ОУВС: БНХАУ-ын эдийн засгийн жилийн өсөлт 2020 он хүртэл дунджаар 6.4 хувь байна

Мэдээ

ОУВС Хятадын 2020 он хүртэлх эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүлсэн байна. Гэхдээ тус улсын санхүүгийн зах зээлд өр төлбөр нэмэгдэж, өсөлтөд дунд хугацааны эрсдэл үүсэж болзошгүй байгааг сануулсан юм. ОУВС-ийн тооцоогоор урд хөршийн эдийн засгийн жилийн өсөлт 2020 он хүртэл дунджаар 6.4 хувь байна. Харин жилийн өмнө өсөлтийн хурдыг зургаан хувь байна гэж таамаглаж байжээ. Мөн 2022 он гэхэд өрхийн, компанийн болон Засгийн газрын өр зээл ДНБ-ий 300 хувьд хүрч нэмэгдэх тооцоотой байна. Ямартай ч БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин санхүүгийн зах зээлийн бодлого тодорхойлогчдод тавих шаардлагаа нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах ажлаа эрчимжүүлж буй. Энэ үйл ажиллагааг ОУВС дэмжиж байгаагаа илэрхийлээд одоогийн өсөлттэй байгаа нөхцөлд хөшүүргийг бууруулах арга хэмжээгээ идэвхжүүлэх нь зөв гэж мэдэгджээ. БНХАУ-ын зээл олголтыг харвал, хувийн хэвшлийн салбарт олгосон зээл 2016 онд 16 хувь өссөн. Энэ нь тус улсын нэрлэсэн ДНБ-ий өсөлтөөс хоёр дахин илүү байгаа юм. Харин 2008 оноос хойш зээл олголт 80 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.



САНАЛ БОЛГОХ