УИХ-д нэр дэвших насны хязгаар тогтоохыг иргэд хүсэв

Улс төр

Ерөнхий сайдад эрх олгохыг иргэд дэмжжээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг орон даяар нийт ард иргэдээр хэлэлцүүлэх ажил өндөрлөжээ.

Улмаар тус өөрчлөлтөд иргэдийн өгсөн санал дүгнэлтийг нэгтгэсэн үр дүнгийн талаар УИХ-ын дэргэд байгуулсан Ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын төлөөлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн мэдээллийг танилцуулав.

Нийт 327375 санал иргэдээс иржээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээр төсөлд тусгагдсан үндсэн зургаан бүлэг, 20 орчим асуудлын хүрээнд иргэдээс санал авч, үр дүнг нь нэгтгэсэн байна.

Өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн өгсөн саналын дүнгээс онцолбол

ДЭМЖСЭН
» Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно-75%
» Тухайн жилийн улсын төсөвт зардлын шинэ төрөл үүсгэж, зардал нэмэхийг хориглох-72%
» УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох-70.9%
»Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах-68.1%
» Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах-53.4%
» Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болох-60,5%
» Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/-64.8%
» Засгийн газрын үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах-59.4%
» Төрийн мэргэшсэн алба тогтвортой, шатлан дэвших зарчимд үндэслэнэ-78.2%
» Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал нь үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоодог болох-77.6%
» Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд заагаагүй бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох-75.5%
» Шүүхийн ерөнхий зөвлөл 11 гишүүнээс бүрдэнэ-71.6%
» Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг бусад шүүхийн шүүгчийг томилохоор ШЕЗ-аас санал болгосныг Ерөнхийлөгч батламжилна-71.4%
» Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын 30 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох-69.3%
» Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг хотын Засаг дарга томилох-53%

ДЭМЖЭЭГҮЙ
» Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх-50.7%

Эдгээр өөрчлөлтөөс гадна төсөлд тусгагдаагүй 81095 саналыг олон нийтээс ирүүлсэн байна. Иргэдээс Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, төрийн албаны хариуцлага, төрийн халдашгүй байдалтай холбоотой асуудлаар хамгийн их санал ирүүлжээ.

Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдох иргэний насыг нэмэгдүүлэх, парламентыг хоёр танхимтай болох, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх үүргийг нарийвчлах, шүүх засаглалын хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлд иргэдээс олон санал ирүүлсэн аж.

Төрийн байгууллагуудын саналыг дахин авна
Иргэд аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргыг намын харьяаллаар сонгож, томилохыг хүлээн зөвшөөрөхгүй байх саналыг олноор илэрхийлж байсныг дурдав.

Иргэдийн саналаас гадна иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага, улс төрийн намууд саналаа бичгээр ирүүлснийг нэгтгэсэн байна.

Олон нийтийн гаргасан саналд дүн шинжилгээ хийх эрдэм шинжилгээний хурлыг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах юм байна. Дараа нь улс төрийн намуудтай зөвшилцөх ажлыг эхлүүлнэ. Улс төрийн намуудтай зөвшилцсөний дараа төрийн байгууллагуудаас дахин санал авч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шат руу орно гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан илэрхийллээ.

Мөн ирэх долоо хоногт энэ асуудлаар эрдэм шинжилгээний томоохон хурал хийхээр төлөвлөжээ.
САНАЛ БОЛГОХ