Хотын замыг нөхөж барахгүй

Сурвалжилга


36 тэрбум төгрөгөөр засварын ажил хийж байна

Улаанбаатар хотын энд тэндгүй эвдэрч, цоорсон зам. Ганцхан жилийн өмнө тавьсан шинэ зам нэг өдрийн борооноор эмтэрч, машин явах аргагүй энхэл донхол болжээ. Бид хотын төвөөс баруун урагш гарч, Нарны зам, Үйлдвэр комбинат, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, 3, 4 дүгээр хороолол, Бөмбөгөр худалдааны төв, Гандан гэсэн маршрутаар явж, хотын төвд эргэж ирсэн. Ингэж хотын баруун талыг бүтэн тойроход туслах болон төв замуудад таван алхам тутамд том, жижиг хэмжээний нүх, ан цав, хагарал үүссэн байлаа. Ердөө нэг, хоёр жилийн өмнө тавьсан шинэ замууд хэдийнэ эвдрээд эхэлжээ. Шинэ замууд эвдэрсэн байхад хэдэн арван жилийг элээсэн туслах замууд ямар байх нь ойлгомжтой биз.



Эвдэрхий замаас болж жолооч нарын тэвчээр ч барагджээ. Жолооч нарын авьяас, чадварыг сорьж буй хотын замуудыг засаж эхлэхгүй бол аваар, осол гарч, хүний амь нас эрсдэх аюул тулгарч байгааг иргэд хэлж байна.

Иргэн Б “Мөргөлдөж осолдохгүйгээр хүрэх газраа дөхөж чадвал аз болно. Борооны улиралд байдал бүр ч дорддог. Учир нь борооны дараа зам дээр ус тогтчихоор нүх байгаа, эсэх нь харагддаггүй. Тиймээс зөөлөн явахаас өөр арга байхгүй. Энэ нь замын түгжрэл үүсэх шалтгаан болдог” гэв.

Зам эвдэрч, үүнийг зохих хугацаанд нь засахгүй байна гэдэг ард түмний эсрэг их буугаар галлаж, зам дээр тэсрэх бөмбөг тавьсантай адил гэж гаднын оронд үздэг. Гэтэл манай хотын удирдлагууд яг борооны улирал эхлэхийг хүлээдэг үү, ямартай ч зун дуусаж, намар хаяанд ирэхэд зам засварын ажлыг эхлүүлдэг нь гайхмаар. Зам засах нэрийдлээр энд тэндгүй том нүх ухчихна. Ингээд бороо орсны дараа ухсан нүхээ битүүлж, засах гэхээр өнөөх нь борооны усанд идэгдэж, төсөөлснөөс ч том болчихсон байдаг.


Түүнчлэн хувийн хэвшлийнхэн туслах замуудыг “будаа” болгож дууслаа. Нэг байшин барьчихаад кабелийн утас, шугам сүлжээ татах нэрийдлээр зам ухаж, сэндийчнэ. Дараа нь ухсан хэсгээ ямар ч норм стандартгүй, өөрсдийн дураар битүүлж орхино. Ингээд хэд хоногийн дараа, эсвэл борооны үеэр тухайн хэсэгт нүх, сүв үүсэж, иргэдийг хохироож байна. Энэ бүхэн хот төлөвлөлтгүй байдалтай шууд холбоотой. Хотын хэдхэн хөндлөн замууд хаагуур байдаг, хэзээ ямар засвар хийх хэрэгтэйг тооцоолсон, бодсон хэн ч байхгүй. Зөвхөн аль нэг зам там болсны дараа, аль нэг гүүр эвдэрсний хойно сая нэг сэхээ орж, хааж, хорьж, боож, түгжихийг чухалчилдаг. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодруулахад “Улаанбаатар хотын 42 газарт том, жижиг нийлсэн зам засварын ажил өрнөж байна. Замын сангийн 36 тэрбум төгрөгөөр засвар, арчлалтын ажил хийгдэж байгаа. Гурван жил болоогүй эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч компаниуд, түүнээс олон жил болсныг нь Улаанбаатар зам, арчлалт компани хариуцаж засна. Бороо ормогц л шууд очоод зам засах боломж байхгүй. Юуны түрүүнд нүх гарсан газар дээр очиж, зураг дарж баримтжуулан, тооцоо судалгааг нь хийж, захирамж гаргаж, тендер зарласны дараа ажлаа эхлүүлнэ.

Өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас нэлээд олон зам эвдэрсэн. Замын эвдрэл ямар хэмжээнд байгааг манай Мониторингийн хэлтсийнхэн газар дээр нь очиж, шалгана. Одоогийн байдлаар нөхөөс хийж байгаа төв болон туслах 60 гудамж, зам байгаа. Бид борооны дараа явж, тооцоо судалгаа хийсэн. Есдүгээр сар гараад зам нөхөх ажлууд эхэлнэ” гэв.
САНАЛ БОЛГОХ