа эртнээс ил тод зарлах болов.

МИК, “Монгол Шуудан” компанийн хөрөнгийн зах зээлд авчирсан жишиг олон компанийг хувьцаа гаргах “аян”-д хөтөлсөн гэхэд хилсдэхгүй. 2.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлийнхэн ийнхүү өөрсдийн “туг”-аа хатгаж байна. Хаалттай байсан компаниуд нээлттэй болж, олон нийтэд үйл ажиллагаагаа тогтмол сурталчлан таниулах нь нэмэгдсэн юм. Иргэн болгоноо хувьцаажуулах “Эрдэнэс Тавантолгой”-н эсрэг сайн түүхийг хувийн хэвшлийнхэн бичих хувьтай болж байна. Унтаж байсан зах зээлийг сэрээх алхам баялаг бүтээгчдийн хичээл зүтгэл дор идэвхжих нь дамжиггүй. Эдийн засаг хямралтай, бизнесийн орчин хүнд сурталд идэгдэж байсан ч компаниуд бэлтгэлээ нууцхан хангаж иржээ. Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүд олон нийтийн компани болох сонирхлоо Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа илэрхийлж, тэдэнд байнга хандах нь нэмэгджээ. Энэ онд гэхэд нийт гурван компани үнэт цаасны зах зээлд гарч, үүний хоёр нь шинээр IPO хийв. Мөнгөний эргэлт удааширч, хөрөнгө оруулалт хомсдсон үед хувьцаа гаргана гэдэг давхар эрсдэл тээж байдаг. Гэтэл гурвуулаа санаанд оромгүй амжилттай болж, захиалга нь 200- 300 хувиар давж биелсэн гээд боддоо. Төсөөллөөс давсан уг өсөлт хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг өргөсөн нь гарцаагүй.

Тэрчлэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа хувьцаа гаргах замаар шийдэх боломжтойг “Ай Түүлс” компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давсан нь харуулж байгаа юм. Эдгээр нь хөрөнгийн зах зээлээс хөлжих боломж байгааг олон компанид мэдрүүлж байна. Зөвхөн төрийн өмчит хөрөнгийн биржээс гадна хувийн үнэт цаасны бирж үйл ажиллагаагаа эхлүүлсэн нааштай мэдээ бий. Энэ нь хөрөнгийн зах зээлийг онилж буй компаниудад сонголт хийх том боломж олгож байгаа. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2011 оны эдийн засгийн өндөр өсөлттэй үеийнхээ эерэг түвшинд дөхөж очоод байна. Ингэж өссөн нь хөрөнгийн бирж сайн ажилласан гэхээс илүү хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн эрэлттэй байсантай шууд холбоотой. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2017 он гарснаас хойш 58 хувийн өсөлт үзүүлж, ТОП-20 индекс 21 мянган нэгжийн түвшнийг давж 70 гаруй хувиар өссөн нь дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө өнгөлж байна. Ийм үед Засгийн газар дотоодод арилжаалж буй үнэт цаасны тоо, хэмжээгээ багасгаж, уг зах зээлээс аажмаар гарахаар зэхэж суугааг ухаалаг алхам гэхээс аргагүй. ОУВС-гийн шахалт, шаардлага ч засагт хүчтэй нөлөөлөв бололтой.

ЗГ-ын үнэт цаасны арилжаа нэг их наяд төгрөгт хүрэх төлөвтэй
Өмнөх жилүүдэд төсвийн алдагдлыг нөхөх үүднээс хөрөнгийн биржээр дамжуулан дотоодын зах зээлээс Засгийн газар хөрөнгө татаж байлаа. Энэ нь төсвийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж болоод дуусдаг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд хүрэх учиртай байсан хөрөнгө оруулагчдын мөнгийг замаас нь засаг өндөр хүүгээр үнэ цохиод авчихдаг байлаа. Ийм байдал удаан хугацаанд үргэлжилсэн тул IPO болгон амжилт дагуулдаггүй байв. Тодруулбал, сүүлийн 10 гаруй жилд Монголын хөрөнгийн зах зээл дээр ердөө 12 IPO хийгджээ. Хорь гаруй жилийн элбэг түүхтэй хөрөнгийн зах зээлд дээрх статистик мэдээж чамлалттай үзүүлэлт. Засгийн газрын дотоодод гаргаж буй бондын хүү оны эхэнд 18 хувьд хүрч, зах зээлийн жишиг хүүний босгыг эвдэж байлаа. Эдийн засгийн нөхцөл муудахын хэрээр бондын хүү өсөж, хөрөнгө оруулагчдад төлөх өрийн үлдэгдэл ч нэмэгдэж байв. Засгийн газрын бондын хүү өндөр тогтох тусам дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах хүсэлтэй компаниудын зам мухардаж байлаа.

Харин төсвийн орлого төлөвлөгөөнөөс илүү гарч, зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад валютын албан нөөц зузаарах болсноор Засгийн газарт дотоодын зах зээлээс өндөр хүүгээр хөрөнгө босгох шаардлагагүй болж эхэлсэн юм. Энэ нь хөрөнгө оруулалт хайж буй компаниудад хүслээ биелүүлэх жим гаргалаа. Санхүүгийн зохицуулах хороонд, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргах хүсэлтээ хоёр ч компани одоогоор ирүүлж, нээлттэй компанийн эгнээнд шилжих гэж байна. Хөрөнгийн зах зээлд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж ирсэн төр ганц зүйлээр ч гэсэн “жолоо”- гоо ийнхүү татаж, өндөр хүүгээр өрсөлдөгчөө намнах бодлогоос татгалзаж байна. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эргэлдэж буй мөнгө төсвийн алдагдлыг нөхөхөд бус бизнесийн шинэ түүхийг бичихэд зориулагдана гэсэн үг.

• Ирэх оны эдийн засгийн өнгө гэгээтэй байгаа нь хөрөнгийн зах зээлд IPO эрчимжих, хүссэн хөрөнгө оруулалтаа энэхүү зах зээлээс компаниуд татах найдвар нь болж байна.

• УИХ алдагдалтай төсөв хүлээж авдаггүй болох цагт хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулагч, компанийн уулзах цэг байж, хамтын ажиллагааны талбар болох учиртай.

• Засгийн газрын бондын хүү өндөр тогтох тусам дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах хүсэлтэй компаниудын зам мухардаж байлаа.

Ингэснээр Засгийн газрын бондын ноёрхол бүдгэрч, хувьцааны зах зээл давамгайлах боломж бүрдэх юм. Хөрөнгийн биржийн хувьд засгийн бондыг арилжаалах нь ашигтай боловч уг зах зээлийн үндсэн үүрэг алдагдахад хүргэх гээд байлаа. Засгийн газрын үнэт цаасны арилжаа энэ оны эхний хагас жилийн байдлаар хагас их наяд төгрөгт хүрсэн ба 2015 оны түвшинд ирсэн. Анхдагч зах зээлийн арилжаа өдгөө нийт арилжааны дийлэнх хувийг эзэлж байв. Энэ байдлаар оны эцэс гэхэд Засгийн газрын үнэт цаасны арилжаа нэг их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг засаг дотоодын хөрөнгийн зах зээлээс босгох нь. Хэрэв энэ мөнгөний өчүүхэн хэсэг нь хөрөнгө оруулалтын эрэлд гарчихсан, IPO хийхээр зорьж буй компанид хүрсэн бол ажлын байр шинээр бий болж, ДНБ-ий өсөлтөд дэм болох байв.

Гэвч үрэлгэн зардал, оновчгүй бодлогын уршиг улсын өрийг улам үржүүлсээр өдий хүрлээ. Ингэснээр зөвхөн төр хохирол хүлээх бус хувийн хэвшилд ч алдагдсан боломжийн өртөгт унах болсон юм. 2018 оны төсвийн алдагдал ДНБ-ий найман хувьтай тэнцэж байгаа. Энэ нь 2.4 их наяд төгрөгтэй дүйх бөгөөд зарлага орлогоосоо хэр хол зөрсний баталгаа билээ. Уг нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувьцаат компанийн үүрэг их. Тэдний оролцоо, идэвх хөгжиж буй зах зээлийн төлөвийг тодорхойлдог. Тиймээс төр өндөр хүүтэй бондоор дотоодын зах зээлд жин дарсаар байвал өндийх бизнес, өргөжих компани төрнө гэдэг бэрх. Ирэх оны эдийн засгийн өнгө гэгээтэй байгаа нь хөрөнгийн зах зээлд IPO эрчимжих, хүссэн хөрөнгө оруулалтаа энэ нь зах зээлээс компаниуд татах найдвар нь болж байна. Засгийн газар зардлаа ягштал тооцож, УИХ алдагдалтай төсөв хүлээж авдаггүй болох цагт хөрөнгийн зах зээл хөрөнгө оруулагч, компанийн хоорондын уулзах цэг байж, хамтын ажиллагааны талбар болох учиртай.


САНАЛ БОЛГОХ