Я.Санжмятав: Монгол Улс арбитрын шүүхэд ялагдсан

Улс төр


Өмнөд Африк /одоо БНХАУ/-ийн Стандарт банкны хүсэлт, олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу манай улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн гадаад данс хаагдаж, олон улсад худалдаа эрхлэх боломжгүй болоод удаж байна. Таван жил Монголын ард түмнээс нуусан хэрэг задарсан, хийсэн эзэн нь ч илэрсэн. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, хувийн компани /Жаст групп/ гадаадын банкнаас авсан зээлээ төлөөгүйн төлөө Монгол улсын Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд хоёр дахь удаагаа ялагджээ. Өнгөрсөн сарын эхээр болсон арбитрын шүүх хуралд Монголын Засгийн газар дахин ялагдсаныг анх УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан энэ талаар асуулга тавьснаа зарласан юм. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар шалгалт хийх УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав өчигдөр О.Баасанхүү гишүүний мэдэгдлийг баталлаа.

Я.Санжмятав “ажлын хэсэг хуралдаад английн Лондон хотод болох арбитрын шүүх хуралд УИХ-аас төлөөлөл явуулах шаардлагагүй, хуулийн байгууллагаас төлөөлөл явуулъя гэж шийдсэн. Ингээд төрийн мониторинг хийлгэх үүднээс авлигатай тэмцэх газрын төлөөлөгч, хуулийн байгууллагын нэг төлөөлөл явуулсан. Шүүхийн шийдвэр Монголд таагүй гарсан” гэв. Арбитраас анх “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгож байсан. Харин энэ мөнгөний хүү, арбитрын шүүхтэй холбоотой маргалдагч талын гаргасан зардал зэрэг нэмэгдсээр өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний байдлаар 172 сая ам.доллар болоод байв. Түүнээс хойш өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүү нь хоногт л 800-900 ам.доллар буюу ойролцоогоор 1.5 сая /2018.08.07-ны Монголбанкны ханшаар бодоход/ орчим төгрөг болж буй. Үүн дээр сая болж өнгөрсөн арбитрын шүүхэд маргалдагч буюу Стандарт банкны гаргасан зардлыг мөн нэмж төлөхөөр болчихлоо.
САНАЛ БОЛГОХ