Хэнтийн нөхөн сонгуулийн тов Цэцийн өмнө очжээ

Улс төр


​Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоогоогүй, төрийн албан хаагчийн эрхийг хангаагүй гэв​


СЕХ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуультай холбогдуулан аймгийн Сонгуулийн хороог байгуулаад буй. Мөн ирэх сарын 8-наас өмнө нам, эвсэл, бие даагчид уг сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж, 12-ны дотор бүртгэж авах ёстой. Гэвч хаврын чуулганы төгсгөлд баталсан УИХ-ын нөхөн сонгуулийн товыг зарлах тухай тогтоол үндсэн хуулийн цэцийн өмнө очжээ. Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэдийг төлөөлөх гишүүнийг сонгох сонгуулийг албан ёсоор зарлахдаа Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж Цэцэд гомдол гаргасан иргэд үзсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 41.1. төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно. 41.2. Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.

Гэвч нөхөн сонгуулийн товыг тогтоохдоо зардлын дээд хэмжээг батлаагүй юм. Мөн Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч төрийн албан хаагч байж болохгүй гэсэн зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нэр дэвших бол сонгууль болох жилийн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой. Ингэснээр 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших эрх үүсэхгүй гэсэн бас нэгэн хуулийн зөрчил бий болголоо гэж гомдол гаргасан иргэд үзжээ. Энэ нь үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрхийг зарим талаар зөрчиж байгаа аж. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоох тухай хэлэлцэж байхад энэ асуудлыг Д.Лүндээжанцан гишүүн хөндсөн боловч СЕХ тоймтой тайлбар хийгээгүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед ч хүний эрхтэй холбоотой уг асуудлыг цухас дурдаад, ойшоож үзээгүй юм. Үнэндээ нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол үндсэн хууль зөрчсөн байж болохыг гишүүд мэдэрсэн боловч “гайгүй байгаа” гэсэн маягаар баталчихсан.

Нөхөн сонгуулийг ялгаж зааглаагүй нь ҮХЦ-д очиход хүргэв


2012 оноос эхлэн сонгуульд нэр дэвшигч нь “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэх зохицуулалтыг сонгуулийн хуульд суулгасан. Үүнээс хойш парламентын нөхөн сонгууль хийх шаардлага гарч байгаагүй. Тиймдээ ч нөхөн сонгууль зохион байгуулах шаардлага ч гарч байсангүй.

Үндсэн хуулиар заасан сонгох, сонгогдох эрхээ хэрхэн хангахыг зохицуулах шаардлага үүсч байсангүй. Өмнөх парламентын түүхэнд өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан ч, оронд нь пропорциональ системээр сонгогдсон гэдэг утгаараа тус намын жагсаалтад бичигдсэн дараагийн хүн болох Д.Сарангэрэл парламентын босгоор алхаж байв. Уг нь 2015 онд Сонгуулийн тухай хуулийг батлахдаа “Ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигч сонгуулийн жилийн эхэнд төрийн албан тушаалаасаа татгалзана” гэсэн утга бүхий заалт оруулахдаа “Нөхөн сонгуульд хамаарахгүй” гэж тодотгоод өгчихсөн бол зүйд нийцэх байлаа. Харамсалтай нь, ялгаж салгасан заалт байхгүйгээс нөхөн сонгуулийн товыг зарласан тогтоол ийнхүү үндсэн хуулийн цэцийн өмнө очиход хүрэв.
САНАЛ БОЛГОХ