Дээд шүүхийн шүүгчийг УИХ томилох нь буруу

Засгийн газар


Шүүгчид Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг эсэргүүцэв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг орон даяар өрнөсөн. Энэхүү хүрээнд ард иргэдээс нийт 239600 санал ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар саналуудыг цахим хэлбэрт оруулах ажил үргэлжилж буй. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа болон Улсын дээд шүүхийн шүүгчид оролцов. Мөн 21 аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд онлайнаар хэлэлцүүлэгт оролцсон. Хэлэлцүүлэгээр шүүхийн тогтолцоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, шүүгчээр томилогдох насны хязгаар болон бусад асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 24 зүйлд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Дөрвөн зүйл шинээр орж байгаа нь хяналтын эрх мэдэл, Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгохтой холбоотой. Үндсэн хуулийг судалдаг эрдэмтний хувьд дээрх 20 нэмэлт, өөрчлөлтийн 17-г зайлшгүй хийх ёстой гэж үзэж байгаа. Харин Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал орж байгааг буруу гэж үзэж байна. Нийт ард түмнээс мандат авсан ганц хүн хууль санаачлахгүй бол хэн санаачлах вэ гэдэг асуудал яригдана. Мөн Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтын алдааг нэмэлт, өөрчлөлтөөр засахгүй байгаа нь харамсалтай. Энэ заалтын алдаа нь Цэцийн шийдвэрээр шүүхийн тогтолцоог хэдэн удаа бужигнуулсан, шүүн таслах үйл ажиллагааны үр нөлөө, бүтээмжийг бууруулсан. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ алдааг засахгүй бол Монгол Улсын шүүхийн тогтолцоо хэзээ ч цэгцрэхгүй. Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар томилох Үндсэн хуулийн заалтыг өргөжүүлж, УИХ-ын санал хураалтаар томилох тухай өөрчлөлт төсөлд орж байгаа. Энэ бол буруу зохицуулалт. Дэлхий дахинд ийм тогтолцоог шүүмжилж байхад бид давтах гэж байгаа нь харамсалтай” хэмээн хатуухан байр сууриа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Шүүх эрх мэдэл”- ийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгоог УИХ руу шилжүүлж болохгүй, Ерөнхийлөгч шүүгчийг 72 цагийн дотор батламжлах асуудлыг эргэн харах нь зүйтэйг тэрбээр илтгэлдээ олон улсын туршлагатай уялдуулан тайлбарлалаа.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь “Үндсэн хуульд шүүхийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалт гэдэг хоёр асуудлыг нэгтгэчихсэн. Шүүх нь анхан, давж заалдах, хяналтын шат гэсэн тогтолцоотой. Гэтэл аймаг, нийслэлийн шүүх, сум сум дундын шүүх гээд зохион байгуулалтын асуудлыг хольчихсон.


Дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуульд заах саналаа хэлэв

Энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зайлшгүй хөндөх ёстой. Шүүхийн төсвийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бататгаж өгөхийг хүсэж байна. Улсын төсвийн тэдэн хувь нь шүүхийн төсөв байна гэдэг заалтаар шүүхийн эдийн засгийн баталгааг шийдэх боломж бий. Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-аар зөвшилцөж томилох нь шүүхийн хараат бус байдлын баталгааг алдагдуулна” гэсэн юм.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд шүүх эрх мэдлийн тухайд “Шүүхийн тогтолцоог анхан шат, давж заалдах, хяналтын шат гэдэг байдлаар заах нь боломжтой. Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ томилох нь сөрөг үр дагавар үүсгэх учраас “УИХ-д танилцуулснаар” гэдэг байдлаар үлдээх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун анхан шатны шүүгчээр томилогдох насны хязгаар 35, давж заалдах шатны шүүгчээр томилох насны хязгаар 40, Дээд шүүхийн шүүгчээр томилогдох насыг 45 болгож ажилласан жилийг 10, 15, 20 болгож уялдуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн Дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуульд заах саналаа хэлсэн юм.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн Ажлын хэсэгт танилцуулахаар болов.


САНАЛ БОЛГОХ