Бүсгүйчүүдийг онилсон аппликейшн
Фимтекийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тоо 2.5 дахин нэмэгджээ
Кэти Бьюмонт хэмээх бүсгүйн хүүхэдтэй болох гэсэн оролдлого хоёр жилийн өмнөөс эхэлжээ. Тэрбээр хэддүгээр сард жирэмсэлбэл хамгийн сайн болохыг олж мэдэхээр эмэгтэйчүүдэд зориулсан сарын мөчлөг болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ тогтмол хянах маш олон аппликейшнийг хэрэглэсэн байна.
Өдөр бүр температураа үзэж, мэдээллийг нь “Fertility Friend” хэмээх аппликейшнд оруулж, уйгагүй чармайж байсан ч эцэстээ өөрийгөө төрөхийн шаналалд орж, галзуурахаас наахна болсноо олж мэджээ. Хэдийгээр өдөр бүр оруулж буй мэдээлэлд нь үндэслэн аппликейшн үр тогтсон гэдгийг хэлж байсан ч зургаан сарын дараа ч жирэмсэн болж чадаагүй байснаа хуваалцсан байна. Тэрбээр “Боломжтой үеэ алдсан байж магадгүй гэж бодох үе байсан. Гэвч хичээх тусам шаналал нэмэгдэж байсан” гэж ярьсан байна.
Гэхдээ эмэгтэйчүүдэд зориулсан аппликейшн бүр алдаатай байдаг гэвэл үгүй. 35 настай Сара Фликт дөрвөн жилийн өмнөөс “Natural Cycles” хэмээх аппликейшн хэрэглэж эхэлжээ. “Natural Cycles” мөн л тухайн хэрэглэгчийн температурын мэдээлэлд тулгуурлан хэзээ жирэмсэлж, бас жирэмслэлтээс хамгаалахыг хэлж өгдөг. Сара аппликейшнийг гурван жил ашиглаад, өнгөрсөн жил жирэмсэлсэн байна.
Кэти, Сара нар эмэгтэйчүүдэд зориулсан аппликейшнийг жирэмсэн болох, сарын мөчлөгийн талаарх ойлголтоо зузаатгах зорилгоор хэрэглэдэг сая сая эмэгтэйн төлөөлөл.
Эмэгтэйчүүдийг онилсон фимтек (femtech)-ийн зах зээл сүүлийн жилүүдэд огцом тэлж байна. Энэ төрлийн старт-апын санхүүжилт ч нэмэгдэж буйг олон улсын “CB Insights” группийн технологийн шинжээч Зой Ливитт хэлэв. Зөвхөн Британид л гэхэд сүүлийн гурван жилийн хугацаанд фимтекийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тоо 2.5 дахин нэмэгдэж, 540.5 сая ам.долларт хүрсэн байна. Тус компанийн бүртгэлээр 2009 оноос хойш эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд зориулсан аппликейшний хөрөнгө оруулалт 1.26 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй аж. Фимтекийн зүүсгэл технологи ч гараад иржээ.
Харамсалтай нь эмэгтэйчүүдийн зарим хэсэг энэ аппликейшний боол болж буйг нийтлэлийн эхний жишээнээс тодорхой ойлгож болно. Гэхдээ энэ орон зайд байгаа бүтээгдэхүүний хэрэглээ зөвхөн жирэмсэн болох хүсэлтэй, эсвэл сэргийлэхийг хүссэн эмэгтэйчүүдээр хязгаарлагдаагүй. Германы старт-ап, таван сая хэрэглэгчтэй “Clue”-г үүсгэн байгуулагч Ида Тин “Аппликейшнийг тусламжтай магадгүй ихэнх хүн анх удаа өөрийнхөө биед орж, юу болж буйг бодитоор нь харж байгаа биз. Бие болоод эрүүл мэнд нь сайн, хэвийн байгааг мэдэх гэсэн хүслээр фимтекийг хэрэглэдэг хэрэглэгч олон” гэв. Харин Их Британийн Эрүүл мэнд, сувилахуйн үндэсний хүрээлэнгээс хэрэглэгчдэд аппликейшнийг хязгаартай хэрэглэх заавар өгсөн байна. Өөрөөр хэлбэл, аппликейшн хөгжүүлэгчдийн амалж байгаа шиг үр дүнг хүлээх хэрэггүй гэдгийг сэрэмжлүүлдэг аж.
Гэвч финтекийг жирэмсэн болох, сарын мөчлөгийн талаарх ойлголтоо зузаатгах зорилгоор хэрэглэдэг сая сая эмэгтэй дэлхий дахинд бий. Фимтекийн зах зээл гэрэлтэй байна. Ирээдүйд улам тэлэх нь гарцаагүй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндээс гадна хувь хүний эрүүл ахуй, нярайн асаргаа, хөхний саалтуурын талаар ч боловсронгуй, хэрэглэхэд дөхөмтэй фимтек хэрэгцээтэй байгаа аж
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй