Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулна

Мэдээ


Ипотекийн зээлийн шинэ нөхцөл ил болж эхэллээ

Ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж, 25 хувь болгох саналыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл оролцсон Ажлын хэсэг гаргалаа. Үүнийг Засгийн газрын ээлжит хурлаар ойрын хугацаанд хэлэлцэх товтой байна. Энэ оны эхэнд УИХ-ын чуулганы индрээс орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл 100 хоногийнхоо босгон дээр Засгийн газар хэлсэндээ хүрч, гүйцэтгэх засаглалын кабинет иргэдэд ээлжит “бэлэг”- ээ барихаар зэхэж байгаа нь эхнээсээ ийнхүү ил болж эхэллээ. Ипотекийн зээлийн хүртээмжийг нь нэмэгдүүлэхээр Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг урьдчилгаанаас гадна зээлийн хүүг бууруулах гарцыг давхар судалж байна. Энэ хүрээнд гэр хорооллоос орон сууцанд нүүн орж байгаа иргэдэд найм бус долоон хувиар ипотекийн зээл олгох боломжийг хэлэлцжээ.

• Нийслэлийн хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон.

• Ажлын хэсэг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулахаар төлөвлөж байна.

• Орон сууцны зээлийн урьдчилгаа албан ёсоор буурснаар эхний ээлжинд ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орох юм.

Харин орон сууцнаас орон сууцанд орж байгаа иргэдэд хүүгийн хөнгөлөлт үйлчлэхгүй юм байна. Төслийн шатанд яваа эдгээр өөрчлөлт Засгийн газрын хурлаар албажлаа гэхэд ипотекийн зээлийн эрч нэмэгдэх нь дамжиггүй. Гэхдээ санхүүжилтийн хомсдол тээг болж мэдэхээр байна. Нэг хувийн хөнгөлөлт нь өрхийн эдийн засагт үлэмж нэмэртэй. Урьдчилгаа босгыг таван хувиар чөлөөлснөөр барилгын салбараа худалдан авалтаар дэмжинэ гэсэн үг. Нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой иргэдийн тоо өсөх хүлээлттэй байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэд ипотекийн зээлийг долоон хувийн хүүтэй олгох “хар зураг” тодорч байна. Нийслэлийн хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Хэдий тийм боловч түүний борлуулалт нь дөнгөж 30 орчим хувьтай байна. Төслийн шатанд яваа Ажлын хэсгийн саналд Засгийн газар цэг хатгаснаар эрэлт, нийлүүлэлт огтлолцох боломжтой. Учир нь, урьдчилгаа буурснаар орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ гэж салбарынхан үзэж байна. Эдийн засаг сэргэж байгаа энэ үед ипотекийн зээлээ дэмжих нь зүй ёсны шаардлага гэж үзэх хүн цөөнгүй. Засгийн газраас орон сууцны зээлийг энэ оны тухайд 120 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж буй.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан Монголбанк ипотекийн зээлээс гарч байгаагаа оны өмнө зарласан. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзсэн тул төв банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг ОУВС хязгаарласан. Ингэснээр Монголбанкны оролцоо ялимгүй хумигдаж, Засгийн газар цаашид орон сууцны хөтөлбөрийг жолоодох үүрэг хүлээсэн юм. Гэхдээ Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэ онд нийт 300 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Ингэснээр ойролцоогоор 5000 иргэний орон сууцны зээл шийдэгдэх нь. Ажлын хэсэг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээнд Монголбанкны ипотекийн зээлийн эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах саналыг боловсруулжээ. Өнгөрсөн онд 5600 орчим зээлдэгчийн орон сууцны зээлийг шийдвэрлэж, үүнд 354 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний дийлэнх хэсэг буюу 243 тэрбум нь Монголбанк дангаар санхүүжүүлсэн хөрөнгө бол Засгийн газар 111 тэрбум төгрөг ипотекийн зээлд төсвөөс хуваарилсан. Орон сууцны зээлийн урьдчилгаа албан ёсоор буурснаар эхний ээлжинд ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орох юм.


САНАЛ БОЛГОХ