Г.Хонгорзул: уртын дуу бол аялгуут түүх юм

Ярилцлага


Энэ орчлонд хүн болж төрсний утга учир уртын дуунд шингэсэн байдаг

Ард түмнээсээ "Н.Норовбанзад гуайн залгамж халаа" хэмээх өндөр үнэлэлт авсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Улаанбаатар чуулгын уртын дуучин Г.Хонгорзулыг “Хүмүүс” булангийнхаа тэргүүн хойморт урилаа. Тэрбээр СУИС-ийн үүдийг татсан анхны жилээ Ардын жүжигчин Ч. Шархүүхэний нэрэмжит уртын дууны уралдааны тэргүүн дээд гран при хүртэж, олноо ямархан авьяастай, эгэл нэгэн болохоо харуулсан. Түүнээс хойш ХБНГУ- д зохиогдсон олон улсын “Шлесвиг холстайен” хөгжмийн наадам болон “Морин хуур-98” наадмын дэд байрын шагнал хүртэж, дэлхийд данстай дуучин болсон юм. Мөн уртын дуучин бүсгүй маань 2001 онд Голландын Хатан хааны төрсөн өдөрт уригдан дуулж байжээ. Мөн 2002 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг уртын дуугаар нээсэн анхны монгол хүн болсон.
Түүгээр ч үл барам 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж, “2005 оны Монголын эрхэм элч” шагналын тав дахь эзэн болсон гээд түүний байгуулсан бахархам түүх дундрашгүй.

-Ярилцлагаа таны төрсөн цагаас эхэлье. Таны унасан газар, угаасан ус хаана вэ. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Би эгэл жирийн малчин айлын ууган охин. Дороо дөрвөн дүүтэй байлаа. Манайх Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул айл. Намар хичээл цуглахаар сумын төв рүү орж, бусад цагт Өгөөмөр бригадад өвөө, эмээгийнхээ гар дээр өсөж, өндийж хүн болсон. Хөдөө нутагт айлын ууган хүүхэд дүү нараа төрөхөд нутаг заагддаг ёстой шүү. Мөөм булаалдахгүйн тулд явахаас арга байгаагүй (инээв). Нутаг заагдсан газраа дасахаар ээж, аавдаа очих дур муутай, эмээ, өвөөтэйгээ л байх хүсэлтэй болдог юм билээ. Хүүхэд нас минь сумын төвийн сургууль, мал ахуй, өвөө, эмээ хоёрын дунд л өнгөрсөн дөө. Хөдөөний хүүхдүүдийн л адил хурга, ишиг, тугал хариулж, өвөө, эмээгийнхээ гар, хөлийн үзүүрт дэм болж, амьдралд хөл тавьсан хүн, би. Шар будаатай хоолон дээрээ бужигнаж өссөн тийм эгэл жирийн айлын охин. Хөдөөний хүн болохоор байсхийгээд л нутагтаа очдог. Нутаг минь миний хүүхэд наснаас хойш их л өөрчлөгдөж байна. Найзуудтайгаа нуугдаж тоглож өссөн дэрс, бутнууд хөлийн шагайнаас дээш давахаа больсон байна билээ.
-Таныг төрөхөд хүйн ээж тань өлгийдөн авч, ховорхон тохиох охин байна гэж хэлсэн гэдэг. Энэ тухайгаа ярихгүй юү?
-Миний үед төрсөн олон хүүхдийг эх барьж авсан хүйн ээжийг маань Хорлоо гэдэг. Баянхутаг сумаас баруун тийш Хонгорын ухаа гэж газар байдаг юм. Харахад намхан хэрнээ өгсүүр хайрхан. Хаана нь ан амьтан шивээлдэг юм гэмээр нүцгэн хэдий ч зээр, гөрөөс, үнэг, чоно ихтэй уул бий. Хонгор хайрхан тойроод хонгорзул цэцэг маш их ургадаг. Ээж минь намайг хэвлийдээ олдог тэр жил манайх энэ хайрханы энгэрт өвөлжсөн юм гэдэг. Тиймээс л хүйн ээж маань хонгорзул цэцэг ихтэй Хонгор хайрханы энгэрт олдсон учраас надад хээрийн тансаг цэцэг Хонгорзул нэрийг хайрласан юм гэсэн. Аав, ээж хоёр ч охиндоо энэ нэрийг өгнө гэж бодсон нь ийн ерөөлөөр таарсан гэж ээж маань хожим дурсан ярьсан.

Хүйн ээж намайг ховорхон тохиох охин гэж хэлсэн нь ийм учиртай. Тухайн үед хүүхэд төрөх үед цагаан хальсыг нь заавал цоолж гаргадаг байж. Одоо ч тийм. Гэтэл намайг төрөх тэр агшинд цагаан хальсыг нь цоолох гэсэн боловч цоорч өгөхгүй байсан гэдэг. Нүд ирмэхийн зуурт үлээсэн шаар шиг бөөрөнхий юм гарч ирээд, дотор нь би хөдлөөд байж л дээ. Ээж маань залуу ч байж, анхны төрөлт учраас айж мэгдэхдээ “Хүүхэд юм уу, юу вэ” гэж хэлээд хариугүй орон дээрээс өшиглөх шахсан гэдэг. Ингэж төрсөн хүүхдийн цагаан хальсыг төмрөөр цоолж болдоггүй байж. Заавал эрдэнэсийн зүйлээр цоолдог гээд Хорлоо ээж маань сүүжин алтан ээмгээрээ цоолсон юм билээ. Би дөнгөж 2.6 кг төрсөн хэрнээ хана, туурганд ан цав гартал уйлсан гэдэг. Ингээд л хүйн ээж “Монголдоо гэж томрохгүй байя, Баянхутагтаа ховор төрөх охин шүү, хайрлаж яваарай” гэж ээжид хэлсэн нь сэтгэлд нь тод үлджээ.
-Хөдөөний охин дэлхийд данстай уртын дуучин болсон түүх сонин. Танай удамд уртын дуучин хүн байдаг уу?
-10 дугаар ангиа төгсөөд сэтгүүлч болно гэж бодож байлаа. Конкурс өгөхөөр бэлдэж байсан тэр жил эмээгийн бие гэнэт муудсан юм. Надаас өөр асарч, халамжлах хүнгүй учир тэднээс яахан холдож зүрхлэх билээ. Өвөө маань намайг аргадаж, “Миний охин дараа жил сургуульд явж болно шүү дээ. Энэ жилдээ бид хоёрт хань болсон дээр байх” гэлээ. Би ч тэднээс холдож, салах дургүй байсан учир тэр жилдээ шалгалтаа хойш тавьсан юм. Ингээд нэг жил улирч шалгалт өгөх хугацаа ч дөхсөн байв. Гэтэл эмээ маань насан өөд болсон. Хөөрхий өвөө маань цор ганцаараа үлдсэн болохоор бүр ч орхиж чадахгүй, хоёр жил гаруй мал дээр өнжсөн. Залуу охинд хөдөөний амьдрал уйтгартай санагдана шүү дээ. Тэгээд л малаа хариулж явахдаа уйдахын эрхээр дуулдаг байлаа. Тухайн үед уртын дуу мэдэх нь битгий хэл радиогоор явахад нь тоож сонсдоггүй байсан. Гэсэн ч радиогоор ямар л дуу явна, бүгдийг нь сураад малын бэлчээр дээрээ цангинуулж өгдөг байв. Хүн амьтнаас айж, ичих юмгүй талын энгэрт дуулж өгнө шүү дээ. Манай нутгийнхан анхандаа намайг хөгжим, радио чарлуулаад явдаг гэж боддог байж. Сүүлдээ дуулдаг болохыг мэдчихээд гэрийнхэнд маань “Охиноо дуучин болго” гэж шахаж эхэлсэн. Ингэж л нутгийн иргэдийн шахалтаар “Хан Хэнтий” чуулгад дуучнаар орох шалгалт өгсөн. Эргээд бодоход манай ээжийн талд уртын дуучин хүн байсан юм билээ.

-“Хан Хэнтий” чуулгаас дуучин болох гараагаа эхлүүлжээ. Хөдөө хээр дуулах, олны өмнө гарах ялгаатай. Тухайн үед өөрийгөө дуучин болно гэхэд ямар санагдаж байсан бэ?

-“Хан Хэнтий” чуулгад шалгалт өгч, тэр өдөртөө шууд тэнцэж, ажилд орсон. Тэгсэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Нансалмаа багш намайг уртын дуучин болгоно гэсэн. Тухайн үед дуучин болно гэхэд тийм ч дуртай биш байсан. Гэсэн хэдий ч ямар ч гарцгүй энэ мэргэжлийг сонгосон. Хүн өөрийнхөө дурлаагүй зүйлд эхэндээ дурамчхан байдаг. Удмын авьяас байсан болохоор багшийгаа нэг их зовоогоогүй байх. Тэгээд ч багш миний төлөө цаг заваа гаргаж, уртын дууг заахаар мэрийж байсан. Тэнэг л биш бол хүн хүч хөдөлмөрөө шавхаж байгаа учир уртын дууг сурахаар сэтгэл шулуудсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Нэг их удалгүй уртын дуугаа сурч, хөдөө орон нутгаар тоглолтоор явж эхэлсэн дээ. Тухайн үед “Хан Хэнтий” чуулгын даргаар Б.Авирмэд багш байлаа. Одоо багш маань тэтгэвэртээ гарсан. Авираа багшийн хүнийг таньдаг, авьяасыг нь үнэлдэг, алсыг хардаг чанарынх нь ачаар би төдийгүй олон дуучин урлагийн салбарт хөл тавьж. Хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн ачтай, буянтай хүн.
-Та “Хэрлэнгийн домог” дуугаараа олонд танигдсан. Тэр гайхалтай уран бүтээлийг дуулах завшаан хэрхэн тохиосон бэ?
-1995 оноос “Хан Хэнтий” чуулгад ажиллаж, 1998 онд СУИС- д шалгалт өгөхөөр хотыг зорьсон юм. Тухайн үед анх удаа хот хүрээ газарт хөл тавьж үзэж байв. Хотод ганцаараа ирсэн учир шууд л СУИС-д шалгалт өгч, тэнцсэн. Ингээд Ц.Дэлгэр багшийнхаа гарын шавь нь болсон. Дөнгөж бэлтгэл курст байхдаа Ардын жүжигчин Ч.Шархүүхэн багшийн нэрэмжит уртын дууны уралдаанд Монголын нэр алдартай дуучидтай хамт оролцож, гран при шагнал хүртсэн. Эндээс миний амжилтын гараа эхэлсэн. Тухайн үед залуу ч байж. Тэр том тэмцээнд учраа мэдэхгүй ороод, сайн, муу дуулж байгаагаа ч мэдэхгүй шагнал хүртэж байлаа. Тэндээс л зарим хүнд тоогдсон. Тэмцээний дараа Чингисийн одонт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав ах надад “Хэрлэнгийн домог” хэмээх томоохон бүтээлийнхээ “Хэрлэнгийн бариа” уртын дууг дуулах санал тавьсан. “Хэрлэнгийн домог” бүтээлээр олон улсын хэмжээний хөгжмийн зохиолчдын уралдаанд шалгарах, дэлхийн олон улсаар тойрон аялах үүд хаалга нээгдсэн. Дэлхийн хэмжээнд дуулах гарааг Б.Шарав ах маань тавьж өгсөн.

-Уртын дууг хүн бүр мэднэ. Харин хаанаас үүсэлтэй, ямар учиртайг мэдэх хүн ховор. Уртын дууны түүхийн талаар яривал ...?

-Төв Азийн цээжинд орших Монгол хэмээх хүчирхэг гүрэн үүссэн тэр цагаас уртын дуу үүсэлтэй. Уртын дууг ахуйн шаардлагаар бий болсон гэдэг. Монгол хүний хүмүүжилд ч уртын дуу чухал үүрэгтэй байсан юм билээ. Эрт дээр үеэс хүмүүс хоорондоо байгалийн дуу чимээгээр харьцдаг байж. Ингэхдээ уртаар уянгалуулж, дуу чимээ гарган ярилцдаг байсан гэдэг. Улмаар үүсэл, хөгжлийнхөө явцад улам бүр төгөлдөржсөнөөр дэлхийн хэмжээний сонгодог бүтээл болсон. Уртын дууг ойлгож, сонсож чадвал өвөг дээдсийн холч ухаан дотор нь эгшиглэдэг. Тэр ч утгаараа уртын дууг би аялгуут түүх гэж боддог. Энэ аялгуут түүхийг мэдэрч сонсож чадвал гуниг, харуусал, баяр хөөр амтагдана. Тиймээс уртын дууг баясах төдий зүйлтэй харьцуулж болохгүй. Энэ орчлонд хүн болж төрсний утга учир уртын дуунд шингэсэн байдаг. -Уртын дууг хүний сэтгэлд мэдрүүлэхийн тулд чамгүй авьяас, чадвар шаардана. Уртын дуугаа эгшиглүүлэхдээ та дотоод ертөнцдөө юуг төсөөлдөг вэ? -Уртын дууг мундаг дуулна гэж хичээхээс илүүтэй нүдээр харж, гараар барьж, чихээр сонсож чаддаггүй хүний дотоод сэтгэлийн гүн рүү алсрах юмсан гэж боддог. Уртын дуугаа дуулахдаа би өөрийгөө тал нутагтаа байна гэж төсөөлдөг. Тиймдээ ч уртын дуу сонссон хүмүүс хөдөө, хээр аялах шиг боллоо гэж хэлдэг. Хүний өөрийнх нь хүрч чадахгүй байгаа тэр орчинд дагуулж очихсон гэж боддог. Дуу дуулж, хүний сэтгэлийг баясгаж байгаа цаад утга учир, мөн чанар үүнд л оршдог. -Олон улсын хэмжээний хамгийн том тайз хаана байсан бэ. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв? -“Хан Хэнтий” чуулгад байхдаа Орос, Хятад зэрэг хөрш орноор аялж байсан. Харин 2000 онд АНУ-ын Бостонд байрлах Тэнглвуд хэмээх зуны хөгжмийн хүрээлэнд очиж байв. Америкийн олон хотын хөгжимчид ирж, тоглолт хийдэг, маш том задгай театртай, хаа сайгүй хөгжим эгшиглэж байдаг хүрээлэн байсан. Олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд оролцохоор хөгжмийн зохиолч Б.Шарав, С.Сансаргэрэлтэх нарын таван хүний бүрэлдэхүүнтэй анх Бостонд очиж байснаа тод санадаг юм. Үүнээс хойш Нью-Йорк хотын Карнеги холл, Москвагийн их театр, Холливуд Боул гэх мэт дэлхийн томоохон театрт дуулж байсан. Тэдгээр газарт анх очиход үнэхээр соёлын шоконд орж, гайхамшигтай санагдаж байсныг нуух юун. Гэхдээ хамгийн гайхалтай нь юу гээч. Тэд бидний чаддаг зүйлээр гачигдаж явдгийг хараад өөрийн эрхгүй уртын дуугаараа бахархах сэтгэл төрж байсан. Тэд соёлт нийгэмд юугаар ч дутахгүй амьдарч байгаа ч монголчуудын бүтээсэн уртын дууг тэр бүр сонсож чадахгүй. Тэр сайхан бүтээлийг сонсгож, дэлхийн хүмүүст сэтгэлийн амирлал, тайвшралыг өгч байгаа нь надад таашаалтай байдаг.

-Соёлын биет бус өвийг тээгч хүний хувьд өөрийн сурсан мэдсэнээ өвлүүлэхээр гарын шавиа бэлдэж байна уу?

-СУИС-ийг төгсөөд удаагүй байхад багшлах санал ирсэн. Тухайн үед багшлах бодол байгаагүй. Харин одоо цаг нь ирсэн шиг санагддаг. Угаас хүссэн, хүсээгүй миний хийх, хүлээх ёстой үүрэг хариуцлага мөн. Тэгээд ч хүнийг хаашаа чиглүүлэх вэ гэдэг туршлага суусан болов уу. Нэг үе туршлагагүй байна гэж өөрийгөө голдог байв. Одоо ч тийм мундаг болчихоогүй л байгаа. Хүний нас гэдэг богино учраас зааж, сургах үедээ ирсэн байх гэж өөрийгөө дүгнэж байгаа. Тиймээс багшилж, гарын шавь бэлдэх байх.

"Хэрлэнгийн домог" бүтээлээрээ олон улсын тавцанд гарч, дэлхийд танигдсан


-Хамгийн сүүлд та аль улсад, ямар арга хэмжээнд оролцсон бэ. Шинэ уран бүтээл, тоглолтын сураг байгаа юу?

-ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус үнэт өвүүдийг тээгч нарыг сурталчилахаар БНСУ-ын соёлын нийгэмлэгийн урилгаар энэ сарын эхээр томоохон арга хэмжээнд оролцоод ирлээ. Манай уран бүтээлчдийн хөөмий, магтаал, бие биелгээ, уртын дууны тоглолтыг үзэгчид маш гайхалтай хүлээн авч, зарим нь уйлж байсан. Шинэ уран бүтээлийн хувьд уртын дууг санааны зоргоор шинээр зохиогоод байдаггүй. Тиймээс өөрийнхөө сурсан мэдсэнээ сэргээхээр ажиллаж байна. 2011 оноос хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байгаа. Хийх бодолтой байгаа ч хүүхдүүдийн маань нас балчир байгаа учраас одоохондоо тэдэнд цаг зав зарцуулахад анхаарч байна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юү?

-Хүмүүс олны танил хүмүүсийн амьдралыг их сонирхдог. Гэхдээ хүмүүст миний ямар уран бүтээл туурвих нь хүртээлтэй болохоос биш, яаж амьдрах нь хамаагүй гэж боддог. Тиймдээ ч олонд амьдралаа дэлгэхийг нэг их хүсдэггүй. Хүүхдүүдийн маань тухайд нас нь дэндүү бага байна. Том нь ес, дундах нь зургаа, бага нь гурван настай. Урлаг хатуу үедээ хатуу байдаг юм билээ. Яагаад ч юм урлагийн хүн болоогүй байсан бол аав, ээж, дүүтэйгээ амьдарч байх байсан болов уу гэж боддог. Би энэ амьдралд олон зүйлийг зольсон. Гэсэн ч голоо гороолгож, зүсээ бүүдийлгэж явсангүй. Анзаарсан бол ярианы эхэнд би дөрвөн дүүтэй байсан гэж хэлсэн. Хамгийн отгон дүүгээ цаг бусаар 2011 онд алдсан. Одоо дүү маань байсан бол 30 гаруйхан настай, цэл залуухан эр байх байсан. Аав, ээж хоёр маань 70 ч хүрээгүй цэл залуугаараа бурхны оронд заларсан. Тэднээсээ хойш бүх дүү нараа айл гэр болголоо. Нэг охин, гурван эрэгтэй дүүтэй байсан юм. Одоо миний гурван дүү нар энэ хүмүүний амьдралд бусдын адил өөрийн өнгө зүс, дуу хоолойгоор алхаагаа нийлүүлэн явж байгаа. -Ярилцсанд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ