"Alphabet"-ийн орлого 21 хувиар өсөж, 26 тэрбум ам.долларт хүрлээ

Мэдээ

“Google"-ийн толгой компани "Alphabet"-ийн II улирлын ашгийн тайлан гарсны дараа тус компанийн хувьцааны ханш буурсан байна. "Alphabet"-ийн ашиг орлогын гол эх үүсвэр зар сурталчилгааны орлого байдаг бөгөөд II улиралд энэхүү орлого буурсан дүнтэй байна. “Alphabet"-ийн борлуулалтын нийт орлогоос түншүүдэд төлсөн төлбөрийг хасаад үлдсэн ашиг нь 20.92 тэрбум ам.доллар гарчээ. Энэ нь салбарын ихэнх шинжээчдийн таамгаас дутсан үзүүлэлт болж байна. Ийнхүү зар сурталчилгааны орлогоос түншүүдэд төлөх төлбөрийн хэсэг нь 22 хувь болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, ашгийнхаа нэлээдгүй хувийг түншүүдэд төлөх ёстой болсон нь ашиг буурахад нөлөөлж эхэлсэн байна.

Ийнхүү түнш байгууллагуудад төлөх мөнгөний хэмжээ гурван улирал дараалан өсөлттэй гарсан нь таагүй үзүүлэлт боллоо. Харин нөгөө талаас ашиг ийнхүү буурахад Европын Холбоонд Монополийн эсрэг хууль зөрчсөний торгуульд их хэмжээний мөнгө төлсөн нь нөлөөлсөн байна. "Google" компани Европын Холбоонд зургаадугаар сард 2.7 тэрбум ам.долларын торгууль төлсөн нь ашиг 40 хувиар огцом буурах шалтгаан болсныг тус компани онцолжээ. Эдгээр мэдээллийн дараа "Alphabet"-ийн хувьцааны ханш 3.5 хувиар буурсан байна. “Alphabet"-ийн Санхүү хариуцсан захирлын мэдээлснээр "Google"-ийн түншүүдэд төлөх төлбөр цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ нь тус компанийн ахиуц ашгийн хэмжээ буурахад нөлөөлөх юм. Мөн "Alphabet" компани ахиуц ашгийн хэмжээгээ биш нийт ашгаа нэмэгдүүлэхэд анхаарч байгаа нь тийм ч ухаалаг биш гэж зарим шинжээчид үзэж байна.

Үүнээс гадна "Google"-ийн зар сурталчилгааны бизнес 18 хувийн өсөлттэй байгаа аж. Хэдий тийм боловч энэ нь хөрөнгө оруулагчдын хүсэж буй 20 хувийг давсан өсөлтөд хүрч чадахгүй байна. Тус компани орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж, үйл ажиллагааны шинэ салбаруудад анхаарал хандуулж байгаа бөгөөд үүнд автомат жолоодлоготой автомашины технологи болон клауд үйлчилгээ зэрэг багтаж байна. Дашрамд дурдахад, "Google"-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай "Alphabet" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болсон байна.



САНАЛ БОЛГОХ