“Нисдэг” чарганы аюул

Мэдээ


Гэмтлийн эмнэлэг чарганаас унаж, бэртсэн хүнээр дүүрэх нь

Хотын утаанаас зугтсан иргэд амралтын өдрүүдэд Богдхан уул, Хандгайт, Скай резорт зэрэг цэвэр агаартай газарт очиж, хүүхдүүдээ цана чаргаар гулгуулдаг болсон. Энэ хэрэгцээг дагаад дээрх газруудын зам дагуу өнгө өнгийн хуванцар чарга худалдах нь элбэгшээд буй. Чарганы худалдаачид “Солонгосын хугардаггүй, чанартай чарга байна” хэмээн бараагаа магтаж, 15-25 мянган төгрөгөөр худалдана. Салхинд гарахаар зорьсон иргэд үр хүүхдэдээ аль боломжийн үнэтэй, чанартайг нь худалдан авахыг зорьдог боловч үнэн хэрэгтээ Солонгосын гэх энэхүү хуванцар эд Хятадын “нисдэг” нэртэй чарга болохыг үр хүүхэд нь осолдож, гэмтсэн хойно нь л эцэг эхчүүд ухаарч байна.

ГССҮТ-д жилд дунджаар 60 орчим мянган хүн осолдож ирдэгээс 40 орчим хувийг унаж, бэртсэн гэмтэл эзэлж байна. Харин унаж, бэртсэн гэмтлийн 10 гаруй хувь нь чарганаас осолдсон бэртэл, гэмтэл байгааг тус эмнэлгийн статистик, тандалтын мэдээлэлд дурджээ. “Сүүлийн үед хятад чарганаас унаж, осолдсон хэрэг олон бүртгэгдэж байна. Тиймээс хятад чарга “нисдэг” чарга гэсэн нэршилтэй болоод байна. Амралтын өдрүүдэд агаарт гарсан иргэд чарганаас унаж, гар, хөл, хүзүү, нуруу, тархиа гэмтээж ирдэг. Өвлийн улиралд хамгийн багадаа л өдөрт хүнд, хөнгөн бэртэлтэй 10 хүн ирж байна. Мөн хүүхэд гэлтгүй хүүхэдтэйгээ хамт гулгаж байгаад чарганаас унасан гэх том хүмүүс ч олон” хэмээн ГССҮТ-ийн хэрэг бүртгэгч цагдаа Ч.Очир хэллээ. Иймээс бусдад сэрэмжлүүлэх үүднээс саяхан болсон ослын хэд хэдэн жишээг дурдая. Богдхан ууланд есөн настай хүүхэд 15 мянган төгрөгийн үнэтэй хятад чаргаар уулын орой дээрээс эрчтэй гулгаж байгаад зогсож чадалгүй явсаар автомашины доогуур орж, хүзүү, нуруугаа гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Хятад чарганаас хүүхэд хөгшидгүй унаж бэртэж байна
Мөн л Хандгайтад бага насны хүүхэдтэйгээ Хятадын хуванцар чаргаар гулгаж байгаад 40 орчим насны эмэгтэй жалга руу үсэрч орсноос нуруугаа хугалж, хагалгаанд орсон гээд дурдаж болох олон харамсмаар жишээ байна. Уулын оройгоос гулгахдаа замд нь тээглэсэн нэгнийг “холдоорой, холдоорой” хэмээн хашхирдаг. Гэвч амжиж холдож чадаагүй нь хөл гараа дайруулах, цаашлаад амь насаа алдах тохиолдол байнга гарсаар байна. Хэдэн жилийн өмнө Хандгайтад нэг залуу чаргаар гулгаж яваад хөгшин хүнийг дайрснаас газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан удаатай. Үүнээс хойш хэсэг хугацаанд цанын баазуудын үйл ажиллагаанд төрийн байгууллагууд хяналт тавьдаг болсон ч өнөөдөр байдал эргээд хавтгайрч байгааг дээрх жишээнээс харж болно. ГССҮТ-ийн эмч Л.Бат-Эрдэнэ “Манай эмнэлэгт өвлийн улиралд чарганаас унаж, хүзүү, нуруугаа гэмтээж ирэх тохиолдол олон гардаг. Нуруу бол хүний тулгуур эрхтэн. Нуруу хугарснаас хоёр хөл нь мэдээгүй болж, улмаар суумгай болох эрсдэлтэй. Тоглож наадах гэж яваад аюулгүй байдлаа бүрэн гүйцэт хангаагүйн улмаас насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох аюултай. Түүнчлэн нурууны хагалгаа хүнд төрлийн хагалгаанд ордог учир төлбөр мөнгө нь ч өндөр гардаг. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж, эрүүл мэнд болон эдийн засгийн хохирол амсахгүй байхыг иргэдэд анхааруулмаар байна” гэв.

Нөгөөтэйгүүр, өвлийн улиралд чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалтын цанын бааз байхгүй учир иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хямд төсөр аргаар хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Нийслэлд ганцхан байдаг стандартад нийцсэн цанын бааз Скай резорт хэдий найдвартай ч харьцангуй өндөр үнэтэй учир иргэд аль ойр байрлалтай уулын амыг барааддаг нууц биш. Харсан зүгтээ, хүссэн ууланд гарч, цана чаргаар гулгадаг хэнэггүй монгол зантай ч бас холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тэрчлэн хаа дуртай газраасаа гулгадаг энэ байдлыг хянаж, хорьж, зохицуулах газар байхгүйгээс өнөөдөр Гэмтлийн эмнэлэг чарганаас унаж, бэртсэн хүнээр дүүрээд байна гэхэд хилсдэхгүй. Ер нь аюулгүй байдал, эрүүл мэндээ 15 мянган төгрөгийн үнэтэй чарга, зориулалтын бус газраар үнэлсэн иргэд ойр тойрныхноо бэртсэн хойно нь л амаа барихад хүрч байна. Тиймээс үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож, Хятадын “нисдэг” чарганаас татгалзаж, зориулалтын бус газарт гулгуулахгүй байхыг анхааруулж байна.




САНАЛ БОЛГОХ