Эдийн засагт тогтвортой байдал ноёлно

Мэдээ


Дэлхий нийтийг хамарсан таатай жилийг бүрэн ашиглах хэрэгтэй


Эдийн засаг сайжирч, ард иргэдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх таатай жилүүд айсуй. Энэ онд дэлхийн эдийн засаг өнгөрсөн оны өсөлтөө хадгалж, 3.7 хувьтай байх таамгийг Дэлхийн банкнаас гаргаад буй. Энэ дүр зураг ч манай улсын эдийн засагт ажиглагдана гэдгийг “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” форумын үеэр эдийн засагчид онцоллоо. Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 онд оргил цэгтээ хүрч, 17 хувийг давсан бол 2016 онд 1.4 хувь болж унасан. Харин өнгөрсөн онд дахин сэргэж, ойрын жилүүдэд гараагүй 5.1 хувийн өсөлтөөр энэ онтой золголоо. Улсын эдийн засгийг ийнхүү өөдрөгөөр төсөөлж буй нь улс орнуудын эдийн засаг нийтээрээ сайжирч буйтай холбоотой. Ялангуяа, хөрш БНХАУ, ОХУ болон гадаад худалдааны идэвхтэй түнш орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн, худалдааны чадавх өсвөл манай улсад эерэг нөлөөтэй. БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2018-2020 онд зургаан хувь дотор байх төлөвтэй байгаа. Харин удаан хугацаанд хямарсан ОХУ- ын эдийн засаг өнгөрсөн онд хасахаас нэмэх утга руу шилжиж 1.8 хувиар тэлсэн билээ.

Тус улс 2018-2020 онд энэ өсөлтөө хадгалах төсөөллийг Дэлхийн банкнаас гаргасан. Ийнхүү дэлхийн болон хөрш орнуудын эдийн засаг тогтвортой байх нь манай улсын эдийн засагт таатай нөлөөлөхөөр байгаа юм. Монгол Улсын төсөв эрдэс баялгийн гадаад зах зээлээс ихээхэн хамаардаг онцлогтой. Үүнд нөлөөлдөг алт, зэс, нүүрс зэрэг түүхий эдийн үнэ энэ онд тогтвортой байна гэх таамгийг эдийн засагчид хэлж байна. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Л.Нарантуяа “2018 онд манай улсын эдийн засаг таван хувийн өсөлттэй байх төлөвтэй. Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өссөн энэ таатай үеийг маш сайн ашиглах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт энэ онд тэлнэ. Мөн уул уурхайн бус экспортын өсөлт эрдэс баялгийн салбарыг гүйцэхгүй ч бага дүнгээр тэлэх төлөвтэй байна. Гэхдээ аль аль салбарт нь огцом өсөлт гарах хүлээлт хараахан байхгүй” гэлээ. Харин энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалт тэлэхгүй нь. Засгийн газрын тогтворгүй бодлого, бизнесийн орчин зэрэг нь гаднын хөрөнгө оруулагчдыг татахад саад учруулж буй. Тиймээс өөрсдийн дотоод нөөц, боломжоо ашиглаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого шаардлагатай байна.

Түүнчлэн дэлхийн эдийн засаг тогтвортой байгаа энэ үеийг ашиглаж эдийн засгаа төрөлжүүлэх, санхүүгийн бус хөшүүргүүдийг хэрэглэж бизнесийн орчныг сайжруулах хэрэгтэйг тус чуулганд оролцсон эдийн засагчид санууллаа. Хамгийн гол нь энэхүү эдийн засгийн таатай байдал иргэдийн амьдралын чанарт нөлөөлөх нь чухал байна. Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн ч ядуурлын хэмжээ буураагүй. Тиймээс ажлын байр бий болгохуйц салбаруудад түлхүү анхаарлаа хандуулж, бизнесийн орчноо сайжруулж чадвал ажилгүйдэл, ядуурлыг бууруулах боломжийг 2018 он олгох нь.


ХАНШИЙН ЭРСДЭЛ БАЙХГҮЙ


Б.Түвшинтөгс Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал
-Улсын эдийн засаг төсвийн болон мөнгөний бодлогоос ихээхэн хамаардаг. Засгийн газар зардлаа өсгөх боломжгүй болсон, өрийн тааз тулсан зэргээс шалтгаалж сангийн бодлогын эдийн засаг дахь нөлөө хумигдмал байгаа. Харин мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засагт нөлөөлөх илүү боломжтой. Энэ онд гадаад валютын урсгал нэлээд өсөх хандлагатай байгаа учир төгрөгийн ханшид дарамт учрах эрсдэл харагдахгүй байна.


ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЗУРГААН ХУВЬД ХҮРНЭ


Б.Лхагважав МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч
-2017 оны 5.1 хувийн өсөлт бол НӨАТ-ын бүртгэлийн системийн үр дүн. Түүнээс биш бүтээмж дээшилсэн зүйл огт байхгүй. МҮХАҮТ-аас 2018 онд манай улсын эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрнэ гэж төсөөлж байгаа. ОУВС-гийн явуулж буй бодлого, санхүүжилтийн үр дүнд төсвийн алдагдал буурах байх. ОУВС-гаас авах 5.5 тэрбум ам.долларыг Монголбанк болон төсвийн алдагдлыг бууруулахад зарцуулна. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт унахгүй, тогтвортой байх баталгаа нь ОУВС гэж хэлж болно.


БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ


С.Дэмбэрэл Эдийн засагч
-Эдийн засаг сайжрах эсэхийг өрхийн бодит орлого, бизнесийн цэвэр ашгаас харах хэрэгтэй. Бизнес эрхлэгч болон иргэдэд чиглэсэн бодлого шаардлагатай байна. Энэ онд татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа нь сайн мэдээ. Гэхдээ ийм эерэг төлөв, тогтвортой байдал удаан үргэлжлэхгүй. 2021 оноос манай улс бондын зээлүүдээ төлж эхэлнэ. Мөн дэлхийн зах зээлд ч савлагаа гарах магадлалтай байгаа. Тиймээс 2018 он бол эдийн засгийн хувьд тун чухал жил болох учиртай.


САНАЛ БОЛГОХ