ОУВС: 2017, 2018 онд АНУ-ын эдийн засаг 2.1 хувиар тэлнэ

Мэдээ

Олон Улсын Валютын Сан АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулжээ. Тус сан дэлхийн хамгийн хүчирхэг гүрний эдийн засгийг 2017 болон 2018 онд 2.1 хувиар тэлнэ гэж таамагласан байна. Үүнээс өмнө Олон Улсын Валютын Сан Дональд Трампын татвар бууруулах болон дэд бүтцийн зарцуулалтыг нэмэх төлөвлөгөө эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзэж байсан юм. Харин одоо энэхүү таамаг биелэхэд хүндрэлтэй болж байгааг тайлбарлалаа. АНУ-д хүн амын насжилт нэмэгдэж, үйлдвэрлэлийн салбарын бүтээмж буурч байгаа бөгөөд энэ нь Дональд Трампын дэвшүүлсэн эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх зорилтод саад учруулна гэж Олон Улсын Валютын Сан онцоллоо.

Үүнээс гадна улс төр, эдийн засгийн бодлогын тодорхой бус байдал ч сөрөг нөлөө үзүүлэхээр байна. 1980-аад оноос хойш өндөр хөгжсөн орнуудын эдийн засаг гэнэтийн өсөлтөд хүрсэн цөөн тохиолдол байгааг Олон Улсын Валютын Сан дурджээ. Иймээс АНУ-ын өсөлт ч мөн гурван хувиас давахад хүндрэлтэй гэж тус сан үзэж байна.




САНАЛ БОЛГОХ