Хүүхдэд халамжтай “Угалз” нэхий өлгий

Мэдээ


Нэхий өлгийг БНХАУ, ОХУ, Япон, БНСУ-ын зах зээлд гаргана

Бяцхан үрсийн эрүүл мэндэд тустай, хүйтэнд дааруулахгүй, химийн бодисгүй “Угалз” брэндийн нэхий өлгийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. “Монголд үнэгүйдэж буй нэхийг яаж баялаг болгох вэ гэсэн хүслээр анх автомашины суудлын бүрээс хийж бизнесээ эхлүүлсэн” хэмээн “Угалз” брэндийн үүсгэн байгуулагч М.Ундрах ярьж байна. Гэр бүлд нь ирсэн шинэ хүнээ гадаа салхилуулахад дулаан өлгий хэрэгтэй болсноор нэхий өлгий үйлдвэрлэх санаа төрсөн гэнэ. Зөвхөн бүтээгдэхүүн хийгээд зогсохгүй түүний давуу талыг олонд таниулахын төлөө явж байгаа М.Ундрахтай шинэ бүтээгдэхүүн болон нэхийний ашиг тусын талаар ярилцлаа.

-“Угалз” брэндийн хонины нэхий өлгий үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү бизнесийн санаа хэрхэн төрсөн бэ?
-Өнгөрсөн жил би хонины нэхийгээр суудлын бүрээс үйлдвэрлэж, худалдсан. Ингээд нэхийгээр өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох талаар бодож, судалж байлаа. Манай гэр бүлд шинэ хүн мэндэлсэн нь дараагийн бүтээгдэхүүн хийх санааг төрүүлсэн. Эцэг эхчүүд хүүхдээ салхилуулахдаа дааруулахгүйн тулд том бүтээлгээр хучдаг нь хүүхдийг тэврэх юм уу тэргэн дээр суулгахад түвэгтэй байдаг нь анзаарагдсан. Тиймээс надад юу байгаа билээ, түүгээр юу хийж болох билээ гэж бодож, энэ асуудлыг нэхий өлгий үйлдвэрлэснээр шийдэх боломжтой юм байна гэж харсан. Ингээд хүүхдэд харшил өгөхгүй байлгах зорилгоор химийн ямар ч бодисгүйн дээр дулаан, агаар солилцох гээд бүх талыг бодолцон өндөр технологиор боловсруулсан сайн чанарын нэхийгээр өлгий үйлдвэрлэж эхэлсэн. Анхны бүтээгдэхүүнээ арваннэгдүгээр сарын 1-нд худалдаанд гаргаж байлаа.

-Нэхийгээ тусгай технологиор боловсруулдаг гэлээ. Энэ талаараа тодорхой ярихгүй юү. Хүүхдийн өлгийнд зориулсан стандарт гэж байдаг уу?
-Хүүхдэд зориулсан, нэхийний экологийн шинж чанарыг хадгалж хийж байгаа учраас бүтээгдэхүүний өртөг харьцангүй өндөр гарч байгаа. Өндөр технологи гээд байгаа нь ямар нэг химийн бодис оруулахгүйгээр нэхий боловсруулах аргыг хэлж байгаа юм. Ямар ч будагч бодис оруулдаггүй гэсэн үг. Энэ аргыг Европт өргөн хэрэглэдэг. Зөвхөн нэхий биш өлгийний гадна талын материалд ч анхаарал хандуулж, гадрыг нь элгэн материалаар хийсэн. Энэ нь хүүхдээ тэврэхэд халтирахгүй сайн талтай.

-Түүхий эдийн олдоц хэр байдаг вэ. Зах зээлд хонины нэхийний үнэ тогтвортой байна уу?
-Түүхий эдийн олдоцын хувьд бага зэрэг асуудал тулгардаг. Манай үйлдвэрлэлд нарийн ноост хонины нэхий л чанарын шаардлага хангадаг. Энгийн нэхийг боловсруулж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Сайн чанарын нэхий Сэлэнгэ аймагт бий. Социализмын үед нарийн ноост хонины үржүүлгийн газар тэнд байсан юм билээ. Мөн Дархан-Уул аймаг болон Эмээлтээс түүхий эдээ олж авдаг. Хонины нэхийний зах зээлийн ханш нэг ширхэг нь 500 төгрөг. Үнийн хувьд харьцангуй тогтвортой гэж болно.

Нэхий өлгий үйлдвэрлэхэд 15 орчим шат дамжлага шаардагддаг
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд бизнесийн орчин ямар байна вэ. Зах зээлд тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд олон асуудал тулгардаг. Бизнес эрхлэгчид үйлдвэрлэл гэхээс илүүтэй эрсдэлээ тооцоолж, дамжуулан борлуулах хүсэлтэй болсон. Аль болох үйлчилгээ, худалдааны салбарт хөрөнгө оруулж байна. Эндээс нэг салбарт ямар олон өрсөлдөгч байгаагаас харж болно. Тухайлбал, манай бүтээгдэхүүн дээр 20-30 хувийн борлуулалтын өртөг нэмж зарах хүсэлтэй хүн олон байдаг. Харин хамтарч ажиллая, үйлдвэрлэе гэсэн бодолтой нь ховор. Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг хэт өндөр үнэтэй байна гэж үйлдэрлэгчийг шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ бид бүтээгдэхүүндээ боломжит хамгийн доод үнийг тогтоодог ч дамжуулан худалдаа эрхлэгчид үнэ хөөрөгддөг нь том бэрхшээл болж, дампуурахад хүргэдэг. Гэсэн ч хэн нэгэн үйлдвэрлэх л ёстой. Тэгж байж л хөгжинө гэж боддог.

-Үйлдвэрлэлийн хүчин чадал ямар вэ. Сард хэдэн бүтээгдэхүүн борлуулж байна вэ. Хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-Сард 1000-2000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэсэн ч одоогоор цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа. Мэдээж гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг бүх л асуудал гарч байна. Жишээлбэл, өнгөрсөн жил зуншлага тааруу байсантай холбоотойгоор нэхийний чанар алдагдаж, чанартай бүтээгдэхүүн гаргахад асуудал тулгарсан. Манай “Угалз” брэндийн хүүхдийн нэхий өлгий 180 мянган төгрөгийн үнэтэй бол хөлд нь хучдаг нэхий мишокийг 120 мянган төгрөгөөр борлуулж байгаа.

-Гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зорилго бий юү?
-БНХАУ, ОХУ, Япон, БНСУ-ын зах зээлд гаргах сонирхол байна. Гэхдээ бүтээгдэхүүнээ экспортод гарахын тулд олон улсын шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай.

-Нэхийгээр хийсэн бүтээгдэхүүн ямар ач тустай байдаг вэ. Хэдэн хэмийн хүйтэнд тэсвэртэй байдаг бол?
-Европт нэхийг эмчилгээний зориулалтаар, тансаг хэрэглээ болгон ашигладаг юм билээ. Харин манай улсад эртний уламжлалын дагуу хэрэглэсээр ирсэн. Гэсэн ч хүний биед ямар сайн нөлөөтэйг тэр бүр мэддэггүй. Органик бүтээгдэхүүнээр боловсруулсан нэхий дулаан байдгаас гадна хүйтэнд халж, халуунд хүйтэн байдаг онцлогтой. Мөн хүний биед харшил өгөхгүйгээс гадна астматай хүнд маш сайн тохирдог гэдгийг Германы эрдэмтэд баталсан. Манайхан хонины бууцан дээр өссөн хүүхэд харшил, астматай болдоггүй гэж ярьдаг шүү дээ.

Гэтэл тэр нь цэвэр агаар, бууцандаа биш хонины нэхийтэй шууд холбоотой байж. Мөн нэг давуу тал нь бодисын солилцоог түргэн явуулдаг учраас хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлнө. Нэхий өлгий дээр унтаж буй хүүхэд тайван, бөх нойрсдог. Тархины даралттай, шөнө унтахгүй уйлагнаад байдаг хүүхдэд тун хэрэгтэй эд байгаа юм. Бас агаарын солилцоог сайн явуулж, температурын өөрчлөлтийг зохицуулдаг учраас бусад улиралд ч ашиглах боломжтой.

-Нэхий өлгийг хэдэн сар хүртэлх хүүхэд хэрэглэх боломжтой вэ?
-Манай бүтээгдэхүүнийг 0-1 насныхан хэрэглэх боломжтой. Хоёр хэмжээгээр гардаг. Тодруулбал, 0-6, 6-12 сартай хүүхдэд зориулсан. Нэг өлгий хийхэд 2-3 нэхий шаардагддаг. Хүмүүс хямдхан түүхий эдтэй хэрнээ хэтэрхий өндөр үнэтэй байна гэж шүүмжилдэг. Гэтэл бид эцсийн бүтээгдэхүүнээ 15 орчим шат дамжлагаар гаргадаг.

-Монголчууд дараагийнхаа хүүхдэд гээд хувцас, хэрэглэлийг нь хадгалдаг. Тэгэхээр нэхий өлгий хадгалалт хэр даадаг вэ?
-Хадгалалтад санаа зовох хэрэггүй. Нэхийний үс нь өөрийгөө цэвэрлэх чадвартай учраас нян бактери наалдсан тохиолдолд түүнийг цэвэрлэдэг. Бид бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргахаар ажиллаж байна. Тиймээс гадагш гаргахын тулд тухайн орныхоо стандарт, шаардлагыг заавал хангасан байх ёстой. Энэ ч утгаараа стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг өндөр технологиор боловсруулж хийсэн.
САНАЛ БОЛГОХ