Ковид-19-н эсрэг вакцин хүний биед ороод хэрхэн ажилладаг вэ?

UB Info

Монгол улс маань бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед Германд төвтэй “BioNTech” компани “Ковид-19”-ийн эсрэг 90 хувь дархлаа тогтоох боломжтой вакцин гаргасан гэдгээ мэдэгдсэн.

Уг сэдвийн хүрээнд мэргэшсэн багштайгаа ярилцсаны дүнд та бүхэндээ дараах бяцхан мэдээллийг хүргэхээр шийдлээ. РНХ-д суурилсан вакцины технологи Коронавирусын эсрэг уг вакцины мэдээллийг РНХ болон нанопартикл буюу нано жижиг хэсэг дээр тулгуурлан бүтээсэн байна.

Ингэхдээ ямар нэгэн липид буюу тосны нанопартиклыг зөөвөрлөгч болгон ашиглана. Нөгөө талд коронавирусын гадаргуугийн уураг болох Spike гэх уургийн мэдээллийн РНХ-г хиймлээр гарган авна. Ингээд зөөвөрлөгч нанопартикл дээрээ суулгаж өгнө. Уг байдлаар шинэ вакциныг гаргаж авч байна.

Харин уг вакцин нь хүний биед ороод хэрхэн ажилладаг болохыг сонирхъё.

Тосны нанопартикл нь хүний биед орсноор эсийн гадаргууд очиж дотроо агуулагдах мэдээллийн РНХ-г эсэд нэвтрүүлнэ. Эсэд нэвтэрсэн мэдээллийн РНХ нь эсийн дотоод бүтэц болон орчныг ашиглан өөр дээрээ хадгалагдаж буй мэдээллийн дагуу уургийг нийлэгжүүлнэ. Уг РНХ нь “Ковид-19”-ийн гадаргуугийн бүтцийн мэдээллийг хадгалсан учир нийлэгжсэн уураг нь эсийн гадаргууд гарна. Ингэснээр хүний дархлааны систем биед гаднын биет орсныг таньж биед уг уургийн эсрэг дархлаа тогтоно. “Ковид-19” вирус хүний биед халдварлахад уг уургийн эсрэг үүссэн дархлааны тусламжтай вирусыг таньж устгана.

Нэмэлт:

- Мэдээллийн РНХ нь генетик мэдээллийн дагуу уураг нийлэгжихэд зуучилж өгдөг завсрын үүрэгтэй биологийн макро молекул бөгөөд тогтворгүй нэгдэл юм.

- Уг вакцин нь -70-80 градус цельсэд зөөвөрлөх ёстой гэдэг нь мэдээллийн РНХ-ийн тогтвортой байдлыг ханган зорилготой. Мөн мэдээллийн РНХ-г тогтвортой байлгахын тулд нэмэлтээр тогтворжуулагч бодис хийж өгөх боломжтой.

- АНУ-д хийгдсэн вакцин мөн уг аргыг ашигласан байна.

- Зөөвөрлөгч тосны нанопартикл нь олон төрөл байдаг ба хэмжээний хувьд ялгаатай байдаг.

Уг вакцинд ашигласан липид нь ямар төрөл болон ямар хэмжээтэйг “BioNTech” компаниас мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Ж. Болдбаатар, MD (Анагаах ухааны доктор)

САНАЛ БОЛГОХ