Youtube-ийн бүтэлгүйтэл

Мэдээ

Зүй бус агуулгатай мэдээлэл устгах ажил олон сараар цалгарджээ

Бага насны хүүхдийг хүчирхийлэлд уруу татах, сэдэл төрүүлэх зорилготой этгээдүүд цахим орчин олон бий. Үүнийг дагаад интернет сүлжээний компаниуд ч болгоомжлолоо нэмэгдүүлсний нэг нь “Youtube”. Гэвч хүүхдүүдийг зүй бус үйлдлээс сэргийлэх гэсэн “Youtube”-ийн чармайлт бүтэлгүйтэж буй аж. Хэн дуртай нь дүрс бичлэг хуваалцдаг “Youtube”-ийн сүлжээнд зүй бус агуулгатай сэтгэгдэл, мэдээллийг илрүүлж, мэдээлэх зорилготой итгэлтэй зохицуулагчид сайн дураараа ажилладаг. 2012 онд эхлүүлсэн уг хөтөлбөрт хууль сахиулагчид, хүүхдийн эрхийг хамгаалах сайн дурын ажилчид багтдаг. Итгэлтэй зохицуулагчид цалин хөлс авдаггүй. Харин компани тэднийг урамшуулах зорилгоор албан ёсны уулзалт, үйл ажиллагаандаа урьж оролцуулдаг аж.

Гэвч итгэл хүлээлгэсэн зохицуулагчдын ажил “Youtube”-ийн төв дээр ихээхэн цалгардах болжээ. Зүй бус мэдээлэл, контент устгах ажил хэдэн сараар даамжирч, хүүхэд, эрх ашгаа хамгаалах гэсэн олон нийтийн хүсэлтийн өчүүхэн бага хэсэгт л тус компани хүрч ажиллаж буй талаар итгэлтэй зохицуулагчид илэрхийлсэн байна. Тухайлбал, зөвхөн 2016 оны арванхоёрдугаар сард л гэхэд нэг зохицуулагч есөн мянган зөрчил мэдээлсний 15 хувьд нь компани хариу өгч байсан байна. Харин үүнийх нь ердөө л 47 хувийг нь шийдвэрлэжээ. Зөвхөн сүүлийн хоёр сарын хугацаанд сүлжээний үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй 526 зөрчил гарсан байна. Гэвч үүний дийлэнхийг одоо болтол шийдээгүй, зүй бус мэдээлэл сүлжээнд байсаар байгаа нь “Youtube”-ийн хүүхэд хамгаалах арга механизм ердөө бэлгэ тэмдгийн чанартай байгааг илтгэж буй.

Олон нийтийн сүлжээний компаниуд садар самуун, хүчир хийлэл сурталчилсан мэдээлэл, дүрс бичлэг, зургийг хориглосон. Гэхдээ ийм агуулгатай мэдээлэл тараах орон зай одоо хүртэл байсаар байна. “Youtube”-ийн од болсон эмэгтэйчүүдийн дасгал, өглөөний дэглэмийг нь харуулсан дүрс бичлэгийн доор л гэхэд хүүхэд, өсвөр үеийнхэн биеийн галбирын талаарх яриа, бэлгийн сэдэл төрүүлэхүйц график зураг оруулдаг. Ийм сэтгэгдэл оруулсан хүүхдүүдтэй хувиараа чатлах, нууц группт элсэх цаашлаад харилцаанд орохыг санал болгодог этгээд олон байдаг байна. Тиймээс “Youtube” хүүхдийн эрх хамгаалах, эцэг эх чүүдийн сэтгэл түгшээсэн энэ мэт мэдээлэлд тун хойрго хандаж буйг нь нэрээ нууцлахыг хүссэн нэгэн итгэлтэй зохицуулагч нь шүүмжилжээ. Уг нь гуравдугаар сард “Youtube”-ийн төлөөлөгч садар самууныг өчүүхэн боловч сурталчилсан аливаа контентийг тэвчихгүй гэдгээ хэвлэлд мэдэгдэж байжээ. Гэвч энэ бүх бодлого, зарчим нь хэрэгжихгүй байгаад итгэлтэй зохицуулагчид сэтгэл дундуур байгаа аж.

САНАЛ БОЛГОХ