Нөхөн сонгуульд нэр дэвшигчид есдүгээр сарын 14-нд тодорно

Улс төр


УИХ-ын нөхөн сонгуульд 16805 сонгогч 21 хэсэгт санал өгнө


СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс өнгөрсөн лхагва гарагт болсон СЕХ-ны хурал болон УИХ-ын нөхөн сонгууль Үндсэн хууль зөрчсөн бол хэрхэхийг тодруулж ярилцлаа.

-СЕХ хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэв?

-УИХ-аас Хэнтий аймгийн 42- р тойрогийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын долооны өдөр явуулах тов тогтоож, техник, тоног төхөөрөмж ашиглах тогтоол баталсан. Түүний дагуу СЕХ хуралдаж УИХ-ын нөхөн сонгууль болон зарим аймаг, суманд явагдах нөхөн, дахин сонгуулийн үйл ажиллагааны графикаа гаргалаа. Мөн сонгуулийн ажлын төлөвлөгөөг баталж хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулж явуулах аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

-Ажлын төлөвлөгөөний дагуу ямар ажлууд эхлээд хийгдэх вэ?

-Эхэнд нь сонгууль автоматжуулсан системээр явах учраас техник хэрэгслээ бэлтгэх, зөөвөрлөх ажил байна. Мөн сонгуульд хэрэглэгдэх үнэмлэх, маягт, графикийг бэлдэж аймгийн сонгуулийн хороонд өгнө. Аймгийн сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хороодыг байгуулах ажил давхар хийгдэнэ. Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд ажиллах хүмүүс СЕХ-ноос зохион байгуулсан тусгай сургалтад хамрагдаж сертификат авсан байх ёстой.

-Намуудыг бүртгэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хэзээнээс эхлэх вэ?

-Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл ирэх сарын наймнаас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг СЕХ-нд гаргаж өгнө. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм. Батламж авсан нам, эвсэл тухайн сарын 31-нээс есдүгээр сарын дөрөвнийг дуустал намын төлөөлөх хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулан долооноос өмнө СЕХ-нд бүртгүүлнэ. Бие даан нэр дэвшигчийн хувьд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын зургааныг дуустал нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна. Энэ нь тухай орон нутгийн 801 хүний гарын үсгийг цуглуулснаар баталгаажих хуультай. СЕХ есдүгээр сарын 14-ний дотор нэр дэвшигчдийн материалыг судалж тухайн өдөр хуралдаж нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох ажлыг хийнэ.

-Сонгуулийн тухай хуулийн 125.5-д зааснаар төрийн албан хаагч энэ сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа. Энэ нь иргэний эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Хэрэв асуудал Цэц дээр очвол яах вэ?

-СЕХ хуулиа л мөрдөж ажиллана. сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгууль болох тухайн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө өргөдлөө өгч, 31-нээс хойш төрийн алба гүйцэтгээгүй байна гэсэн тэр заалтынхаа дагуу л явна. Тэгэхээр энэ нөхөн сонгуульд нэр дэвшигчдээс 125.5 дахь заалтад нийцсэн материал бүрдүүлэхийг шаардана. Тийм шийдвэргүй бол төрийн албан хаагчийг нэр дэвшигчээр бүртгэхгүй. Хүний эрх зөрчигдсөн асуудал байвал, үндсэн хуулийн цэц, шүүхээр л явах болох байх. УИХ-аас баталсан хугацаанд сонгууль явагдана. Дараа нь гарах үр дагаврын тухайд үндсэн хуулийн цэц, УИХ-ын шийдэх асуудал.

-Улсын дээд шүүх саяхан шинээр байгуулагдсан зарим намыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Тус намууд сонгуулиас өмнө бүртгүүлж амжвал сонгуульд оролцох боломжтой юу?

-Хуулиараа тухайн сонгууль болохоос 1080 хоногийн өмнө улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байдаг.

-Зөөврийн хайрцгаар санал авах гэх мэтээр зардал өсдөг. УИХ-аар баталсан 228 сая төгрөгийн санхүүжилт сонгууль явуулахад хүрэлцэх үү?

-СЕХ-ны хуралдаанд УБЕГ-аас хийсэн мэдээллээр хэнтийн Мөрөн, Жаргалтхаан, Хэрлэн сумдад сонгуулийн 21 хэсэгт 16805 сонгогч санал өгөхөөр байгаа. 228 сая төгрөгийг саналын хуудас, хууль, сурталчилгааны материал хэвлүүлэх, санал авах байрны бэлтгэл болон санал тоолох төхөөрөмжийг тээвэрлэх, сонгуулийн хороодод ажилласан хүмүүсийн цалинд хүрнэ гэж тооцож байгаа. Мөн үер усны аюул зэрэг болзошгүй зардалд зарцуулах нөөц хөрөнгө үүнд багтаж байгаа.

-УИХ-ын нөхөн сонгуультай зэрэгцээд орон нутгийн нөхөн сонгуулийг явуулахаар шийдвэрлэсэн. Аль аймагт, хэдэн хэсэгт нөхөн сонгууль явагдах вэ?

-Орхон, Завхан аймагт нөхөн сонгууль явагдах нь тодорхой болоод байгаа. Харин нэлээд хэдэн аймаг суманд нөхөн болон дахин сонгууль явагдах ёстой. Аймаг, сумын нөхөн сонгуулийг тухайн аймаг сумын сонгуулийн хороо зарладаг болохоор хэдэн хэсэгт сонгууль явуулах шийдвэр эцэслэн гараагүй байна.

-Өнгөрсөн сард орон нутгийн нөхөн сонгууль болсон. СЕХ сонгууль амжилттай явагдсан гэж үзэж байгаа юу?

-Аймаг, сумын 44 хэсэг дээр сонгууль явагдсан. Эхний санал хураалтаар 27 хэсэг дээр ирц 50-иас дээш хувьд хүрч, 17-д ирц хүрээгүйгээс нэмэлт санал хураалт явагдсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зохицуулалт хийх зүйлүүд ажиглагдсан. УИХ-д өргөн бариад байгаа хуулийн төсөлд саяын сонгуулиар ажиглагдсан зөрчлүүдийг зохицуулах заалтыг тусгана.

САНАЛ БОЛГОХ