Салхинд найдахаас өөр сонголт үлдсэнгүй

Нийтлэлчийн булан

Хятадууд шиг эрс шийдэмгий арга хэмжээ авахаас өөр гарц харагдахгүй байна

Айлын хүүхдүүд айхтар юм. Саяхан л манайхтай адил зов­лон туулж буйгаа гайхаж байсан улс өнөөх асуудлаа дорвитойхон шийдээд эхэлжээ. Бүр бусдад гаргаад үзүүлчих гарцаагүй баримт нь байна. Агаарын бохирдол, бүр тодруулбал, Бээжингийн хорт утааны тухай бичсэнийг та ойлгосон байх.

“Ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-д айлчилж, Бээжингийн агаараар нэг цаг амьсгалснаар амьдрах хугацаа нь зургаан минутаар хорогдлоо” хэмээн Америкийн хэвлэлүүд шоолон бичиж байсан бол энэ байдал удахгүй арилах дүр зураг харагдаад эхэлжээ.

Дэлхийн томоохон хэв­лэлүүдийн онцлон бичиж буйгаар өмнөд хөршийн их утаа жил ирэх тусам буурсаар байгаа аж. Тухайлбал, 2016 онд их бохирдлын үеэр нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж нягтшил нэг куб метрт 73 микрограмм байсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 9.9 хувиар буурсан дүн байв. Тэгвэл 2015 оных жилийн өмнөхөөс мөн 6.2 хувиар буурчээ. “Бээжинд амьдарч байгаа хүнд сайн анзаарагдахгүй байх. Гэхдээ дээж аван шалгаж үзэхэд агаарын бохирдол жилээс жилд буурч байгаа нь маргаангүй” хэмээн Reuters бичсэн байна.

Хорт утаа хамгийн ихтэй Бээжин, Тяньжин хот, Хөбэй мужид албан бус аж үйлдвэрийн паркууд бохирдлын гол буруутан болдог. Тиймээс эдгээр газруудыг шат дараалан хаах, нүүрс шатаадаг зуухнуудыг солих, хорт утаа ялгаруулдаг автомашины тоог багасгах, өвлийн улиралд барилгын ажил хийхийг хориглох зэргээр янз бүрийн арга хэмжээ авсаар байгаа аж. Бээжингийн ойролцоо орших Дашин дүүр­гийн нэгэн тосгонд “Энэ тосгонд нүүрс оруулах, борлуулахыг хатуу хориглоно” гэсэн санамж бичиг хаа сайгүй харагдана. Тэнд нүүрс хэрэглэж байгаа эсэхийг ажигладаг хяналтын цэгүүд хаа сайгүй.

Урд хөршийн удирдлагууд энэ оны эцэс гэхэд Бээжин, Тяньжин, Хөбэй муж гэсэн гурван хэсэгт агаарын бохирдлын дундаж хэмжээг 25 хувиар бууруулна гэсэн том зорилго тавьчихаж. Мөн Сувдан голын эрэг хэсгийн бохирдлыг 15, Хөх мөрний бэлчир хавийн агаарын бохирдлыг 25 хувиар бууруулна гэсэн том зорилготой. Бүр цаашлаад 2021 он гэхэд Хятадын хотуудын 80 хувийг агаарын чанар сайн гэсэн үзүүлэлтэд хүргэхийг зорьжээ. Айхтар байгаа биз.

Тэдний үр дүнд хүрсэн арга зам юу байв? Маш энгийн. Агаар бохирдуулж буй эх үүсвэрээ зөв тодорхойлж, ямар арга хэмжээ авахаа шийдэж, түүнийхээ хэрэгжилтэд маш хатуу хяналт тавьж чадаж байна. Бүр тодруулбал, Бээжин хотод нүүрс түлэхийг хориглож, оронд нь хийн болон цахилгаан халаагуур ашиглах шаардлага тавьсан. Хэрэв Бээжинд амьдрахыг хүсвэл эдгээр шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй гэсэн үг. Өөр газраас шилжин суурьшиж ирсэн, нүүрс хамаагүй түлдэг айлууд энэхүү хоригт өртсөнөөр даарч хөрөн зутруухан өвөлжих болсон талаар Financial Times дэлгэрэнгүй бичжээ. Энэхүү мэдээллийг уншсаны дараа Монголынхоо нөхцөл байдалтай харьцуулан бодож үзлээ. Хэрэв Улаанбаатарт нүүрс түлэхийг хоригловол яах бол?

Ийм шийд гарвал юу болохыг таамаглахад тийм ч хэцүү биш. Бидний эрхийг зөрчлөө, оронд нь юу түлэх юм бэ, угаасаа ядуу зүдүү амьдарч байхад битгий нэрмээс болоод бай гээд л босоод ирнэ. Аягүйтвэл томоохон хэм­жээний эсэргүүцлийн жагсаал, тэмцэл ч дэгдэж магадгүй. Магадгүй биш баараггүй тэгж таарна. Нэг талаар тэдний зөв л дөө. Амьдрах гэж ядаж байхад нь элдвээр дарамтлахад хэн дуртай байхав. Гэхдээ нийт хүн ардынхаа эрх ашгийг эн тэргүүнд тавибал хятадууд шиг эрс шийдэмгий арга хэмжээ авахаас өөр гарц харагдахгүй байна.

Өнгөрсөн хугацаанд манай төр засгийн удирдлагууд нийслэлийн утааг бууруулахын тулд бараг 170 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Улаанбаатар хот гэр хорооллын 180 мянган өрхтэй гэж тооцвол нэг айлд бараг сая төгрөг зориулжээ. Харамсалтай нь, ийм их мөнгө салхинд хийсгэсэн хэрнээ үр дүн гараагүйгээр барахгүй байдал улам дордсоор байна. Хэрэв энэ мөнгөөр айл бүрт цахилгаан юм уу хийгээр халдаг халаалтын систем суурилуулаад өгчихсөн бол өдийд гашуун утааны зовлонг мартсан байхсан. Гэвч өнөөх мөнгө үр дүнгээ өгдөггүй хэдэн төсөлд зарцуулагдаж, албан тушаалтнууд дундаас нь завшсаар байгаад дуусав. Нэмж хэлэхэд тавдугаар цахилгаан станцын шавыг тавиад 20 гаруй жил болсныг сануулъя. Анх ярьсан шигээ барьчихсан бол айл бүрийг цахилгаан халаалтад холбоход ямар ч асуудал гарахааргүй байлаа.

Их Британийн Sky News агентлаг Шинэ Делигийн утаа­ны талаар нэлээн сүр оруулан бичиж. Тус хотод агаарын чана­рын индекс өнгөрсөн сард 703 хүрлээ хэмээн аюулын харанга дэлдсэн байх юм. Зарим хэсэгт хэмжилт хийдэг төхөөрөмжийн дээд хязгаар болох 999 гэсэн үзүүлэлтээс давж гарчээ. Энэ нь өдөрт 50 ширхэг тамхи татсантай дүйх хэмжээ гэнэ. “Энэ бол байж болшгүй явдал. Бээжин ахиц дэвшил гаргаад байхад энд байдал хэвээрээ, зарим тохиолдолд бүр муудаж байна” хэмээн байгаль орчны төлөөх Green Peace байгууллага дүгнэсэн байна.

Шинэ Делигийн үзүүлэлтийг хараад шоконд орж байгаа нөхдийг Улаанбаатарт авчраад хэмжилт хийлгэвэл царай нь яаж хувирах бол. Тэдний гайхаад байгаа 703 гэдэг индекс бидний хувьд өдөр тутамдаа л хардаг үзүүлэлт шүү дээ. Тэр ч байтугай өнгөрсөн өвөл Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 3000-д хүрч, онц аюултай гэсэн хэмжээнээс зургаа дахин давсныг санаж байна. Энэ жилийн тухайд арванхоёрдугаар сарын 4-нд Баянхошуу орчимд чанарын үзүүлэлт 1282 болсон. Мөн МҮОНТ орчим 828, Амгалан­гийн ойролцоо 777 хүрч байлаа. Ид хүйтэн эхлээгүй, агаарын бохирдол дээд цэгтээ тулаагүй үе гэдгийг санаарай. Цаашид хэд хүрч, биднийгээ үхэл рүү хөтлөх юм бүү мэд.

Нийслэлд нүүрс түлэхийг хориг- ловол яаж эсэргүүцэхийг таа- маглахад хэцүү биш
Агаарын бохирдлын сөрөг нөлөө, үр дагаврын тухай зөндөө ярьж, бичсэн болохоор энд дахин нуршаад яахав. Харин агаарын бохирдол хүний сэтгэн бодох чадварыг бууруулж, аз жаргалын мэдрэмжийг үгүй хийдэг гэсэн сүүлд гаргасан дүгнэлтийг нэмэлт хачир болгон оруулъя. Өөрөөр хэлбэл, иргэдийн сэтгэцэд нөлөөлж, уур бухимдал нэмдэг гэсэн үг.

Чухам энэ шалтгааны улмаас л хятадууд агаарын бохирдолд илүүтэй санаа тавьж, зоримог арга хэмжээ аваад байгаа юм. Тус улс иргэдээ чанга гараар барьж, өөрсдийн хяналтад байлгаж чаддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос үүдэлтэй нийгмийн бухимдал чинээндээ тулж, хариугүй тэсэрч дэлбэрэхдээ тулсан. Хэрэв ард иргэд ажлаа хийж чадахгүй байгаа төр засгийнхаа эсрэг нэг босвол хожмын үр дүн төсөөлснөөс ч хүндээр тусах болно гэдгийг ойлгосон учраас тэд хорт утаатай шийдэмгий тэмцээд эхэлжээ. Гэтэл бид бахь байдгаараа. Ухаантай царайлсан дарга нар том тоо, мөрөөдлийн төсөл ярьсаар байтал нийслэлийн иргэд хорт утаагаар уушгиа бохирдуулж, тэр хэрээр амьдрах нас нь богиноссоор.

1997-1998 онд Байгаль орч­ны сайдаар ажиллаж байсан Ц.Адъяасүрэн “Бид 1997 онд Агаарын тухай хуулийг батлах­ даа агаар бохирдуулагчид төлбөр ногдуулах зохицуулалт оруулж байсан юм. Харамсалтай нь тухайн үед үүнд төлбөр төлөх хүн байхгүй гэж эсэргүүцэх гишүүн УИХ-д олон байсан тул уг зохицуулалтыг хассан. Түүнээс хойш 20 жил өнгөрөхөд одоо болтол агаар бохирдуулагчид хүлээлгэх хариуцлага байхгүй л байна. Энэ чигэээрээ бол Улаанбаатар 2030 онд ч утаатай л байна” гэсэн юм.

Хаа очиж ойрын өдрүүдэд өнөөх гайтай утаа харьцангуй бага байна. Гэхдээ энэ нь дарга нарын ач биш шүү. Харин хотын ойр орчим салхитай байсан тулдаа цөөн хоног ч гэсэн арай “шингэн” утаагаар амьсгалах боломж бидэнд олдов. Энэ янзаараа бол хотын утааг багасгахад салхинаас өөр найдах зүйл бидэнд үлдэхгүй бололтой.
САНАЛ БОЛГОХ