Монголчууд өнөөдөр “ХОЁР МОНГОЛ”-д хуваагдлаа

UB Info

"Монголд өнөөдөр ходоодны, шударга ёсны өлсгөлөнгийн аль аль нь байна."

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхлөө. Та тойргийнхоо бүх хороогоор явж амжив уу?

Амжлаа. Бүх хороогоор явж, иргэдтэй уулзлаа. Би өмнө нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хоёр жил гаруй хугацаанд ажиллахдаа иргэдийн амьдрал хүнд байгааг, тэдэнд тулгардаг асуудлуудыг мэддэг байсан. Гэхдээ иргэдийн амьдрал өмнөхөөс ч дордсон байна. Дарга нарт хэлэхэд чих худалч, нүд үнэнч гэдэг шиг албан тушаалтны үгээр тайлан сонсох, өөрөө яг газар дээр нь яваад иргэдийнхээ амнаас сонсох хоёрт тэнгэр, газар адил зөрүү байна шүү. Ажилгүйдэл, ядуурал, худаг, ус, гэрэлтүүлэг, зам, тоглоомын талбай гээд шийдэх ёстой асуудал маш их байна.

-Энэ ялгааныхаа шалтгааныг нь олж харав уу. Таныхаар шийдэл нь юу вэ?

Өнөөдөр Монголд байтугай, миний нэр дэвшиж байгаа нэг дүүрэгт гэхэд “хоёр монгол”-ын хуваагдал бодитой бий болсон байна. Баян, ядуу гэж. Шударга хөдөлмөрийнхөө хөлсөөр чинээлэг, сайхан амьдарч байгаа бол тэднийг буруутгах аргагүй. Энэ бол бидний сонгосон нийгмийн онцлог. Яаж ч хичээгээд шөнийн бор хоолоо олж, өдөр хоногоо аргацааж ядаж яваа хэсгээ ч шууд буруутгаж бас болохгүй. Ядуу, ядруу амьдарч байгаа нь тэдний буруу ерөөсөө биш юм. Буруутан нь, төр буюу төрийн бодлогыг тодорхойлж ирсэн УИХ-ын гишүүдийн буруу. Иргэд сайхан амьдрах, ажлын байртай байх, орлоготой байлгахад шаардлагатай тэгш боломжоор төр хангаж чадсангүй. Хүн бүр адилхан байх албагүй гэдэг. Тэгвэл төр, засгийн бодлого, шийдвэр, төрөөс иргэддээ олгож байгаа боломжийн өмнө хүн бүр адилхан, тэгш эрхтэй байх ёстой. Төр, засаг энэ үүргээ биелүүлээгүй, иргэдийнхээ тэгш эрхийн төлөө бодитой ажлууд хийгээгүйн улмаас нэг хэсэг нь хаягдаж, өнөөдөр нэг улсын дотор баян, ядуу гэсэн “хоёр монгол” үүсчхээд байна. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдах, бодит амьдрал дунд явж үзэх хоёр огт өөр болохыг олон хүн мэдээсэй, мэдрээсэй гэж би үнэхээр хүсэж байна.

Та, бидний төлдөг татварыг эргээд бидний эх оронд, бидний үр хүүхдийн ирээдүйд өгөөжтэй байх зөв зүйтэй зүйлд зарцуулдаггүй байдал газар авлаа. Бид ч дорвитой шаардаж тэмцэл хийдэггүй, дэндүү хүлцэнгүй явж байна. УИХ-д сонгогдсон улс төрчид л хувийн бизнесээ тэтгэх, улс төрийн сонгуулийн оноо цуглуулах, УИХ-ын суудалдаа тэсч үлдэхэд бидний төлсөн татварын ихэнхийг зарцуулж, харин ард түмнээ амь тариа, дусал залгах төдийхнөөр хуурсаар, үүнийг иргэд бид мэддэг хэрнээ тэвчсээр, итгэсээр 30 жил явлаа.

Товчхондоо ард түмний төлсөн татварын өрмийг улс төрчид хамж, хусмыг нь ард түмний дунд цоорхой шуудайд хийсэн элс мэт талын нэг цацан халамжилсан дүр үзүүлдэг. Энэ бол өнөөгийн Монголын дүр төрх юм. Үүнийг өөрчлөх ганц шийдэл, бүрэн эрх мэдэл зөвхөн иргэдэд өөрт нь л бий. Тэр нь дөрвөн жилд ганц удаа олддог сонгох эрх. Иргэд шударга бус бүхний учир шалтгаантай нь тэмцэх ёстой. Өвчнөөр бол ханиад хүргэсэн вирусээ зөв оношилж, эмчлэх цаг болжээ. Бодит байдал дээр улс төрчид, намууд яадаг вэ гэхээр Таны бие халуурахаар шинж тэмдгийг дарах төдийд эм өгчхөөд, өөрсдөө хууль бусаар хөлжиж баяжаад, “ЖДҮ-дээд”, амьдрал нь тасраад явчихдаг. Иргэдийнхээ итгэлийг хулгайлдаг улс төрчидтэй, бизнесийнхнээсээ илүү орлоготой улс төрчидтэй ардчилсан улс орон Монголоос өөр байхгүй. Өнөөдрийн энэ болж бүтэхгүй бүхнийг өөрчлөх, иргэн бүр ажилтай, орлоготой болох, өөрөөр хэлбэл удаан явсан ханиадаа төгс эдгээх эм нь иргэн Таны сонгуулийн санал, сонгох эрх. Хэрвээ төсвийн бодлого нь шударга, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн байсан бол Монгол Улс ийм байдалтай, Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд амьдарч байгаа 800 мянган иргэн өнөөдрийнх шиг хүнд нөхцөлд аж төрөхгүй байсан. Одоо, хэрвээ Та өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус, үр хүүхдийнхээ ирээдүйд үнэхээр санаа зовж байгаа л бол тэгш эрхийнхээ төлөө тэмцэх ёстой. Төрийн бүх бодлого, үйл ажиллагаа шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд чиглэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Төрийн үйл ажиллагааг доголдуулаад байгаа, иргэнд очих ёстой мөнгөний талыг авилгаар “хусчхаад” байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцдог төрийн дэг журам, хуулийг шаардах хэрэгтэй. ЖДҮ-ийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг “цөлмөчихсөн” нөхдүүд УИХ-д дахин нэр дэвшиж байгааг эсэргүүцэх ёстой. Эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах нь шударга ёс тогтоохоос, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байхаас эхэлнэ.

-Та сая иргэдийн амьдрал хүнд байгааг ярилаа. Амьдрал хүнд, иргэд ядуу байгаа нь эдийн засгаар шууд илэрхийлэгдэнэ. Гэтэл УИХ-ын гишүүн тухайн айлд мөнгө өгдөггүй, тойрогтоо зам барьдаггүй, нэг ёсондоо хэрэгжүүлэгчийн ажил хийх ёсгүй хүмүүс. Зөвхөн хууль батлах үүрэгтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн болсноор энэ хүмүүсийн амьдралыг сайжруулахад яаж туслах юм бэ?

Хууль, эдийн засаг хоёр бол нэг зоосны хоёр тал. Эдийн засаг нь төрийн бодлого, хуулийн хүрээнд зохицуулагдаж, улсын төсвийн санхүүгийн бодлогоор дэмжигдэж байдаг харилцаа. Өнөөдөр цалин, орлого, бизнесийн үйл ажиллагаа, тэтгэвэр, тэтгэмж гээд бүгд төрийн хуулийн хүрээнд зохицуулагддаг. Төрийн хуулийг зөвхөн УИХ баталдаг. Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн эрх зүйн орчин байна уу, аж ахуйн нэгжүүд ашиг орлоготой байх уу, ажлын байр бий болгох уу гэдэг нь УИХ-аас баталж байгаа хуультай шууд холбоотой. Энэ бүхнийг хуулиар бий болгодог. Нөгөө талаар, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд тавих нь хууль тогтоох байгууллага-УИХ-ын үндсэн чиг үүрэг. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавин Хянан шалгах түр хороо байгуулж ажиллуулах боломж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон. Шударга бус байдал ноёлсон байгаа энэ үед Хянан шалгах түр хороо Улаанбаатар хотын газар олголт, ашиглалтын асуудал ямар түвшинд байна вэ, иргэнд очих ёстой газрыг албан тушаалтнууд яагаад авлига, хээл хахуулиар өөр хүмүүст өгөөд байна вэ, Цэцэрлэгт хүрээлэнд тоглоомын талбай барьж байх ёстой газар яагаад иргэнд очихгүй, ААН-д очив зэрэг асуудлыг хамгийн түрүүнд шалгах ёстой.

Сонгууль болгоны дараа 20-30 мянган төрийн албан хаагчийг халж байна. Энэ нь Монгол төрийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг. Үүнийг зогсоохыг Хянан шалгах түр хороо хариуцаж ажиллах ёстой. Өнөөдөр ард түмэн “би мөнгөгүй байна, би дарга захирал болсонгүй, би компанийн захирлуудтай адил том машин унаж, том байшинд амьдарсангүй” гэж бухимдаад байгаа юм үнэн хэрэгтээ байхгүй шүү. Ганцхан шударга бус байдал нийгэмд ноёлсонд, хууль болон төрийн бодлого шийдвэрийн өмнө иргэд ижил тэгш бус байгаад л бухимдаад байгаа. Иргэд амьдралаа залгуулахын тулд бизнесийн, ахмадууд эмээ авахын тулд тэтгэврийн зээлийг 10-20 хувийн хүүтэй авч байхад, УИХ-ын гишүүд, улс төрийн намд хамааралтай нөхдүүд ЖДҮ хөгжүүлэх сангаас гуравхан хувийн хүүтэй зээл авч, тэгээд дээр нь хүү нэмээд ард түмэндээ дамжуулан зээлж дундаас нь мөнгө хүүлж байгаа шударга бус явдалд л бухимдаад байгаа юм. Өнөөдөр, 2020 оны байдлаар Монгол Улсын гадаад өр 30.6 тэрбум ам.долларт хүрч, нэг монгол хүнд 28.3 сая төгрөгийн өр ногдож байна. Эсрэгээрээ өрхийн нэг гишүүн нь багадаа 28 сая төгрөгийн хадгаламж, орлоготой байх байтал бидний сонгосон улс төрчдийн балгаар нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орж явна. Ийм ирээдүйг бид хүсээгүй, бас удаан тэвчихгүй.

-Монголын нийгэм, монгол айл өрхүүд ядуу амьдарч байгаагийн шалтгаан нь хууль буруу, алдаатай байгаатай холбоотой гэж хэлж байна уу?

-Одоо мөрдөгдөж байгаа хуулиуд шударга ёсны, тэгш байдлын зарчмуудыг хангахаа больчхоод байна. Яагаад өнөөдөр авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр, эсвэл Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болоод байгаа юм бэ. Гэтэл ардын хүүхэд хорих ял авч яс суугаад гарч байна. Энэ шударга ёс мөн үү.

-Монголд ходоодны өлсгөлөн, шударга ёсны өлсгөлөнгийн аль аль нь байна. Таныхаар энэ хоёрын алийг нь эхэлж шийдэх ёстой вэ?

Бид “Нэг хүнд ногдох ДНБ нь өндөр, баян, хөгжсөн орнууд биднээс юугаараа ялгаатай байна вэ” гэдгийг өөрсдөөсөө нэг асууж үзмээр байгаа юм. Тэдгээр улс оронд хуулийн засаглал, шударга ёс, мэргэжлийн төрийн аппарат үйлчилж байна. Намын ямар нэгэн үзэл бодол, ялгаварлал байхгүйгээр иргэддээ тэгш үйлчилж чадаж байна. Энэ чинь л хуулийн засаглал. Хуулийн засаглал үйлчилж байгаа газарт эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болж байдаг. Иймд эхлээд хуулиа засах ёстой. Нэг ёсондоо шударга ёсны өлсгөлөнгөө шийдчих юм бол эдийн засаг аяндаа өснө. Өнөөдөр бизнес эрхлэгчдээс асуувал бүгд авлига, хүнд сурталтай нүүр тулсан гэдгээ хэлнэ. Нам дагасан, улстөрчдийг дагасан хүмүүс л хожиж, тэд л тендер, концессыг авч байна. Өөрөөр хэлбэл, чөлөөт өрсөлдөөн алга. Чөлөөт өрсөлдөөнгүй газар эдийн засаг хөгжихгүй. Тиймээс энэ бүхний суурь шалтгаан болох хууль, төрийн асуудлыг эрэмбийн нэгдүгээрт шийдвэрлэх ёстой.

-Та өмнө нь ЗГХЭГ болон НЗДТГ-т ажиллаж байсан. Түрүүнд хэлсэн олон асуудал, шударга ёсны өлсгөлөн зэргийг сонгуульд нэр дэвшээд л мэдэрчхэв үү? Өмнө нь эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байхдаа мэдрээгүй байсан гэсэн үг үү?

Мэдрээгүй биш, харин ч би эдгээр шударга бус зүйлийн эсрэг тэмцэж байсан. Хоёрхон жишээ хэлье. Би НЗДТГ-т ажиллаж байхдаа 80 га газрыг чөлөөлөх ажлыг удирдсан. Өнөөдөр тэр газруудад тоглоомын талбай, спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байна. Өмнө нь нэг дарга руу утасдаад л болчихдог, нэг дарга руу утасдаад л нөлөөлчихдөг байсан тэр асуудлыг бид байхгүй болгож чадсан. Хууль бусаар, буруу аргаар олж авсан газрыг эргээд хотдоо авч, иргэнд нь зориулж өгсөн. Мөн биднийг нийслэлд ажиллаж байхад Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 300-400 айлын дунд бичил дэд бүтэц бий болгож цэвэр, бохир, дулаанаар хангаад, гэрэлтүүлэг, зам, камер, ногоон байгууламж, хашаа хорооны тохижилтын асуудал зэргийг цогцоор нь шийддэг “Сервис центр” төсөл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хоёр байршилд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Мөн бид Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг гаргуулж, 130 гаруй айлыг тохилог орон сууцтай болгож байлаа. Цаашид эдгээр төслийг өргөжүүлж Өмнөд Солонгосын “Шинэ тосгон” гэдэг кампанит ажил шиг “Шинэ гэр хороолол” гэдэг төсөл болж хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Хоёр дахь нь?

Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа Монголын төсвийн орлогын 40-50 хувийг бүрдүүлдэг, монголчуудыг тэжээж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хуулийн хүрээнд, УИХ-д мэдэгдэж шийдэх ёстой гэдэг байр суурийг хатуу илэрхийлж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ Монголын ард түмнийг төлөөлөн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-д заавал танилцуулж, зөвшөөрөл авахгүйгээр хийвэл маш буруу, хууль бус шийдвэр болно гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр сануулж хэлсэн хоёр хүний нэг нь би. Энэ тухай Засгийн газрын хуралдааны протоколд ч бий. Хэрвээ бидний хэлснээр, бидний мэргэжлийн зөвлөгөөг сонссон бол “Эрдэнэт”-ийн асуудал өнөөдөр ийм байдалд хүрэхгүй, хуулийн дагуу шийдэгдэх байсан. Адаглаад л өнөөдрийнх шиг зарим хүн хууль шүүхийн байгууллагаар шалгагдахгүй байх байсан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал хууль зүйн хувьд өнөөдөр бүрэн шийдэгдсэн үү, одоог болтол маргаантай байгаа юу?

УИХ-ын шийдвэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн мэдэлд ирсэн. Харин шүүхийн шийдвэрээр бол маргаантай хэвээр байгаа. Асуудал бүрэн шийдэгдээгүй гэсэн үг. Зарим улстөрч “Эрдэнэт”-ийн асуудлыг улстөржүүлээд байгаагаас биш, ард түмэндээ ашигтайгаар шийдье гэж зүтгэхгүй байна. Одоо сонгуулийн дараа юу болохыг бид мэдэхгүй. “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоогоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Яг үнэндээ тэнд юу болж байгааг хэн ч мэдэхгүй.

-Таныхаар энэ маргааныг аль талд, ер нь яаж шийдэх ёстой вэ?

Монгол Улсын иргэний хувьд хувийн бодлоо хэлье. Эцсийн дүндээ “Эрдэнэт” үйлдвэр бүхэлдээ Монголын ард түмний л өмч байх ёстой. Одоо бол хамгийн том аюул нь энэ үйлдвэр нэг бүлэглэлийн мэдэлд орох, эсвэл төрийн нэрээр хэсэг хүмүүсийн тендер шахаж, баяждаг нөгөө л хуучин арга үргэлжлэх гээд байна. Үйлдвэрийг энэ хоёр бүлэглэлийн алинд ч өгч болохгүй, Монголын ард түмний л мэдэлд очих ёстой. Тийм цаг үе нь болсон. Учир нь энэ үйлдвэр аль хэдийнэ зардлаа нөхчихсөн, төсвийн өмнө хүлээж байгаа үүргээ амжилттай биелүүлж яваа.

Ард түмний хяналт дор “Эрдэнэт” үйлдвэрт сайн засаглал, ил тод, нээлттэй байдал бий болно. Барууны томоохон компаниуд хүртэл нээлттэй байдал руу шилжиж байна. Ганц өмчлөгчтэй компани гэж бараг байхгүй болсон. Зарим тохиолдолд томоохон монополь компаниудыг төрийн бодлогоор задалж байна. Ганц “Эрдэнэт” үйлдвэрт биш, бусад стратегийн ордууддаа зориулж бид тусгай хууль баталж болно шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар хууль санаачилж, энэ хуулийн хүрээнд тус үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шүүхийн маргааныг Монголын нийт ард түмэндээ, монгол хүн бүрт ашигтай, өгөөжтэй байдлаар эцэслэн шийдэх боломжтой гэж үздэг.

-Та УИХ-д сонгогдлоо гэж бодоход өмнөх улстөрчид шиг ЖДҮ-чин болохгүй гэх баталгаа бий юү? Үүнийг сонгогчид яаж мэдэж, ялгаж салгах вэ?

Ёс зүй хамгийн чухал. Миний хувьд өмнө нь ямар нэгэн байдлаар албан тушаал, мэдээлэлд ойр байдаг давуу талаа ашиглаж өөртөө авсан, ашигласан зүй бус, хууль бус үйлдэл нэг ч байхгүй. Миний ажилласан зам, мөр маань цагаан гэж хэлнэ. Миний ах дүү нараас төрийн албанд ажиллаж байгаа нэг ч хүн байхгүй. Ахыгаа, дүүгээ, эхнэрийгээ төрийн албаны нэг ажилд оруулчихъя гэж байсан тохиолдол надад байхгүй. Манай аав ч ийм зарчимтай хүн байсан. Би ч энэ зарчмыг нь үргэлжлүүлж ажилладаг. Надад амьдрах шунал байгаа болохоос албан тушаалын шунал байхгүй. Хүний амьдрал хязгаартай, хугацаатай шүү дээ. Нэртэй төртэй амьдаръя гэвэл ард түмнээсээ хулгайлж болохгүй, олон түмнийг хуурч болохгүй гэдгийг би сайн мэднэ. Энэ бол миний ааваас бидэнд өвлүүлсэн хүмүүжил.

Ер нь бид нийгмээрээ сайхан амьдарвал хаялга дор миний амьдрал ч сайжирна. Гэтэл нийтээрээ сайхан амьдрах боломжийг нэг биедээ хулгайлж амьд яваад яах юм бэ. НҮБ-ын судалгаагаар өнөөдөр Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу түвшинд амьдарч байна. Үүнд төр засаг, УИХ-ын гишүүд бодлогоор анхаарал хандуулахгүй бол нэг л өдөр тэсэрнэ шүү. Бослого, хөдөлгөөн, үймээн самуун гэдэг зүйл маш жижиг зүйлээс үүдэлтэй байдгийг, олон хүнд олон жилийн турш хуримтлагдсан бухимдал нэг тэсрэхээрээ яаж нийтийн эмх замбараагүй байдал болдгийг одоо АНУ-д болж буй үйл явдал бодитой харуулж байна. Томоохон ААН-үүд, бүлэглэлүүд улс төрд өөрийн гар хөлөө шургуулж бизнесээ хамгаалах, өөрт ашигтай шийдвэр гаргуулдаг явдлыг таслан зогсоох цаг болсон. Нөгөө талаар монголчуудыг талцуулж, хувааж, сонирхолтой гадаад орнуудын ашиг сонирхол гэж бий. Улс орон гэж байдаг бол, төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг бол үүнд анхаарах ёстой. Үүнд эсрэг хувь нэмрээ оруулж тэмцэх нь миний үүрэг.

-Та тэгэхээр улс төрч болохоор шийдсэн гэсэн үг үү?

Тийм.

-Та өөрийгөө сайн хуульч байх эсвэл Монголын нөлөө бүхий том намаас биш дуу хоолой багатай эвслээс намаас дэвшиж ялсан 76 гишүүний нэг байх хоёрын аль нь Монголын нийгэмд хэрэгтэй гэж үзэж байна вэ?

Бид одоо намчирхаж, талцдаг цаг өнгөрсөн. Монгол Улсад нийтлэг эрх ашиг гэж бий. Тэр нь Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, ард иргэдийнх нь чинээлэг амьдрал, ажлын байр, шударга ёс, тэгш байдал байх ёстой. Нийтлэг эрх ашиг гэдэг бол намчирхах асуудал биш. Өнөөдөр улс төрийн бүх намд шударга, зөв хүмүүс байгаа гэдэгт би итгэж байгаа. Тийм учраас шударга хүмүүстэй хамт явах, шударга ёсны талд баттай зогсож явах нь л миний нийгэмдээ оруулах хамгийн том хувь нэмэр.

-Та сонгуулийн дараах Монголын ирээдүйг ямар байдлаар харж байна вэ?

Амны билгээс ашдын билэг гэдэг. Мэргэжлийн ур чадвараас гадна ёс зүйтэй төрийн түшээд бүхий чадварлаг УИХ бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. УИХ, хууль тогтоогчид нь ёс зүйтэй, нэр цэвэр, бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэггүй байх ёстой. Одоо бол УИХ бүлэглэлийн төлөөллөөр дүүрээд байна. Намуудын нэр дэвшүүлэх процедур ч ийм байдал руу орсон нь сая харагдлаа. Үнэхээр ард түмний амьдралд түшиг болж чадах хүнийг УИХ-д оруулаад байна уу, эсвэл өндөр татвар төлж, хандив өгч, намын үйл ажиллагааг санхүүжүүлдэг төлөөлөл нэр дэвшээд байна уу гэдгийг харж, бодох ёстой. Энэ бүхний эцэст бидэнд өөрчлөлт л хэрэгтэй. Сайхан ирээдүй бүтээх, хойч үедээ амар амгалан нийгэм үлдээх чин хүсэлтэй монгол хүн бүр үр хүүхдээ бодож, тэдэндээ үлдээх нийгмийг нүдэндээ төсөөлж, өнөөдөртэйгөө харьцуулж саналаа өгвөл, сонголт хийвэл сонгуулийн маргааш гэрэлтэй л харагдаж байна. Улс төрчдийн хүсэл, бас шунал нь хязгааргүй байж болно. Харин ард түмний тэвчээрт хязгаар бий, байх ч ёстой. Тэр хүлээс алдрахыг хүлээвэл арай өөр дүр зураг харагдахыг үгүйсгэхгүй л юм.

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийн сонгуулийн штабаас бэлтгэв.

САНАЛ БОЛГОХ