Шинэ Засгийн газрын эдийн засгийн сорилт

Засгийн газар


Энэ удаагийн Засгийн газрын асуудал нь ахиад л эдийн засаг

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас МАН-д өрнөсөн дотоод тэмцэл одоо л намжих төлөвтэй. Учир нь өнгөрсөн сард тус намын Бага хурал хуралдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэвшүүлэв.
Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа гүйцэтгэх засаглалын шинэ тэргүүн танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг “зурж”, УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Ингэснээр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болох юм. Тэгвэл шинэ Засгийн газарт эдийн засгийн ямар сорилт тулгарч буйг энэ удаад онцолъё.

Учир нь энэ удаагийн Засгийн газрын “толгойн өвчин” нь ахиад л эдийн засаг. Нэн тэргүүнд мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсөв, мөнгөний бодлогод “дүн шинжилгээ” хийх шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдаар хэн томилогдохоос хамаарч Б.Чойжилсүрэнгийн боловсруулсан энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв, мөнгөний бодлогод хэр зэрэг засвар оруулах нь тодорхой болно гэсэн үг. Тиймээс хамгийн эхлээд хийх ажлууд нь энэ байх юм.

Харин анхаарал татаж буй хамгийн чухал асуудал нь ирэх онд төлөх бондуудын эргэн төлөлт. Монгол Улс ирэх оны нэгдүгээр сард таван жилийн хугацаатай “Чингис” бондын эхний эргэн төлөлт хийх хуваарьтай. Таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сарын 5-нд барагдуулах ёстой юм. Үүнээс гадна ирэх онд “Дим Сам” бонд буюу нэг тэрбум юанийн зээлийн хүүд 150 сая ам.доллар төлөх хуваарь ч бий. Товчхондоо, шинээр байгуулагдах Засгийн газар 650 сая ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах хариуцлага хүлээж буй. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөрийг гэрээний дагуу хийж эхлэх ёстой. Энэ бол шинэ Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тулгарч байгаа томоохон сорилт. Бондын төлбөр төлөхдөө гадаад зах зээлээс эх үүсвэр татаж, дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой.

Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратеги, бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинэчлэх, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хуримтлал үүсгэх хэрэгтэй. Харин бий болсон хуримтлалаас өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай” хэмээн чуулганы нээлтийн үгэндээ онцолсон юм. Сангийн яамны мэдээлснээр гадаад өр төлбөрийг бондоор санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргах шинэ бондын хүү хэдэн хувь байх нь хамгийн чухал асуудал.

• Анхаарал татаж буй хамгийн чухал асуудал нь ирэх онд төлөх бондуудын эргэн төлөлт.

• Шинэ Засгийн газар 650 сая ам.долларын гадаад өр төлбөрийг барагдуулах хариуцлага хүлээж буй.

• Цаг хугацааны хувьд хоолой боон бачууруулж буй эдгээр асуудал У.Хүрэлсүхийг танхимаа хэр чамбай байгуулсныг бас сорих нь.


Учир нь Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэй гаргасан. Энэхүү бондыг гаргах үед Монгол Улсын төсвийн алдагдал 2016 оны байдлаар 3.6 их наяд төгрөг, валютын нөөц нэг тэрбум ам.долларт хүрээд байв. Тэгвэл одоогийн байдлаар валютын нөөц 1.6 тэрбум ам. доллар болж, төсвийн алдагдал энэ оны эцэст 560 тэрбум төгрөгт хүрэх тооцоо бий. 2017 он гарсны дараа эдийн засагт эерэг дохио бий болж, эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, “Хуралдай” бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалсан үетэй харьцуулахад Монгол Улсын эдийн засаг өссөн үзүүлэлттэй байгаа.

Тиймээс шинээр гаргах бондын хүү “Хуралдай” бондтой харьцуулахад харьцангүй бага байх боломж байгааг эдийн засагчид онцолж буй. Хэдийгээр эдийн засгийн суурь үзүүлэлт сайн байгаа ч олон улсын санхүүгийн зах зээл дээрээс бага хүүтэй бонд татах боломж шинээр томилогдох Сангийн сайдаас ихээхэн хамаарна. Ялангуяа цаг тулсан дээрх эдийн засгийн асуудлуудыг шийдэж чадах хүн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах эсэх нь эрх баригчдаас хамаарч буй. Сонгуулийн мөчлөг өндөрлөсөн тул эрх баригч хүчин улстөржилтөөс түр хөндийрч мэргэжлийн Засгийн газар байгуулах сонгуулийн амлалтаа эргэн харах цаг гарцаагүй болсон. Цаг хугацааны хувьд бачууруулж буй эдгээр асуудал У.Хүрэлсүхийг танхимаа хэр чамбай байгуулсныг бас сорих нь.

Харин үүний дараа, дунд хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх гээд хариуцлагатай даваанууд хүлээж буй. Гэхдээ шинээр байгуулагдах Засгийн газар эдийн засгийг эмхлэх “цогц” бодлого зангидахын хажуугаар төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалахаа мартахгүй байх нь чухал.
САНАЛ БОЛГОХ